"Айчи-Нагояа 2026" наадмын Монголын багийн анхны алтан медалийг жүдогийн шигшээ баг авчирсан билээ. Монголын жүдо бөхийн шигшээ баг 2014 оны Инчоны Азийн наадмаас хойш 12 жилийн дараа Азийн наадмын алтан медалийн буухиагаа ийнхүү үргэлжлүүлж байна. К.Ёолк Монголын жүдо бөхийн түүхэнд Азийн наадмын аварга болсон найм дахь жүдоч болсон.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг жинд Т.Ариунзаяа Азийн наазмын аварга болсон ес дэх жүдоч болохоор татами дээр гарсан. 18 настай манай залуу мастер тун чамбай барилдсаар финалд шалгарсан. Тэрээр эхний тойрогт Тайландын Аккажан Камолваныг ялаад шигшээ наймд Энэтхэгийн жүдоч Моурье Яминиг юүкогоор ялсан. Хагас шигшээд 2026 оны Азийн аваргын финалд учраа таарч, ялагдаж байсан БНАСАУ-ын Ким Хён А-г нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялж, даагаа нэхсэн билээ.

Алтан медалийн төлөөх барилдааны өрсөлдөгч нь БНСУ-ын бөх, Парисын олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга Хух Мими байлаа. Барилдаан эхлээд л Хух Мими үүрч, юүко авсан.

Манай Т.Ариунзаяа бүтэн барилдааны турш хашир аваргаас юугаар ч дуталгүй, сайхан өрсөлдсөн ч эхний тэр юүко оноогоо нөхөж чадалгүй, харамсалтай ялагдлаа. Гэхдээ Азийн наадмын мөнгөн медаль хүртэж чадсан сайхан амжилттай эх орондоо харих болсон.
Гэрэл зургийг Ч.Ганбат MSPA

