Гудамжны мухлагаас дэлхийд гарсан тогооч Мишелин одоо алджээ
Тогооч Чан олон жилийн турш Сингапур дахь хятад хороололд гоймонтой хуурганы жижиг мухлаг ажиллуулжээ. Түүний бэлтгэдэг цуугаар амталсан тахиан махтай хуурга нь дэлхийн хамгийн тансаг, дээд зэрэглэлийн ресторануудад олгодог Мишелиний одыг 2016 онд хүртсэн байна. Тэрбээр нэг аяга гоймонтой хуургыг 2.50 доллараар худалдаалдаг байсан нь мэргэжлийн хоол судлаачдын олгодог Мишелин одыг хүртсэн хамгийн хямд хоолны газар болжээ.
Уг жижиг мухлаг Мишелин одыг хүртсэнээсээ хойш нэр алдарт хүрч олны хөлд дарагдах болов. Чан энэ байдлыг ашиглан хоолны газрынхаа цэсийг баяжуулж Тайланд, Филиппин зэрэг улсад салбараа нээж олон улсын сүлжээ ресторан болтлоо өргөжсөн байна. Гэтэл энэ есдүгээр сард шинэчлэгдэн гарсан Мишелин одот хоолны газрын жагсаалтад Чан Хонг Мэнгийн ресторан багтаагүй гэнэ.
Одоо алдсан тогооч Чан "Би 2009 оноос хойш нууц жорынхоо дагуу тусгай арга барилаар тахиатай хуургаа бэлтгэсээр ирсэн. Жор болон хоол хийх арга барилд ямар ч өөрчлөлт ороогүй. Мишелин одоо яагаад алдсанаа сайн мэдэхгүй л байна. Гэхдээ хүн бүр хоол амталгааны тал дээр нарийн, дахин давтагдашгүй мэдрэхүйтэй гэдгийг ойлгож байна. Бид боломжийн үнэтэй амтат хоолоор үйлчилсээр байх болно" гэж CNN сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зарим хүмүүс Чаны алсын хараа, бизнес ухааныг зөвтгөж байгаа ч зарим үйлчлүүлэгчид тэдний бяцхан мухлаг өргөжин тэлснээр хоолны амт чанар нь муудсан гэж үзэж байгаа аж. Сингапурын хоол шүүмжлэгч Сэто "Мишелин одыг хурааж нэр хүндийг нь хамгаалсан нь зөв болсон" гэжээ. Тэрбээр хоол шинжээчид цар тахлын үед хүнд байдалд ороод буй хоолны салбараа дэмжих хэрэгтэй. Нэг тогооч, нэг хоолны газар одоо алдсан нь тийм ч сүртэй зүйл биш гэжээ.
Эх сурвалж: CNN