Азербайжаны Бакуд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёрдахь өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг жингийн барилдаанууд явагдлаа. Үр дүн спорт сонирхогчдын хүлээлтийн дагуу болсон ч үнэндээ ах дүү хоёр Абэ тун их чардайж байж, дэлхийд дахин түрүүллээ.
Хифүми Абэ энэ тэмцээнд заавал түрүүлэх даалгавартай байсан. Тэрээр жингийнхээ өрсөлдөгч Такэши Такэокатай хагас шигшээд таарч ялсан ч олон хүн шүүгчдийн шийдвэрт эргэлзэж байлаа. Форм муутай мэт харагдаж байсан Абэ туршлага, классаараа дэлхийн аварга боллоо.

Эрэгтэй 66 кг жинд япончууд 11 жил дараалан дэлхийн аварга цолоо алдахгүй байна. Энэ жинд хамгийн сүүлд аварга болсон япон биш жүдоч бол 2015 онд түрүүлсэн БНСУ-ын Ан Баул байлаа. Хифүми Абэ дэлхийн аваргын улаан нэр дэвсгэрээ авсан ч 2028 оны олимп хүртэл зүүхгүй, олимпын алттайгаа барилдах болно. Хифүми дэлхийн 5 удаагийн аварга боллоо.

МУГТ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө отгон дэлхийн аварга Японы Такэши Такэокатай барилдаж, ялагдсанаар шагналт байрт шалгарсан. Нөгөө хүрэл медалийг Денис Виеру туршлага заан авлаа.

Түүний дүү Үта Абэ 26 настайдаа дэлхийн 6 удаагийн аварга болж байна. Ганц түрүүлэхэд домогт Рёока Танитай зэрэгцэх ч Тани ДАШТ 2 жилд нэг удаа зохиогддог үед дэлхийд түрүүлж байсан тул харьцуулах боломжгүй юм. Үтагийн хувьд ч тэсрэлт саарч, чухал хоёр барилдаанаа торгуулиар ялж, аварга боллоо. Испанийн Ариане Торо Солер тун сайн барилдсаар мөнгөн медаль авсан бол бас нэг испани бүсгүй Аюми Лейва Санчез манай Б.Уранзаяаг давж, хүрэл медаль хүртсэн. Италийн Одетт Жуффрида хүрэл медаль авсан бөгөөд тэрээр “Physical: 100 Итали” тэмцээнд оролцож байгаа билээ.
Эрэгтэй
66 кг

1. АБЭ Хифүми (Япон)
2. ГАРСИЯ ТОРН Дэвид (Испани)
3. ВИЕРУ Денис (Молдав)
3. ТАКЭОКА Такэши (Япон)
Эмэгтэй
52 кг

1. АБЭ Үта (Япон)
2. СОЛЕР Ариан (Испани)
3. ЛЕЙВА САНЧЕС Аюми (Испани)
3. ЖУФФРИДА Одетт (Итали)

