Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) тэргүүн Жанни Инфантиногийн байр суурь түүхэнд байгаагүй хэмжээгээр ганхсаар байна. ДАШТ-ий үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг даган баясаж, Америкийн багийн торгуультай тамирчны улаан хуудсыг цуцлах, ДАШТ-ий зохион байгуулах эрхийг Трампын хүмүүст зарах гэж оролдсон зэргээр хөл бөмбөгийн ертөнцийн зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн этгээд. Мөн аравдугаар сарын эхээр шинэ мэдээлэл гарсан нь Жанни АНУ-д нууцаар нэмэлт цалин авдаг байсан нь илэрчээ.
Их Британийн “The Times”, “The Telegraph” хэвлэлд бичсэнээр 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулахаар шинээр байгуулагдсан “FWC2026 US Inc” компаниас Инфантинод 1,76 сая ам.доллар нэмэлтээр төлж байжээ. Үүнээс 626 мянган ам.долларыг Инфантиног ДАШТ-д бэлтгэх үеэр амьдрах тансаг хэрэглээнд зориулжээ. Дашрамд дурдахад тэрээр Майамигийн хаалттай “Sunset Islands” цогцолборт амьдарч байсан.
ДАШТ-ий дараа Европын хөлбөмбөгийн холбооны хатуу эсэргүүцэлтэй тулгарч, албан тушаалаа алдаж мэдэхүйц болсон тэрээр энэ намар Ази, Африк тивийн ядуу зүдүү орнуудаар аялж, их хэмжээний мөнгө, шинэ цэнгэлдэх хүрээлэн амаллаа. Ирэх хавар болох сонгуулиар өөртөө санал авах эцсийн арга нь тэр. Энэ сарын эхээр гэхэд БНХАУ-д очиж, “Макаод очсон анхны FIFA ерөнхийлөгч” гэж өөрийгөө сурталчилж эхлээд байна.

Гэхдээ Европ, Хойд, Төв Америк болон Карибын орнуудын хөлбөмбөгийн холбооноос FIFA-д хандан, тус холбооны бүх гишүүддээ өөрөөр хэлбэл 211 Үндэсний хөлбөмбөгийн холбоонд тус бүр 10 сая ам.доллар олгохыг шаардлаа. Энэ нь ч зөв. Угаасаа авах ёстой мөнгөө эрт авахгүй бол Инфантино эдгээр мөнгийг жижиг, буурай орнуудыг худалдан авахдаа ашиглах гэж байсан юм.
UEFA холбооны тэргүүн Александр Чеферин, CONCACAF холбооны ерөнхийлөгч Виктор Монтальяни нар Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантинод захидал бичсэн байна. Захидалдаа тэд “FIFA холбоо 2023-2026 оны улиралд 6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь түүхэнд байгаагүй их хөрөнгө байлаа. Тиймээс 2027-2030 онд Үндэсний холбоо болгонд 10 сая ам.доллар олгох ёстой” гэж дурджээ.
Энэ сарын 15-нд Цюрихт “FIFA Council meeting” хуралдаан болно. Энэ хуралдааны үеэр Европын хөлбөмбөгийн холбооноос Инфантинод эрх мэдлийг нь хязгаарлах, санхүүг нь ил тод болгох шаардлага тавих гэж байна.
