“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын “Mobile Legends: Bang Bang” төрөлд өрсөлдсөн манай шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Энэ төрөлд 11 орны 63 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг эхний тоглолтдоо Камбожийг буулган авсан юм. Улмаар хасагдах шатанд Хятадын Хонконгийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган хүрэл медалийн болзол хангасан. Харин мөнгөн медалийн төлөөх тоглолтдоо Индонезийн шигшээ багт 0:2-оор ялагдал хүлээснээр хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ баг Ханжоуд мөнгөн медаль хүртэж байсан нь Азийн наадмын электрон спортын төрлөөс хүртсэн манай улсын анхны медаль болж байв. Харин тус буухиаг MLBB шигшээ баг үргэлжлүүлэн Азийн наадмын электрон спортын төрлийн хоёр дахь, MLBB төрлийн анхны медалийг авч буй нь энэ юм. Энэ бол манай улсын “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын тав дахь медаль байлаа.
