UBLife Logo
Ярилцлага

А.Хонгорзул: Траума гэдэг үг тренд болж, овжин хүмүүс мөнгө олох арга, хэрэгслээ болгосоор байна

А.Хонгорзул: Траума гэдэг үг тренд болж, овжин хүмүүс мөнгө олох арга, хэрэгслээ болгосоор байна

Сүүлийн үед олны танил хүмүүсийн гэр бүлийн харилцаа болоод гэр бүл салалттай холбоотой нэвтрүүлэг, контентууд олон нийтийн сүлжээ, IPTV-гээр цацагдах болсон. Гэвч эдгээр контентын цаана сэтгэл судлалын мэргэжлийн ёс зүйтэй холбоотой анхаарахуйц олон зүйл байгаа талаар “Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, клиник сэтгэл судлалын доктор А.Хонгорзултай ярилцлаа.


-Сайн байна уу, урилга хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Манай улсад сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын төрлийн контент нэлээд цацагдах боллоо. Энэ чиглэлийн мэргэжилтний хувьд эдгээр контент нь оролцогч болоод үзэгчдэд хэр өгөөжтэй гэж хардаг вэ?

 -Монголд IPTV, сошиалд гэр бүлийн салалт болоод энэ төрлийн контент цацагдаж эхлэхэд л ёс зүйн хувьд ийм нэвтрүүлэг байж болохгүй гэж бодсон. Оролцогч тухайн цаг үедээ зөвшөөрөөд бүхнээ ярьж болно. Харин мэргэжилтнийхээ хувьд сэтгэл зүйч юмуу сэтгэл засалч нь тухайн нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч хийх эсэхээ шийдэхдээ мэргэжлийн ёс зүйгээ сайн бодолцох хэрэгтэй болов уу. Учир нь оролцогчдод нэг сар, жил, таван жилийн дараа ямар сөрөг үр дагавар гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй.

-Одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд учирч болохуйц сөрөг үр дагавраас оролцогчоо хамгаалахын тулд юунд анхаарах вэ?

 -Тухайн оролцогч гэрээнд гарын үсгээ зураад төлбөр мөнгө аваад оролцсон ч байж болно. Үгүй ч байж болно. Энэ үүднээс контент бүтээгчид нь оролцогчоо “Өөрсдөө зөвшөөрөөд л оролцсон шүү дээ” гэж буруутгаж магадгүй. Буруутгал болон shaming буюу шившиглэх, гутаах боломжтойг ч үгүйсгэх аргагүй юм. Уг нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хүнтэй ажиллаж байгаа мэргэжилтэн нэн түрүүнд “Do no harm” буюу “Хор хохирол бүү учруул” гэсэн дүрмийг ямагт баримтлах ёстой. Контентод оролцсоноор ямар нэгэн хор хохирол учирч болзошгүй. Ер нь бол оролцогчдод ямар ч үед нийгмийн болоод сэтгэл зүйн аль ч орчинд хор хохирол учрах ёсгүй. Хохирлыг аль болох бууруулахын төлөө чармайх хэрэгтэй байдаг. Бидний харж байгаачлан олон нийтийн сүлжээнд нэвтрүүлгийн хэдэн оролцогчдыг л тал талаас нь ярьж, бичиж, муулсан сэтгэгдлүүд хөвөрч байгаа биз. Үүний дараа гарах үр дагаврын хариуцлагыг хэн хүлээх вэ? Контент бүтээгч компани хариуцлага хүлээх үү, сэтгэл засалч нь хүлээх юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Хэн нэг нь хариуцлага хүлээх бол оролцогчдод ил тод мэдээлэх хэрэгтэй.

-Ер нь контент олон нийтэд цацагдсаны дараа гарч болзошгүй ямар сөрөг үр дагавар байх вэ. Олон нийт сошиалд нэг хэсэгтээ шуугьж байгаад дараагийн сэдэв гарах төдий мартах нь түгээмэл. Гэтэл ярианы сэдэв болсон хүмүүст ямар мэдрэмж, сэтгэгдэл үлдэх билээ?

-Гарах сөрөг үр дагаврыг хэн ч таашгүй. Тухайн оролцсон хүмүүс нь сэтгэл зүйн хувьд ямар байгаа бол, салсан хүмүүст нь ямар мэдрэмж төрсөн бол, дам сэтгэцийн гэмтэл авсан байхвий. Хүүхдүүд нь яаж байгаа бол гэдгийг бодолцох чухал. Өнөөдөр нэг хүний амьдралыг олон нийтэд зарласнаараа ямар үнэ цэнийг бүтээх гэж байгаа вэ. Ямар өртгөөр энэ контентыг бүтээж байгаа вэ гэдгээ сайтар тунгаах ёстой. Миний харж байгаагаар зөвхөн контентод оролцогч бус түүний салсан эхнэр нөхөр, хамтрагч болоод ар гэрийнхэн, үр хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн өртгөөр бүтээд байгаа юм биш биз гэсэн эмзэглэл төрдөг юм. Салалтын үндсэн шалтгаан, үнэнийг ард түмэн, бүх үзэгч мэдэх алба байхгүй шүү дээ. Үнэнийг хүн өөрөө мэдэж байхад л хангалттай. Хэнд, яах гэж үнэнийг батлах ёстой юм бэ?

-Жишээлбэл танд болон танай багийнханд энэ төрлийн контентод оролцох санал ирдэг үү. Нууц биш бол та хэрхэн хүлээн авч, ямар зарчим баримталдгаа хуваалцаач?

-Ийм төрлийн нэвтрүүлэг бүтээгчдээс хамтран ажиллах санал бидэнд ирдэг л дээ. Гэхдээ бидэнд оролцох уу, эс оролцох уу гэсэн сонголт бий. Яагаад оролцдоггүй вэ гэхээр хүний сэтгэл зүрх, оюун санаа, нарийн нандин дурсамж, ялангуяа сэтгэцийн гэмтэлтэй холбоотой зүйлийг олон нийтэд арилжаалах нь үнэт зүйлийнхээ хувьд буруу. Бидний үнэт зүйл бол арилжааны бус зарчмаар мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллах явдал юм. Хүн өөрийн гэсэн аюулгүй орчинд тайван, тогтуун үедээ ярилцаж байх ёстой. Би энэ тухай ярих уу, үгүй юу гэдэг сонголт үйлчлүүлэгчдэд өөрсдөд нь байх хэрэгтэй л дээ. Манай багийн баримталдаг зарчим бол контентоор дамжуулж хүнд терапи хийхгүй, хийх боломж үгүй. Гэтэл дээр дурдсан контент, нэвтрүүлгүүдийг үзэхэд ихэвчлэн сэтгэл засал маягийн яриа хөвөрсөн байдаг. Оролцогч өөрийнхөө амьдралын түүхийг ярихдаа янз бүрийн дурсамж нь сэдэрснээр уйлна. Уйлахгүй байсан ч биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг. Ийм үед ярилцлага, терапи үргэлжлэх боломжгүй тул яриагаа зогсоогоод тайвшруулна, тогтворжуулна. Одоо цаг дээр нь авчрах чухал.

Ер нь энэ төрлийн нэвтрүүлэг гэлтгүй мэдээ мэдээлэл, сургалт, яриа хийхийн өмнө нь “Та бүхэнд тааламжгүй санагдаж, шархыг нь сэдрээх юм бол шууд зогсоох, зөвшөөрөл авалгүйгээр өрөөнөөс гарах, шаардлагатай бол яриа дууссаны дараа ганцаарчлан уулзах боломжтой” гэдгийг сануулах, эс бол холбогдох боломж бүхий байгууллагын хэвлэмэл материал өгөх зэргээр мэдээлэл, зааварчилгаа өгөх нь ёс зүйн хувьд зөв байдаг.   

-Нэн түрүүнд “Do no harm” буюу “Хор хохирол бүү учруул” гэсэн дүрмийг баримтлах бол дараа нь юунд анхаарах вэ?

 -Дараагийн нэг чухал зүйл нь, нэгэнт контент хийж байгаа бол оролцогч нартаа мэргэжлийн төрлийн харилцаа биш буюу сэтгэл заслын харилцаа өрнөхгүй гэдгийг ойлгуулах ёстой. Оролцогч зөвхөн өөрийнхөө амьдралын туршлагыг хуваалцах нь зохимжтой. Нөгөө талаасаа үзэгч бол дуртай инфлюнсер нь оролцсон гээд ямар ч сонголтгүй үзэж байгаа. Гэтэл тухайн инфлюнсерийн яриа үзэгчдийн сэтгэцийн гэмтлийг сэдрээж байвал яах вэ. Хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Нэвтрүүлэгт үзэгчийн салсан хүн сууж байвал яах вэ, хүчирхийлэлтэй харилцаанаас дөнгөж гарч ирсэн эсвэл хүчирхийлэл дунд амьдарч байгаа хүн үзвэл яах вэ? Энэ эрсдлийг контент бүтээгчид болон мэргэжлийн хүмүүс тооцоолсон болов уу. Үзэгчид тус контентоор дамжуулан зөвлөгөө авахаар ирвэл холбон зуучлах үйлчилгээ нь бэлэн үү, байгууллага, сэтгэлзүйч, нийгмийн ажилтных нь жагсаалт бий юу гэх мэтчилэн анхаарах зүйлс байна. 

Өнөөдөр Монгол Улсад олон нийтийн сэтгэцийн гэмтэлтэй ажиллах хангалттай мэргэжилтэн, боловсон хүчин байхгүй. Сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэл заслын үйлчилгээ эсвэл сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн Монголд таван хуруунд л багтана. Траума гэдэг үг ганц Монголд биш дэлхий даяар тренд болж, овжин хүмүүс мөнгө олох арга, хэрэгслээ болгосон байна. Сэтгэцийн гэмтэлтэй ажиллах нь амархан мэт дүр үзүүлж, зөвхөн өөрийн бие дээр ажиллаад хэдэн дасгал хийснээр эдгэх мэт хандаж буйг хараад харамсдаг. Эдгэрэх явцад олон талын дэмжлэг, зүй зохистой хамтрал, харилцааны системийн нөлөөллийг орхигдуулаад байна л даа. Мөн одоо цагт нь төвлөрүүлж өнгөрснийг мартуулах, далд ухамсрын блок гаргах гэх мэт хэт хялбар аргуудыг олон нийтэд сурталчилснаар хуурамч итгэл найдвар төрүүлж байгаа нь сэтгэцийн гэмтлийг эмчлэх үндсэн зарчимтай огт нийцэхгүй байгаа юм.

-Таны мэдэх энэ төрлийн гадаад контент байдаг уу. Мэргэжлийн ёс зүйгээ хэр баримталсан байдаг бол?

-Би мэдэж байгаа улс орнуудаа л дурдъя. Австрали, Англи, Америкт энэ төрлийн контент төдийлэн их хийдэггүй байх. Би Монголд гарч байгаа гэр бүл салалт, түүнийг хэрхэн даван туулж байгаа тухай яриа бүхий контентын талаар Австрали багштайгаа ярьтал “Ийм зүйл байх ёсгүй шүү дээ. Ямар ёс зүйгүй юм бэ” гэж маш их гайхаж байсан. Мэдээж сэтгэл засалчид хэвлэлд ярилцлага өгдөг. Харин сэтгэл засалч хэвлэл мэдээлэл юм уу олон нийтэд цацагдах хэрэгслээр харилцан ярилцагчтайгаа мэргэжлийн буюу сэтгэл заслын харилцаа үүсгэхгүй байх нь чухал. Мэдээлэл өгөх нь байх ёстой зүйл. Манай багийнхан энэ төрлийн ганц хоёр контентод оролцохдоо сэтгэцийн гэмтлийг цочроож болохуйц сэдэв хөндөхгүй, гэр бүлийн эрүүл болон эрүүл бус харилцаа гэж юу вэ, гэр бүлийн гишүүд ямар байдалтай байх вэ гэхчлэн зөвхөн ерөнхий мэдээлэл өгнө гэдгээ өмнө нь сайтар хэлж, ойлгуулдаг. Угтаа бол контент бүтээгчид өөрсдөө trauma informed буюу тодруулбал, аюулгүй, сонголттой, хэн нэгнийг хүчирхэгжүүлэхийн төлөөх үйл явцад анхаарах нь зүйтэй байх. Тухайлбал нийгэмд амьдарч байгаа бүх хүний хэн нь сэтгэцийн гэмтэлд өртсөн, өртөөгүйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс бүх хүнд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх ёстой. Ер нь бол контентод оролцогчдоос илүү бүтээгч нар нь хариуцлагатай байхыг л хүсээд байгаа юм. Яагаад гэвэл оролцогчид олон хүнд хэрэг болж магадгүй гээд л өөрсдийнхөө туулж яваа амьдралын тухай зүрх сэтгэлээ нээж ярьж байхад нөгөө тал нь хариуцлагагүй хандах нь байж болшгүй зүйл.

-Ярилцлагын турш сэтгэл засалч, сэтгэлзүйч гэж их дурдагдлаа л даа. Ямар ялгаатай гэдгийг тайлбарлаад өгнө үү. Уншигчдад маань сонирхолтой байж мэднэ. 

-Гадаадад бакалавр сэтгэл судлал, магистр болон докторын зэрэг нь сэтгэл засал байх ёстой. Мөн лицензийн шалгалт өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Мөн нэмэлтээр клиник сургалтуудад байнга хамрагдаж мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ямагт дээшлүүлж байх ёстой. Тодорхой клиник цагийг мэргэжлээ дээшлүүлэхэд зориулж байж лицензээ хадгалдаг. Улс орон болгон өөр шалгууртай. Зарим улс оронд клиник цагийн шалгуур 300 байхад өөр оронд 3000 клиник цаг байх жишээтэй. Жишээлбэл, би сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслаар магистраа хамгаалахдаа 900 клиник цаг улсын байгууллагат ажилласан. Өөрөөр хэлбэл, би гэр бүлийн сэтгэл засал чиглэлээр хоёр удирдагч багшийн дор 900 цаг ажилласан. Мөн би өөрөө 400 клиник цагийн сэтгэл заслын үйлчилгээ авч байж магистрын зэргээ хамгаалах эрхээ баталгаажуулсан.

Гадаадад сэтгэл засалчид хүнийг оношилдоггүй, оношлох эрх ч байхгүй. Яагаад гэвэл хүний туулсан амьдралыг бидэнд “Энэ хүн ийм ийм эмгэгтэй” гээд оношлох эрх байхгүй гэсэн үг. Эмгэг бол хүний туулсан амьдралаас улбаатай байдаг. Нэг жишээ дурдъя л даа. Өнгөрсөн сард болсон “Oxford: Transform Trauma-2026” чуулганд “Ногоон Бөмбөлөг” төвийн сэтгэл зүйчид багаараа оролцсон юм. Хүмүүсийг эмгэгээр нь шошголоод байдаг нь эдгэрэх, илаарших үйл явцыг удаашруулах, тэр ч байтугай буруутгах, шившиглэх шинжтэй гэж эрдэмтэд хэлэлцсэн. Мөн сэтгэцийн гэмтлийн дараах стресст эмгэг (PTSD) нь эмгэг бус харин сэтгэцийн гэмтэлд үзүүлж буй хариу үйлдэл гэж эрдэмтэд ярилцсан. Сүүлийн үед шинжлэх ухаанаар баталгаажуулаад нярайг эхийнх нь зүрхэн тушаа өдөрт тодорхой цагаар хэвтүүлдэг болсон байна. Ингэснээр нярайд ирээдүйд гарч болзошгүй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаас сэргийлж байгаа судалгаануудыг ч танилцуулсан. Үүнээс харахад хүүхэд нас, хүний туулсан амьдрал маш чухал. Энэ мэтчилэн бидэнд бодолцох ёстой чухал зүйлс их байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...