Хөлбөмбөгчид цахим спорт, тоглоомд дуртай гэдгийг дэлхий дахин мэднэ. Бразилын Неймар сүүлийн хэдэн жил ногоон талбайд өнгөрөөсөн цаг нь компьютерын өмнө өнгөрүүлсэн хугацаанаас бага байлаа. Тэрээр цахим спортын шилдгүүдтэй уулзаж, гэрэл зураг авхуулах дуртай. Харин бусад од ямар тоглоомд дуртай юм бол?
1. Антуан Гризманн - Football Manager

Гризманн маш олон жил “Football Manager” тоглож байгаа. 2020 онд тэрээр цахим “Марсель” багт хэрхэн тоглосноо ярихдаа “Би энэ тоглоомд дуртай. Бодит амьдралд тун ойрхон болохоор би бага яаж удирдах, дасгалжуулагч ямар байх ёстой талаар суралцдаг” гэж хэлж байлаа. Жилийн дараа Европын АШТ-д оролцохоосоо өмнө Гризманн “Ньюкасл” багийг “дасгалжуулж” байлаа. Энэ багтайгаа тэрээр Премьер лиг, Аваргуудын лигт түрүүлж, Мбаппег 134 сая еврогоор “худалдан” аваад байв.
2. Неймар - Counter-Strike

Неймар энэ тоглоомыг “Counter-Strike 1.6” байхад нь “PC game center” гэж байх үеэс нь тоглосон. Хэсэг хаяад дараа нь “CS:GO” болоход нь эргэн ирсэн байна. “Тоглох шунал гэхээсээ илүү хөлбөмбөгийн тоглолтын дараа амрах гэж тоглодог болсон. Ялагдлын дараа, гэмтсэний дараа төдийгүй сэтгэлээр унах үед CS тус болдог байлаа” гэж хэлж байсан удаатай. Неймар CS-т 11 мянган цаг гаруй тоглосон нь тасралтгүй 15 сар гэсэн үг юм. 2017 онд тэрээр гэртээ тэр үеийн шилдэг баг болох “SK Gaming”-ийг урьж байлаа. Неймар мэргэжлийн тамирчидтай ч ана мана үзэлцдэг, ур чадвартай. Неймар нэгэн ярилцлагадаа "Зодог тайлсныхаа дараа мэргэжлийн цахим тамирчин болохыг үгүйсгэхгүй" гэж хэлж байсан удаатай. Хөлбөмбөгөөс гадна тэрээр Покер хөзрийн тоглоомыг маш өндөр түвшинд тоглодог.
3. Эрлинг Холанд - Minecraft

Эсрэг багийн хамгаалагч нарыг айлган сандаргадаг энэ тоглогч гэртээ байшин бариад суудаг нь гайхалтай. 2025 онд Холанд гэртээ найз бүсгүйтэйгээ хэрхэн цаг өнгөрөөдөг талаараа “Изабель тоглох дуртай. Бид хамтдаа Minecraft тоглодог. Байшин бариад л” гэж хэлж байв. Холандын болзооны хамгийн чухал хэсэг нь байж ч магадгүй юм.
4. Сон Хын Мин - League of Legends

Сон энэ тоглоомыг цар тахлын үеэр тоглож эхэлжээ. Найзууд нь эхлээд түүнийг дооглож байсан ч үнэхээр дурласныг нь хараад шоглохоо больсон байна. “Хэрэгтэй үед хэрэгтэй газар байж, боломжийг ашигладаг нь хөлбөмбөгтэй төстэй” гэж Сон ярьдаг. Гэхдээ дуртай шалтгаан нь өөр. “League of Legends бол намайг гэр орон, гэр бүлтэй минь холбож өгдөг зүйлсийн нэг. Алс холын АНУ-аас би цагийн зөрүүтэй ч БНСУ-д байгаа найзуудтайгаа тоглох дуртай” гэж хэлж байв. Соны дуртай баг “T1”, шүтдэг тоглогч нь Faker. Тэд нүүр тулгаран уулзаж байсан удаатай.
5. Ламин Ямаль - Fortnite

Ямалийг зургаадугаар ангид байхад нь ээж нь “PlayStation 4” бэлэглэжээ. “Ингээд л би “Fortnite”-д татагдсан. Миний дуртай тоглоом бол Fortnite, FIFA. Үеэлтэйгээ хамт тоглодог” гэж тэр дурссан. Жирийн амьдралдаа хамгийн их цаг зарцуулдаг зүйлээр тэр “PlayStation”-ийг нэрлэсэн.
6. Тибо Куртуа - F1, Simracing

Ковид цар тахлын үед Тибо “Формула-1” цахим уралдааны Гран При тэмцээнд оролцдог байв.
“Гэртээ амрах, найзуудтайгаа хөгжилдөхөд тус болдог тоглоом. Simracing бол яг хөлбөмбөг шиг оновчтой, анхааралтай, хурдан, шаргуу байхыг шаарддаг тоглоом” гэж хэлсэн юм.
7. Бен Чилуэлл - Call of Duty

Чилуэлл ч мөн адил цар тахлын үеэр “Call of Duty”-д дурласан. Хөлбөмбөг тоглож чадахгүй болсон тул өөр ямар нэг юм хийх хэрэгтэй. Тэр нь “Call of Duty”.
8. Месут Озил - PES

2016 онд Озил “PES”-ийн албан ёсны элч төлөөлөгч болсон юм. Гэхдээ тэр “Гэрээ байгуулахаас өмнө ч би “PES”-д дуртай байсан. Хамгийн шилдэг нь PES 2017” гэж байлаа.
