UBLife Logo
Спорт

Жүдо ДАШТ: 73 кг, 57 кг жинд хэн түрүүлэх вэ?

Жүдо ДАШТ: 73 кг, 57 кг жинд хэн түрүүлэх вэ?

Энэ сарын 4-нд Азербайжаны Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Одоогийн байдлаар хөнгөн 4 жингийн барилдаан болж, Япон, Испани улсууд медалийн тоогоор тэргүүлж байна. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг жингийн барилдаантай.

Эмэгтэй 57 кг

Дэлхий, Европын отгон аварга, Гүржийн Этери Липартелиани цолоо хамгаалж, дэлхийд дараалан түрүүлэхээр бэлтгэж байна. Түрүүлэх боломж хамгийн өндөр бөх.

Харин түүний гол өрсөлдөгч нь олимпын медальт Францын Сара Леони Сисик.

Япончууд энэ жинд бөхөө давхарласан. Момо Тамаоки, Омори Акари нар иржээ.

ОХУ-аас мөн хоёр тамирчин байгаа нь Ирина Зуева, Ольга Мухина.

Битүү морьд – Сербийн Марица Перишич, Бразилын Жессика Лима, Германы Сейжа Баллхаус.

Манай улсаас хоёр бөх зодоглоно. В хэсэгт Т.Ариунзаяа эхний барилдаанаа Финландын Салонентой хийх бол D хэсэгт Л.Сосорбарам Бразилын Лима Жессикатай учраа таарчээ.

Эрэгтэй 73 кг

Энэ ДАШТ-ий хамгийн хэцүү жин гэгдэж байгаа. Отгон дэлхийн аварга нь Францын Бенжамин Габа ч барилдахгүй маш их удаж байгаа.

Бразилын Даниель Карньин өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, саяхан Лозанна Их Дуулгад түрүүлж, формтой байгаа.

Азийн аварга, 21 хүртлэх насны дэлхийн аварга, Тажикстаны Мухиддин Асадулоев онцлох бөх ч Азийн наадамд оролцсон нь сул тал болох магадлалтай.

ОХУ-ын Данил Лаврентьев ДАШТ-ий өмнө яг формтдоо ороод байгаа залуу. 2025 оны Европын аварга.

АНЭУ-аас ДАШТ-ий хүрэл медальт Махмадбек Махмадбеков, Азийн медальт Казбек Нагучев (Азийн наадамд оролцсон) нар иржээ.

Европын отгон аварга Гүржийн Лаша Шавдатуашвили медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой.

Талбайн эзэн Азербайжан Хидаят Гейдаров, Рашид Маммадалиев хоёрыг сойжээ.

Битүү морьд – Японы Рюүга Танака, Францын Даян Булемтафе, АНЖ-ын Жек Ёнэзүка.

Манай улсаас барилдах О.Уранбаяр эхлээд Испанийн украин бөх Антон Шугалиевтай барилдана. Ялахад ДАШТ-ий хүрэл медальт, АНЭУ-ын орос жүдоч Махмадбек Махмадбеков түүнийг хүлээх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...