UBLife Logo
Спорт

Humans of UB | Баянхошуу дахь “Өсөлт хөгжлийн төв“-д Монголын ирээдүй “ургаж“ байна

Humans of UB | Баянхошуу дахь “Өсөлт хөгжлийн төв“-д Монголын ирээдүй “ургаж“ байна

Humans of UB | Баянхошуу дахь “Өсөлт хөгжлийн төв“-д Монголын ирээдүй “ургаж“ байна

Монголчууд бидний хувьд дэлхийн тавцанд улсынхаа нэрийг гаргаж байгаа хамгийн том салбарын нэг бол спорт. Алдарт аварга ах, эгч нараа харсан хүүхдүүд тэдэн шиг тив, дэлхийд алдаршсан тамирчин болохыг хүсэн мөрөөддөг. Гэвч мөрөөдлөө биелүүлэх зам амаргүй. Хотын захын дүүрэг, хороололд тэр бүр спортын танхим, дугуйлан байдаггүй.

Энэхүү орон зайг нөхөж, хүүхдүүдэд боломж олгохоор "Рио Тинто Монгол" компаниас Баянхошуу дахь “Өсөлт хөгжлийн төв”-д үнэ төлбөргүй жиү-жицүгийн дугуйлан байгуулсанд тэндхийн иргэд ам сайтай байна. Өнөөдөр Баянхошуу төдийгүй ойр орчмын захын хорооллуудаас ч хүүхдүүд энд зорин ирж хичээллэдэг болжээ.

Бид цасан шуурга тавьсан хүйтэн өдөр жиү-жицүгийн дугуйланг сурвалжлахаар зорьлоо. Үдээс хойш 16:00 цагт бэлтгэл эхлэв. Хүүхдүүд бүгд цав цагаан кимоногоор жигдэрчээ.

Багш тэднийг нэг бүрчлэн харан хувцас хунарыг нь засаж, хичээл ном нь дажгүй эсэхийг асуух аж. Хүүхдүүдийн нүдэнд ёстой л гал цог бадарч, бэлтгэлдээ хурдхан орохоор яарна.

Тэд дугуйландаа ямар их хайртай нь бэлтгэлийн явцаас илт мэдрэгдэж байв. Гадаа хүйтэн цасан шуургатай байвч энд дулаахан уур амьсгал, хүүхдүүдийн дуу, багшийн заавар сонсогдож, эрч хүчтэй бэлтгэл өрнөж байлаа. Бид багш дасгалжуулагч, эцэг эх, тамирчин хүүхдийн сэтгэгдлийг сонслоо.

Дасгалжуулагч Б.Эгшиглэн: Жиү-жицү бол зөв хүн болох ухаан гэдгийг ойлгуулахыг зорьдог

Би МУБИС-ийн Биеийн тамирын их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан. “Өсөлт” хөгжлийн төвийн жиү-жицү клуб маань энэ жилийн долоодугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны бүртгэлээр 100 хүүхэд авсан ч энэ хавийн иргэд хүүхдээ спортоор хичээллүүлэх маш их сонирхолтой байсан тул нэмэлт элсэлт авч, одоо 120 гаруй хүүхэд тогтвортой хичээллэж байна. Бид долоо хоногийн таван өдөр хоёр ээлжээр хичээллэдэг.

Ачаалал хүүхдүүдэд өндөр ч гэлээ бэлтгэлдээ их дуртай тул "ядарч байна" гэж огт хэлдэггүй. Хичээлээ тараад л гүйгээд ирдэг. Захын хорооллын алслагдсан газарт спортын клуб байгуулах нь ховор. Манай энэ төсөл үнэ төлбөргүй учраас маш олон хүүхдэд хүртээмжтэй хүрч чадаж байна. Захын хорооллын хүүхдүүдэд зориулж энэхүү дэвжээг засаж өгсөн нь тун сайхан санагдсан тул би өөрөө ч олзуурхан энд багшилж эхэлсэн.

Ирээд хэдхэн сар болоход хүүхдүүдэд маань маш том өөрчлөлтүүд гарч байна. Эцэг эхчүүд нь “Манай хүүхэд оройтож сэрдэг, шөнө утас шагайж суугаад унтдаг байсан бол одоо бэлтгэлээсээ хариад л цагийн хуваариа өөрөө зохицуулдаг, өглөө эрт сэрдэг маш хариуцлагатай хүн болсон” гэж баярлан ярьдаг. Хүүхдүүд маань их нийтэч болоод, найрсаг хамт олон болж төлөвшиж байна.

Шавь нараа харахаар өөрийнхөө бага насыг харах шиг болдог юм. Би дунд ангидаа жүдо бөхөөр хичээллэдэг, их бүрэг ичимхий хүүхэд байлаа. Зарим шавиа харахаар "энэ яг над шиг ичээд хойшоо суугаад байна даа" гэдэг нь анзаарагддаг. Тийм хүүхдүүдтэй аль болох нүүр тулж уулзаад, юу нь болохгүй байгааг мэдэхийг хичээдэг дээ. Жиү-жицү бол тулааны урлаг. Миний хувьд дээрэлхэлт, ёс бус харьцааны талаар хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг. Нэг нэгэнтэйгээ болон бусадтай яаж харилцаж болохгүйг хэлж, жиү-жицү бол муу муухай зүйлээс холуур байх, өөрийгөө хамгаалах, зөв хүн болох ухаан гэдгийг ойлгуулдаг. Манай багаас заавал олимп, дэлхийн аварга төрөхгүй байлаа ч ямар ч байсан зөв хүн төрж байгаа гэдэгт би итгэдэг.

Анх манайд бусдыгаа дээрэлхэх гээд байдаг, нэг сахилгагүй хүүхэд ирж байлаа. Тэгтэл хоёрхон сарын дараа тэр хүүхэд өглөө хамгийн эрт ирдэг, “Дүү нараа хувцсаа өмсөөрэй, одоо жагсана шүү” гээд бусдыгаа уриалдаг гол хүн болчихсон. Харьцаа нь хүртэл гоё болоод, хүмүүстэй найрсаг мэндэлдэг болж өөрчлөгдсөн. Анх дасгал хийхдээ ёолоод “Багш аа, хэцүү байна” гэдэг байсан хүүхдүүд одоо өөрийгөө шахаад өлхөн чаддаг болж байна. Ганц суниадаг байсан нь арван удаа суниаж, нүдэн дээр илт өөрчлөгдөхийг харах багш хүний хамгийн том бахархал юм.

Мэдээж хэцүү үе байна. Анх удаа багшилж байгаа болохоор заримдаа хүүхдүүд үгэнд орохгүй, заасан зүйлийг ойлгохгүй байх, эсвэл шавь нар маань шантрах үед "Би болохгүй байгаа юм болов уу" гэж бодогддог. Шантраад эхэлсэн хүүхэд андашгүй, бэлтгэлдээ идэвхгүй болоод, хоцорч, хойш сууна. Тэр үед тусад нь уулзаад “Ядарч байна уу, юу болохгүй байна? Чи мундаг шүү. Анх ирэхдээ ийм байсан бол одоо ийм болчихсон байна. Өөрийнхөө дэвшлийг олж харах хэрэгтэй” гээд урам өгдөг.

Энэ төвд ажиллаад хамгийн их баярласан агшин маань саяхан боллоо. Манай хүүхдүүд анхныхаа тэмцээн болох олон улсын “AJP Tour Ulaanbaatar International Jiu-Jitsu Championship 2026”-д орсон юм. Хамгийн эхэнд дэвжээнд гарсан охин маань яг алтан медалийн даваан дээр ялагдчихаад, бууж ирээд “Багш аа, ялагдчихлаа” гэхэд нь би “Зүгээр ээ охин минь, чи ямар мундаг байв аа, мөнгөн медаль авлаа шүү дээ” гэж урамшуулсан. Тэр бол манай багийн анхны медаль байсан тул охиноороо маш их бахархсан. Манай баг анхны тэмцээндээ 13 тамирчинтай ороод 3 мөнгө, 4 хүрэл, нийт 7 медаль хүртсэн нь сэтгэл хөдөлгөсөн гайхамшигтай мөч байлаа.

Цаашдаа энэ төслөө үргэлжлүүлээд хүүхдүүдтэйгээ тууштай ажиллана. Ирэх 11-р сарын дундуур клуб дотроо аварга шалгаруулах тэмцээн зохиохоор төлөвлөж байна. Бидний урдаа тавьсан гол зорилго бол нэгдүгээр сард болох УАШТ бөгөөд энэ тэмцээнд бүрэн багаараа амжилттай оролцохын тулд бэлтгэлээ базааж байна.

Тамирчин Я.Гэрэлтуяа (10 настай): Өмсгөлөө өмсөөд дэвжээн дээр гарч ирэхэд их гоё санагддаг учраас бэлтгэлдээ хурдхан орох гээд яарсаар ирдэг

Би Зүүн салаанд байдаг 104-р сургуулийн сурагч. Бэлтгэлдээ ихэвчлэн алхаад ирдэг, хоцрох гээд байвал автобус дамжиж суугаад хүрээд ирнэ. Найман сараас хойш гурван сар хичээллэж байгаа болохоор сурчихсан, одоо хэцүү биш амархан санагддаг болсон.

Ороод удаагүй байхад сургуулийн хичээл эхэлчихсэн, хамаг юм давхцаад шантарч, "Гардаг ч юм билүү" гэж бодож байлаа. Тэгтэл эмээ минь “Чи тамирчин болох гэж байгаа болохоор энэ бодлоо толгойноосоо авч хая. Удахгүй тэмцээн болох гэж байна, бэлтгэлдээ төвлөрч хичээ” гэж хэлсэн юм. Жиү-жицүд ороогүй байхдаа би хичээлээ тараад ахындаа очиж дүүгээ хардаг, даалгавраа хийдэг байлаа.

Жиү-жицүгийн хамгийн гоё нь барилдах хэсэг ба сонирхолтой мэхнүүд заалгах. Өмсгөлөө өмсөөд дэвжээн дээр гарч ирэхэд их гоё санагддаг учраас бэлтгэлдээ хурдхан орох гээд яарсаар ирдэг. Заримдаа автобус ирэхгүй хоцрохоороо “Орж болох уу, багш аа. Хоцорсонд уучлаарай” гэж зөвшөөрөл авдаг. Манай зааланд анх жиү-жицү хэдэн онд үүссэн, ДАШТ хэзээ болсон гээд сонирхолтой түүхүүд бичсэн байдаг нь надад их таалагддаг.

Сая манай баг анхны тэмцээндээ ороход би хөнгөн жин байсан болохоор хамгийн түрүүнд гарсан. Тэр үед маш их сандарсан ч хоёр багш маань хажууд байсан болохоор сандралаа дараад яг л бэлтгэл дээрээ байгаа юм шиг тайван барилдсан. Аваргын төлөө ялж яваад л хожигдчихсон. Гэхдээ багш нар маань урам өгч, зоригжуулсан нь их сайхан байсан. Финалд ялагдсан ч анхны тэмцээндээ том амжилт гаргасан гэж бодож байгаа. Гэрийнхэн маань намайг маш их дэмждэг учраас цаашдаа жиү-жицүгээрээ тууштай хичээллэж, өөрийгөө хөгжүүлнэ.

Эцэг эхийн төлөөлөл Л.Төгс-Очир: Спортоор хичээллэх нь хүүхдийг зөв төлөвшүүлж, дэг журамтай, цаг баримталдаг болгодог юм байна

Хотын захад хүүхдүүд урлаг, спортоор хичээллээд явах боломж одоо ч хомс байдаг. Тиймдээ ч "Рио Тинто Монгол" компанийн энэ төслийг маш их талархан хүлээж авсан. Бид чинь хүүхдүүдээ спортын дугуйланд оруулах гэхээр хол болохоор хотын төв рүү зөөж чаддаггүй, мөнгө санхүүгийн асуудал ч ихтэй байдаг байлаа. Харин одоо яг дэргэд ийм спорт клуб байгуулагдсаныг маш том боломж гэж харж байгаа. Төлбөргүйгээс гадна бэлтгэлийн кимоно өмсгөлийг нь хүртэл цаанаасаа өгдөг нь цаг хугацаа, мөнгө төгрөгийг маань маш их хэмнэж байна. Энэ хавийн сургуулийн хүүхдүүд хичээлээсээ өмнө эсвэл хичээлээ тараад л жиү-жицүгийн дугуйландаа шууд орчихдог.

Манай энэ хавьд өмнө нь спортын секц, дугуйлан огт байгаагүй. Би хүүхдээ спортоор хичээллүүлэх гэж их боддог байсан ч хүргэж өгөхөд хүндрэлтэй байсан юм. Спортоор хичээллэх нь хүүхдийг зөв төлөвшүүлж, дэг журамтай, цаг баримталдаг болгодог ач тустай. Манай хүү өмнө нь ямар нэгэн зүйлд явахдаа их хойрго байсан бол энд хичээллэснээс хойш маш шуурхай болсон. Өглөөний бэлтгэл нь 09:00 цагаас эхэлдэг юм. Жаахан бие нь өвдөж байсан ч "Би заавал очих ёстой, хоцрохгүй" гээд л гүйдэг болсон.

Миний хүү уг нь их дотогшоо талдаа, чимээгүй хүүхэд. Харин одоо дэвжээнийхээ хүүхдүүд, багштайгаа мэндлээд, ёслоод явж байгааг нь харахад эх хүний хувьд үнэхээр их баярладаг. Хэчнээн ядарч байсан ч надад огт хэлдэггүй. Саяхан өсгий нь гэмтчихсэн байхад гүрийгээд хэлэхгүй бэлтгэлдээ явж байсан. Спортоор хичээллээд тэсвэр хатуужилтай болж байгаа нь анзаарагддаг.

Ганц би биш, манай энэ хавийн маш олон ээж, аав энэ клубт талархаж байгаа. Одоо бүр дахиж нэмж элсэлт аваач гэсэн хүсэлтүүд иргэдээс маш их гарч байна гэсэн. Би хүүхдэдээ “Чи чадна аа, чамтай адилхан л хүүхдүүд явж байгаа. Битгий таслаарай, энэ бол маш сайхан боломж шүү” гэж байнга захидаг даа.

Нийслэл хотын захын хороолол Баянхошууны нэгэн зааланд ийнхүү ирээдүйн тив, дэлхийн аваргууд төдийгүй, амьдралд хөлөө зөв тавьж буй хариуцлагатай, тэвчээртэй шинэ үеийн хүмүүс хүмүүжиж байна. Гар утасны дэлгэц ширтэж суух завгүй, мөрөөдлийнхөө төлөө хөлсөө урсгаж буй хүүхдүүдийн түүх ийнхүү үргэлжилж байна.

Гэрэл зургийг У.Бат-Эрдэнэ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...