UBLife Logo
Newsfeed
15 настайдаа доктор болсон хүүгийн шинэ судалгаа

15 настайдаа доктор болсон хүүгийн шинэ судалгаа

Өнөө цагийн Эйнштейн хэмээн нэрлэгддэг Бельгийн Лоран Симонсийн талаар та сонсож байсан уу? Өдгөө 16 настай тэрээр 15 насандаа квант физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. Харин одоо анагаах ухаан, хиймэл оюун ухааны огтлолцолд хүний хөгшрөлт болон эрүүл насыг уртасгах боломжийг судалж байна.

Лоран Симонс бага наснаасаа академик амжилтаараа олны анхаарлыг татсан. Тэрээр 11 насандаа физикийн бакалаврын зэрэг, 12 насандаа квант физикийн магистрын зэрэг хамгаалж, 2025 онд 15 настайдаа квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ.

Харин одоо тэрээр квант физикээс анагаах ухаан, хиймэл оюун ухааны салбар руу чиглэлээ өргөжүүлж, Мюнхен дэх судалгааны орчинд биологийн өгөгдлийг AI ашиглан шинжлэх чиглэлээр ажиллаж байна. Түүний шинэ судалгаа нь хүний хөгшрөлтийн үйл явцыг илүү сайн ойлгож, эрүүл насыг уртасгах боломжийг судлахад чиглэжээ.

Түүний шинэ судалгааны талаар

Симонс хамтран оролцсон 2026 оны “Nature “ сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд “MouseMapper” хэмээх гүн сургалтын системийг ашиглан өвчний үед биеийн олон эрхтэн, эдэд үүсэх өөрчлөлтийг нэг дор шинжлэх арга боловсруулжээ. Тус систем нь хулганы биеийн 31 төрлийн эрхтэн, эдийг автоматаар ялган шинжилж, мэдрэлийн болон дархлааны эсүүдийн өөрчлөлтийг бүх биеийн түвшинд зураглах боломжийг судалж хөгжүүлсэн байна.

Энгийнээр тайлбарлавал, зөвхөн нэг эрхтнийг тусад нь судлахын оронд “Биеийн нэг хэсэгт гарсан өөрчлөлт бусад эрхтэн, эдэд хэрхэн нөлөөлж байна вэ?” гэдгийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүх биеийн түвшинд харах арга юм. Судалгааны баг “MouseMapper”-ийг ашиглан хооллолтоос үүдэлтэй таргалалтын үед мэдрэлийн болон дархлааны тогтолцоонд гарч буй өөрчлөлтүүдийг судалсан байна. Судалгаагаар мэдрэлийн бүтцийн өөрчлөлт болон үрэвслийн шинж тэмдгүүдийг биеийн олон хэсэгт нэгэн зэрэг илрүүлэх боломжтойг харуулжээ.

Гэхдээ энэ судалгаа хүний хөгшрөлтийг удаашруулсан эсвэл хүний насыг уртасгасан үр дүн гаргасан гэсэн үг биш. Харин өвчин болон биологийн өөрчлөлтийг бүх биеийн түвшинд илүү нарийвчлалтай судлах хиймэл оюунд суурилсан шинэ арга боловсруулсан нь судалгааны гол ач холбогдол юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...