Улаанбаатарт урлагийн бүтээл үзэхийн тулд заавал тасалбар авах шаардлагагүй. Энэ өдрүүдэд хотын өөр өөр орон зайд уран зураг, гэрэл зураг, орчин үеийн урлагийн үзэсгэлэнгүүд үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрч байна. Ингээд танд яг одоо үзэх боломжтой 5 үзэсгэлэнг танилцуулж байна.
1. Уран бүтээлч Энхболдын Орхон - “On The Way Back Home”
Хугацаа: Аравдугаар сарын 5-н хүртэд
Хаана: Улаан гэр арт галерей
Уран бүтээлч Энхболдын Орхоны бие даасан “On The Way Back Home” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнгээр гадаад болон дотоод ертөнцийн харилцан хамаарал, хүний доторх намуухан дуу хоолой, дарагдсан мэдрэмжүүдийг хөндөж, өөрийгөө сонсох тухай уран бүтээлчийн эрэл хайгуулыг өгүүлнэ.
2. Уран бүтээлч С.Дуламсүрэн “Дурсамжийн археологи“
Хугацаа: Аравдугаар сарын нэгэн хүртэл
Хаана: khukhnar сав арт галерай.
Уран бүтээлч С.Дуламсүрэнгийн “Дурсамжийн археологи” бие даасан үзэсгэлэн өнгөрсөн үеийн дурсамж, мартагдсан мөчүүдийг дахин нээж, тэдгээрийн хооронд шинэ холбоос үүсгэх тухай өгүүлнэ. Аавын тэврэлт, ахын бэлэг зэрэг энгийн атлаа үнэ цэнтэй дурсамжуудыг бараан, гэгээлэг хэмээн ялгалгүй нэгэн бүхэлд сүлжсэн бүтээлүүд нь өнгөрснөө хүлээн авч, өөрөөр ойлгох уран бүтээлчийн эрэл хайгуулыг илэрхийлнэ. Өнгөрснөө дахин унших аялалд нэгдэж, дурсамжийн давхарга бүрийн цаана нуугдсан өөрийн түүхийг нээгээрэй.
3. Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн "Намар" уламжлалт үзэсгэлэн
Хугацаа: Есдүгээр сарын 30 хүртэл
Хаана: Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей
4. Ганбилэгийн Гүндарь “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд“
Хугацаа: Аравдугаар сарын 15 хүртэл
Хаана: ХУД, Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Хойно NM tower, Б блок, 2 давхарт
Ганбилэгийн Гүндарь 17 жилийн турш Монголын Бурханы шашны уламжлалт шүтээн урлалд суралцаж, бүтээлээ туурвиж иржээ. Түүний анхны бие даасан “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” үзэсгэлэн уламжлалт урлахуй ухааны өвийг орчин үеийн уран сайхны хэлээр илэрхийлж буйгаараа онцлог. Түүнчлэн эмэгтэй уран бүтээлчийн өнцгөөс шүтээн урлалын уламжлалыг таниулж, залуу үеийнхэнд бүтээлч сэдэл өгөхийг зорьжээ.
5. Хэллэгийг илэрхийлэхүй
Хугацаа: Аравдугаар сарын 10 хүртэл
Хаана: ЛХАМ Галерей
“Хэллэгийг илэрхийлэхүй” олон улсын үзэсгэлэн Лхам галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол болон олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүд дэлгэгдсэн аж. Монголын уран бичлэгийн уламжлалыг хиймэл оюун, дижитал технологи, мультимедиа урлагтай холбон шинэ өнцгөөс авч үзжээ. Хүний гарын хөдөлгөөн, машины үйлдэл, уламжлал, технологийн огтлолцлыг бүтээлүүдээрээ дамжуулан харуулсан нь тус үзэсгэлэнгийн гол онцлог гэнэ.
