Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээдэг уламжлалтай.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,
Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр,
2019 онд The Hu хамтлаг,
2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд,
2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга,
2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн,
2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд хүртээжээ.
