UBLife Logo
Спорт

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

ФИФА( Олон улсын хөлбөмбөгийн холбоо)-ноос шигшээ багуудын тоглолтод зориулан гаргаж өгдөг өдрүүд энэ сарын 9-17-нд болж байна. 2026 оны хамгийн сүүлчийн цонхоор үндэсний хөлбөмбөгийн шигшээ багууд хоёр тоглолт хийх боломжтой.

Харамсалтай нь 2024 оноос хойш ердөө хоёрхон удаа, хамгийн сүүлд энэ жилийн зургадугаар  сард нөхөрсөг тоглолт хийсэн  манай "Талын хөх чононууд" энэ удаа ч бас л тоглолт хийхгүй нь ээ. Одоо 2027 оны гуравдугаар сар хүртэл "цонх" байхгүй.

Монголын шигшээ баг 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо ирэх гуравдугаар сард шууд хийнэ гэсэн үг. 2030 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд Азийн бүсээс эхэлнэ.

Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 орноос 46 нь (Умард Марианы арлуудын хөлбөмбөгийн холбоо нь АХХ-ны гишүүн боловч ФИФА-ийн гишүүн бус тул ДАШТ-ий урьдчилсан тоглолтод оролцох эрхгүй) ДАШТ-ий урьдчилсан тоглолтод оролцоно.

Азийн бүсийн урьдчилсан тоглолт гурван үе шаттай бөгөөд эхний нэгдүгээр шатанд чансаа доогуур 20 улсын шигшээ баг хоорондоо тоглож, хоёр тоглолтын нийлбэрээр ялсан 10 баг нь чансаа өндөр 26 баг дээр нэмэгдэн 36 баг болж, хоёрдугаар шатанд 9 хэсэгт (хэсэг тус бүр дөрвөн багтай) хуваагдан , тойргоор тоглон хэсэг тус бүртээ эхний хоёр байр эзэлсэн багууд (нийт 18 баг) дараагийн шат руу дэвшин тоглох юм.

Энэ сарын 18-нд шинээр гарах ФИФА-ийн чансаагаар багуудыг эрэмбэлэх боловч манайх Дэлхийд 190-д, Азидаа 40-д эрэмбэлэгддэг бөгөөд Азийн бүстээ Гуам, Зүүн Тимор, Пакистан, Бруней, Макау, Бутан, Лаос, Шри Ланка, Бангладеш зэрэг багуудын хамт чансаагаар хамгийн бага 10 баг буюу "нэг тогооныхон" гэсэн үг.

Ямар ч тоглолт хийгээгүй болохоор шинэ чансаагаар эрэмбэ өөрчлөгдөхгүй нь (доошоо л дахиад явчихгүй бол) тодорхой. Тэгэхээр ДАШТ-ий Азийн бүсийн эхний шатанд "ам угтуул"-д Монголын шигшээ очих нь.

Эхний шатны сугалаа 2026 оны арванхоёрдугаар сарын 15-нд Малайзад явагдана. Манайхтай Азийн чансаанд 27-36 дугаар байрт бичигдэж буй (шинэ чансаагаар нэг их өөрчлөлт гарахгүй байх) Туркменистан, Йемен, Сингапур, Хонконг, Мьянмар, Афганистан, Мальдив, Тайвань, Камбож, Балба эдгээр багуудын аль нэг нь таарна.

2027 оны гуравдугаар сарын 22-30-нд болох ФИФА-ийн өдрүүдээр эхний шатны хоёр тоглолт болно. Манай хувьд Йемен, Камбож, Мьянмартай таарвал хамгийн сайн сугалаа болно. Эдгээр багийг хожиж, хожигдож явсан болохоор. Хонконг, Тайвань, Афганистан, Мальдив, Сингапурт хожигдож байсан, Балба, Туркменистантай тоглож байгаагүй.

Эхний шатнаас шалгарах маш чухал. Учир нь эхний давааг давчихвал хоёрдугаар шатанд хамгийн багадаа зургаан тоглолт хийнэ. Япон, Иран, БНСУ, Австрали, Саудын Араб гэх мэт Азийн шилдэг багуудын аль нэгтэй нэг хэсэгт орно, таарна, тоглоно.

Ийм л чухал тоглолтууд болоход дөрвөн сар гаруйхан байхад шигшээ маань шууд л тоглолтын "практик"-гүй үзэх нь дээ. Ядаж байхад 3 сар гэхэд лиг эхлээгүй байна, энэ жил лиг нь хэдхэн тоглолттой гэхээр тулаанд харанхуй орох нь дээ, "Талын хөх чононууд".

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...