UBLife Logo
Спорт

Монгол сүмочдыг “муулсан” Майноүми шүүмжлэлд өртөв

Монгол сүмочдыг “муулсан” Майноүми шүүмжлэлд өртөв

Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүокад үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний 13 дахь өдөр ёкозүна Хоошёорюү озэки Аонишикиг ялж, 50 хувийн амжилт үзүүллээ. Өвдөгний мэс засалд орж, 3 башё алгасаад байсан манай аварга энэ башёд бүрэн эдгээгүй ч дохёнд гарсан. Ёкозүнагийн зөвлөл түүнийг 11 сард барилдахгүй байж болно гэсэн ч маш их шүүмжлэлд өртөөд байсан Хоошёорюү зодог тайлсан ч хамаагүй гэсэн бодолтой барилдсан билээ. Дараалан ялагдаж, кинбоши алдсаар байсан ч тэр багшдаа “Сүүлийн өдөр хүртэл барилдана. Зугтсан гэж хэлүүлмээргүй байна” гэж хэлсэн юм. Магадгүй 8 давж чадаагүй бол түүхэнд 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй 3 дахь ёкозүна болон тэмдэглэгдэх байлаа. Энэ бүхнийг даван туулж, бэртэлтэй ч ямар ч гэсэн 8 давсан. Сэтгэл нь амарч, онгойсон Хоошёорюү даваад нүдэнд нь бага зэрэг нулимс харагдаж байсан билээ. Маш их дарамтыг даван туулсан тул аргагүй биз.

Харин энэ барилдааныг тайлбарлаж байсан комүсүби асан Майноүми “Ёкозүна цолтон 8 давах нь мэдээжийн асуудал. Ёкозүна шүү дээ. 50 хувийн амжилт үзүүлээд уйлна гэдэг ч. Цаг үе өөрчлөгдөж байна. Урьд өмнөх аваргууд бол ингэж нулимс гаргахгүй” хэмээн хэлсэн нь бөх сонирхогчдын дургүйцлийг төрүүллээ.

Цахим ертөнцөд “Аваргын үүрэг, хариуцлага гэх гээд байгааг нь ойлгож байгаа ч одоо хэлэх цаг нь мөн үү”, “Хүнд хэцүү үед нь дэмжихгүй, тавлаж байгаа чинь таалагдахгүй байна”, “Ёкозүнаг ёкозүна хүн л ойлгоно гэж үнэн үг юм байна”, “Майноүми танд мэдрэмж алга, хүндэтгэл алга”, “Комүсүби цолтой хүн Ёкозүнагийн дарамт, хариуцлага, үүргийг яаж ойлгох вэ”, “Майноүми комүсүби цолтой ганц башё барилдахдаа 2-13 байсан биз дээ” зэрэг шүүмжлэл гарчээ.

Майноүми энэ башёд озэки Киришимаг өвдөг шороодоход мөн шүүмжилж байсан. Тэмцээний гурав дахь өдөр комүсүби Ёшинофүжид унасан Киришимаг “Ялагдсан Киришимагийн довтолж, дайрч байгаа нь... Одоо болтол сүмо бөхийг ойлгоогүй байна даа. Сүмо мэддэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө” гэж тайлбарласан.

Үүний дараа сүмо сонирхогчид Майноүмиг шүүмжилж эхэлсэн. Тэд “Илүү үг хэлэх юм. Киришимаг арай л хүндлэхгүй байна”, “Майноүми Киришимад ямар нэг өс хонзон байгаа юм болов уу”, “Комүсүбигээс ахиагүй хүн ид барилдаж байгаа озэкид сүмо мэдэхгүй гэж хэллээ гээд хэн ч итгэхгүй”, “Комүсүби цолтой ганцхан башё барилдаж буучихаад озэки цолтныг шүүмжлэх нь тэнэг хэрэг” гэж бичсэн байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...