Майн Ридийн "Оцеола баатар" хэмээх гайхалтай номыг хүүхэд ахуйгаасаа уншиж, индианчуудын Семинол аймгийн гарамгай удирдагч Оцеолаг бахдаж явсан тэр цагаас хойш олон жилийн дараа дахин нэг "Оцеола"-гаар бахархах боллоо.
Шаравжамцын Энхийн-Од "Майк" маань олон олон анхдагчийн эзэн болсоор буйг бүгд мэднэ. АНУ-ын нийт ахлах сургуулийн сагсанбөмбөгийн "Дэлхийн шигшээд" уригдан тоглосон, NCAA-ийн нэгдүгээр дивизионд тоглосон, NBA-ийн зуны лигт тоглосон, NBA-ийн багтай албан ёсоор гэрээ байгуулсан, NBA-ийн хөгжлийн лиг буюу "G league"-д анх тоглосон гээд түүний Монголын сагсанбөмбөгчийн хувьд "анхны" хэмээн тодотголыг бичиж барамгүй ээ.

Энэ жилээс "G league"-ийн "Osceola Magic" багт тоглож, одоогоор түүний баг дөрөв тоглоод дөрөв хожсон амжилттай явна. Энхийн-Од маань багийнхаа хамгийн ашигтай тоглогчдын нэг баттай болоод байна.
Гэхдээ түүний багийн болон хувийн амжилт тийм ч чухал биш.
Харин мянга мянган эх орон нэгт монголчууд түүгээр бахархаж, мянга мянган элэг нэгт хүүхэд залуус түүний гэрэлтүүлсэн замаар зорьж, Энхээлэйг үлгэр дууриаллаа болгож байгаа нь гайхамшигтай.

Наяад онд Дражен Петровичийг биширч, сүүлийн 20 жил Стефен Көрриг шүтсэн би л гэхэд Энхийн-Одынхоо тоглосон лиг болгоныг харж, баг болгоныг нь дэмждэг болоод дөрөв, таван жил болжээ. Энхийн-Одын эффект буюу нөлөө юм даа.
Урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй "G league"-ийн хувиарийг харж, огт сонсож байгаагүй "Оцеола мэжик" багийг дэмждэг, тоглолтыг нь үздэг , "Монгол Оцеола" Майк Шаравжамцынхаа статистикийг нягталж суудаг болов.
Нэгэн өдөр НБА-ийн аль нэг багт Энхийн-Од маань тогловол "Алтан мужийн дайчид"-ынхаа хамт тэр багийг нь мэдээж дэмжиж л таарах байх даа...
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
