UBLife Logo
Спорт

"Алтан мужийн дайчид" Хавайд бэлтгэлээ базаана

"Алтан мужийн дайчид" Хавайд бэлтгэлээ базаана

NBA-ийн (National basketball association буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо) 81 дэх буюу 2026-2027 оны тоглолтын улирал эхлэхэд 23-хан хоног үлдлээ. Өнөөдрөөс багууд хөл, хөдөлгөөнд орж эхэллээ. Багууд хэвлэл, мэдээллийнхэнд зориулсан албан ёсны media day-гээ зарлаж, бэлтгэлийн баазынхаа хаалгыг нээхэд бэлэн болжээ.

Өнөөдөр (09.28) Сан Франциско хотын "Chase center" ордныг зорьж, "Голден стэйт уорриорз" багийн "Хэвлэлийн өдөр"-т оролцлоо.

Энэ өдрөөр багууд хэвлэл, мэдээллийнхэнд шинэ улирлын зорилго, төлөвлөгөө, бүрэлдэхүүнээ танилцуулж, тоглогчид  танилцуулганы зураг авалтад оролцдог. Энэ зун томоохон наймаа хийгээгүй "Голден стэйт уорриорз" багийнхаа нүүр царай болсон супер од Стефен Көрритэй хэдхэн хоногийн өмнө шинээр гэрээг сунгасан. НБА-ийн бүх цаг үеийн "мэргэн бууч" Көрри хоёр жилд 116 сая долларын "баталгаат" гэрээ ирэх зунаас хэрэгжинэ. Харин сүүлийн жил буюу 2028/29 оны улирлын гэрээний эрх тоглогчийн мэдэлд.

Үүнээс илүү өндөр дүнтэй гэрээ байгуулах боломж байсан ч Стеф авч болох боломжит дүнгээс 21 сая долларыг багтаа ирэх зун бүрэлдэхүүнээ зузаатгахад зориулж "хандивлав". Тэрбээр бүх замналаа өнгөрүүлж буй багаа өрсөлдөөн үзүүлэх хэмжээний баг байлгахыг хүсч байгаа нь тодорхой. Багт ч, Стефт ч хэн хэнд нь тун ашигтай гэрээ боллоо.

Дрэймонд Грин, Эл Хорфорд, Кристапис Порзингис, Гэри Пэйтон нарын ахмадуудтай үргэлжлүүлэн шинэ гэрээ байгуулсан "Дайчид" драфтаар 11 дэх сонголтоор авсан Яксель Лендеборгт багагүй найдвар тавьж буй.

Энэ жил NCAA -ийн аварга болсон Мичиганы их сургуулийн багийн гол тоглогч, 23 настай Яксель өнгөрсөн зун "Голден стэйт уорриорз"-ийг NBA Summer league-д түрүүлэхэд багаа манлайлсан төдийгүй тэмцээний болон финалын МVP (хамгийн үнэ цэнтэй тоглогч)-оор шалгарсан. 206 см өндөр, 109 кг жинтэй шинэ "дайчин" дөрвөн жилийн 28,1 саяын гэрээ байгуулаад (12,5 саяын баталгаатай, сүүлийн хоёр жилийн гэрээ багийн мэдэлд) байгаа юм.

Өнгөрсөн улирлын дундуур маш хүнд гэмтэл авсан Жимми Батлер, Мозес Мүүди нар бүрэн эдгэрэх болоогүй, улирлын эхний тоглолтуудад оролцохгүй ч багийнхаа хамт бэлтгэлийн цугларалтад гарах аж. Жимми он гарахаас наана талбайдаа эргэн ирж магадгүй гэнэ.

Харин Кристапас Порзингис өнгөрсөн долоо хоногт гэмтэл авсан тул нэгдсэн бэлтгэлд оролцохгүй болсон байна.

Маргааш "Дайчид" Хавай арал руу нэгдсэн бэлтгэлд (9.29-10.03-нд) хамрагдахаар нисэх бөгөөд аравдугаар сарын дөрвөнд энэ улирлын өмнөх анхны тоглолтоо Хавайд "Лос Анжелес клипперс"-тэй хийхээр товложээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...