Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Багш нарын тухай сэтгэл хөдөлгөм 9 ТҮҮХ


Өнөөдөр Монголын Багш нарын 55 дахь удаагийн баяр тохиож байна. Зөвхөн багшаасаа л авч болох ер бусын мэдрэмж, урам зориг, хүсэл мөрөөдөл ургуулсан үгс, эгэл үйлдлээрээ нэгэн хүний амьдралыг чиглүүлэн өөрчилсөн эгэл бус түүхүүдийг энэ удаагийн UB.LIFE-ийн түүхүүдээр танд хүргэж байна. Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх билээ!


 

Би маш гайхалтай багшийнхаа талаар бичмээр байна. Магадгүй тэр эмэгтэй өөрийнхөө ямар гайхалтайг ч мэддэггүй байх. II курсийн оюутан байхдаа багшийнхаа чухал ажил дээр тусалж байлаа. Өнөөх ажил ч амжилттай дуусаж, дараагаар нь хаа нэг багшийн өрөөнд нь орж цай уунгаа зарим зүйлсийг ярилцдаг болов. Багшийн өрөө нээх тийм сайхан үнэртэй. Яг ийм тийм гэж хэлэхэд онож хэлэх зүйрлэл алга. Тийм болохоор ч тэр үү өрөөнд нь орох их дуртай. Нэг удаа багш надаас "Танай ангийн "тэр" зүгээр үү? Фэйсбүүктээ оруулсан постууд нь их л хачин байна. Сэтгэлийг нь юу зовоогоод байгаа юм бол?" гэж асуусан. Бид хоёр ч тэр охины талаар хэсэг ярилцаж байгаад надад найзыгаа анхаарч байхыг зөвлөөд, тэр яриа өндөрлөсөн юм л даа. Маргааш нь багш тэр охинд зориулаад "Хамгийн сайн охин шүү, мундаг шүү" гэсэн утгатай пост оруулсан байж билээ. Тэр найз маань ч бөөн баяр болсон байхыг хараад багшийгаа чин сэтгэлээсээ хайрлаж, хүндлэх сэтгэл бүр ч их төрж билээ. Багш хүн гэж бахадмаар шүү.

Т.М, 21 настай

Нэг өдөр тирко урагдчихсан явж байхад 10 жилийн ангийн багш маань өрөөндөө сэмээрхэн дуудаж оруулаад "Охин хүүхэд уранхай тиркотой явбал хүмүүс чамайг доогуур үнэлнэ. Май, миний охин үүнийг солиод өмсчих" гээд өөртөө байсан илүү тирког өгч билээ. Тэрнээс хойш багшийнхаа үгийг санаад уранхай цоорхой юм өмсөхөө больсон, бас үнэхээр өөрийнхөө охин шиг дулаахан сэтгэлээр хандсанд нь талархаж явдаг даа. Ирээдүй цогцолбор сургуулийн Хайртуяа багшдаа баярлалаа. Нэр нь хүртэл "хайр" байгаа биз?

М.Г, 23 настай

    Оюутан байхад чихэвч бол хамгийн сайхан эд хэрэглэл юм шиг санагддаг байж билээ. Чихэвчээ зүүгээд сургуулийн энд тэндхийн булан тохойд очоод суух зав надад үргэлж гардаг байлаа. Мэдээж оюутан байсан болохоор үнэтэй чихэвч мэдээж авч чадахгүй шүү дээ хамгийн үнэтэйдээ 20-30 мянгын хаанаас ч ирсэн юм гэмээр чихэвч аваад дүлий годил царайлаад явдаг байв. Чихэнд дуу л явж байвал боллоо шүү дээ гэж боддог нас. Өвөл болохоос өмнө 3D график ордог багш Ц-тэй мэргэжлийнхээ талаар ярьж ирээдүйд юу хийхээ зөвлөлдөж байтал нэг мэдсэн хадуураад дууны талаар ярилцаж эхлэв. Багш үүргэвчээсээ ахынхаа өгсөн SONY-ийн noise cancelling-тэй чихэвч гаргаж ирээд чи сонсоод үз дээ гээд өглөө. Би анх удаа чихэвч хүнд тав тухтай, чих амрааж дугарч болдгийг мэдэж билээ. Багш гэнэт "Чи бод доо, үүний дараагийн хувилбар гарчихсан, тэрнийг нэг сонсоод үзчих юмсан" гэж хэлэнгээ цүнхнээсээ ахиад нэг чихэвч гаргаж ирээд одоо энийг үз гээд өглөө. Хүн амьдралдаа хоолны амтлагааг л таашааж болдог юм шиг санагддаг ч миний хувьд тэр үед "чихэвчний амтлагааг" хийчих шиг болсон. Бид хоёр ч ярьж дуусаад гэртээ харьцгаах болов. Багш минь надад миний хэзээ ч авна гэж бодож байгаагүй, үүнд мөнгө зарцуулна нь ч гэж төсөөлж байгаагүй Sony-ийн чихэвч, бас спийкерээ өгөөд туршиж үзээрэй гээд өгч явуулав. Хүнд итгээд юмаа өгч явуулна гэдэг миний хувьд одоо цагт хэцүү болсон юм шиг санагддаг, тэгээд бүр хичээлийн тасалдаг над шиг оюутанд шүү дээ. Би мэргэжлээрээ ажилд оровоо. Видео эвлүүлэгч хүнд багшийн өгсөн өнөөх чихэвч, спийкер хоёр хамгийн хэрэгтэй, үнэтэй эд зүйл болж хувирав. Санаа дагаад ч тэр юм уу, өнөөх хоёроо харахаар багшийн өгсөн итгэл мэдрэгдэж ажлаа бүр сайн хиймээр санагдаж урам орно, ямар нэг зүйлд мэргэшиж эцсийн үзэх хэрэгтэйгээ ч ойлгов. Тун удалгүй багшид чихэвч, спийкер хоёроо буцааж өгөх цаг ирэхэд багш минь "Чи ав, бүр ав. Ажилд чинь хэрэг болно" гэж хэлэв. Ирээдүйн зорилго руу минь багшийн бэлэглэсэн чихэвч намайг хөтөлсөн юм шиг санагддаг. Магадгүй багш зүгээр л нэг чихэвч өгөөгүй байх. Тэр чихэвч яг л жинхэнэ хөрөнгө оруулалт, урам, итгэл найдвар, мөрөөдөж амьдрах тухай, хүний зүйлд өөриймсөг хайрлаж хандах зан чанар, мөн чанартай технологи хэрхэн хүний насан туршийн хань болж болох талаар сургасан юм шиг санагддаг. Одоо багш бид хоёр хамт ажилладаг. Өнөөх чихэвч, спийкер хоёр байж л байна. Чөлөөт цагаараа багш бид хоёр өөр өөр брэндийн чихэвч, спийкер сонсож үзэн, хөөрөлддөг. Бид хэдий насны зөрүүтэй, ертөнцийг үзэх үзэл өөр байсан ч багш минь "найз" шиг л үргэлж хажууд зөвлөж, маазраад байж байдаг. Тэр хүн ганцхан 3D графикийн багш биш, амьдралын багш.

 Зурагт: Багшийн чихэвч ба бамбарууштайгаа хамт.

Марал, 21 настай

Дунд сургуульд байхад аав ээж хоёр их муудалцдаг, аав заримдаа ээжийг зодчихдог, манайх бараг мөнгөгүй, ер нь л амьдрал хэцүү байв. Нэг удаа уйлчихсан, бүлцэн нүдтэй хичээлдээ ирсэн юм. Хичээл дуусаад хүүхдүүд бүгдээрээ ангиас гарахад ангийн багш маань намайг үлдэхийг хүсээд "Миний охин юу болоо вэ? Багш нь туслах уу? Ээж аав нь зүгээр үү? Цовоо сэргэлэн, мундаг байдагсан" гээд асууж билээ. Зүгээр л "Миний охин" гэдэг үгийг нь сонсоод л би уйлчихсан. Аав ээжээсээ тийм үг дуулаагүй удсан байхгүй юу. Хүүхдийн нүдний харцаас нь л гунигтай байгааг нь олж хардаг тийм мундаг, хүүхэд бүрийг өөрийнхөө хүүхэд шиг дуудаж, хайрладаг багш нар олон байгаасай. 

Хулан, 25 настай

"Хишиг" дунд сургуулийн уран зохиолын Чулуунхүү багш минь миний амьдралд хамгийн том нөлөөг үзүүлсэн хүн яах аргагүй мөн. Бичсэн шүлэг, өгүүллэг, хичээл дээр бичсэн бага сага бичвэрийг минь чин сэтгэлээсээ уншиж, өөрийн сэтгэгдлээ хэлж өгнө. Багш минь "Чи бичнэ, чи бүтээнэ" гэж юу ч мэдэхгүй дунд сургуулийн охинд хэлж, мөрөөдөл ургуулж, чадна гэдэгт нь итгүүлж чадсан хүн. Шүлгүүдийг минь уншаад сэтгэл нь их хөдөлнө. "Нүдээрээ инээдэг, сэтгэлээсээ бичдэг" гэж намайг магтана. Ангийн хүүхэд бүрт тохирох шүүмж, сонсох хэрэгтэй магтаалыг нь олоод хэлчихнэ. Тиймээс ч бүх ангийн, бүх хүүхдүүд Чука багшид хайртай, хичээлийг нь тэсэн ядан хүлээдэг байсан шиг санагддаг. 9-р ангийн зуны даалгаварт багш маань "Монтений эсээ", "Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил", "Дэлхийн сонгомол өгүүллэг" зэрэг 10 номын жагсаалт өгсөн юм. Намар нь манай ангийнхан тэр жагсаалтыг санах ч үгүй байсанд, ганцаараа бүгдийг нь уншсандаа баахан өөрөөрөө бахархаж билээ ккк. Яг л намайг төлөвшихөд, өөрийгөө олж нээхэд, номонд дурлахад нөлөөлсөн, одоо хүртэл хааяа дэлгэж хардаг номууд. Хэрвээ багш хэлж өгөөгүй бол хэзээ хойно нь олж уншиж, ухаарах байсан байх. Уран зохиолын багш хүн хүний амьдралд ямар их нөлөөлж, өөрчилж, чиглүүлж чаддаг юм бэ гэдгийг Чулуунхүү багшаасаа ойлгосон. Багшдаа хайртай гэдгээ хэлмээр байна. 

 Зурагт: Багштайгаа хамт, Төгсөлтөөс 2 жилийн дараа.

Сүрэн, 25 настай

Их сургуулийн эхний курст Экологи судлалын хичээлийг настай багш ордог байв. Салбартаа 30,40 жил ажилласан, мундаг том нээлт хийсэн, ерөнхийлөгчөөс шагнал хүртэж байсан "лут" багш. Гэхдээ нэгдүгээр курсийн "бацаанууд" тэрийг нь мэдэх биш, ангийнхан бараг хичээл эхлэнгүүт ирцээ бүртгүүлээд нэг нэгээрээ чимээгүйхэн нүдийг нь хариулаад гараад явчихдаг, өөр юм хийдэг, бараг хөзөр тоглож суудаг байв. Багш хараа муутай, дээрээс нь сулхан жигд хоолойгоор лекцээ уншдаг, ангийнхан гарч явахыг, өөр оюутны өмнөөс ирц бүртгүүлэхийг бараг анзаардаггүй байв. Би яг эхний эгнээнд суухад, багшийн үнэртэй усны ганган үнэр ханхийнэ. Өвөө шиг минь дотно санагдана, хийсэн нээлтүүдийг нь биширнэ, хичээл нь сонсох тусам баялаг, даалгавар нь сонирхолтой учраас би хичээлээ улам сайн хийдэг болсон. Бие дааж багшийн лаборторид судалгаа ч хийдэг болсон доо. Даанч манай ангийнхан тэрийг нь олж харж чадаагүй дээ. Гэхдээ семестр дуусах үед юу болсон гээч? Багш худлаа ирц бүртгүүлсэн, нэгнээсээ хуулсан, худлаа хэлсэн бүх хүүхдүүдэд муу тавьчихсан. Угаасаа энэ хугацаанд бүгдийг нь мэдэж байсан байхгүй юу. Тэгээд ангийнханд хандан миний хэзээ ч мартахгүй нэг үгийг хэлсэн юм. "Хүн үнэнээрээ байх шиг сайхан юм байдаггүй юм" гэж...

Sean, 26 настай 

"Sex Education" цуврал дээр багш нь "Итгэж байгаа зүйлийнхээ төлөө дуугарах нь хэзээ ч цаг гарзадсан зүйл болохгүй" гэж хэлдэг дээ. Багш хүнээс сонсож болох хамгийн гоё үг байсан. Амьдрал дээр бусад шиг сэтгэлд хоногшсон сайхан дурсамж үлдээсэн багш надад байдаггүй ч ном, зохиол, кино урлагаас би өөрийн гэх багш нараа олж авсан даа. "Goog Will Hunting" дээр "Хүмүүст аав гэж байдаг бол, зарим хүмүүст аав шиг хүн гэж байдаг" гэж хэлдэг шиг. 

Тэмка, 22 настай

2018 онд урлагийн чиглэлээр ажилладаг мундаг залуус цуглан нэгэн хөтөлбөрт хамрагдан намраас зун хүртэл хичээл үзэж, долоо хоног бүр цугладаг байлаа. Тэр дунд минийхээс ч урт үстэй, тэгээд тэр үс нь минийхээс ч шулуун, ширхэг ширхгээрээ намирдаг тийм гоё үс толгойтой нэг залуу яваад л байв. Гэхдээ бид хоёр тэр болгон юм ярьж үзээгүй ч нэг өдөр бүр их сургуулийн багш гэдгийг нь олж дуулав. Надаас нэлээн ах, багш залуу байсныг нь мэдээд гайхаж ба олон юм ярилцаж асуумаар болж билээ. Учир нь би ч бас ирээдүйд багшлах сонирхолтой байсан юм. Бид хоёр ангийн л нөхдийн хувиар явсаар, хавар болоход бидний гэр нэг зүгт болохыг олж мэдэн хамт алхдаг болов. Намайг хүргэж өгчхөөд нэлээн хол алхдаг байсныг нь мэдэхгүй байнга тэр холоос хамт алхана. Тэр ангийн хамгийн мундаг яриа хөөрөөтэй, ажилдаа маш няхуур бас ганц ч тасалж үзээгүй гэдгээрээ "од" нь. Би дунд нь хоёр гурван удаа 14 хоногоор гадаад дотоод явж чөлөө авдаг "үзэгддэггүй шахам" нь байлаа. Тэгээд л нэг өдөр бид хоёр ярилцаж суухдаа хамт гадаад явъя гэж тохироод, өөр хамт явах хүмүүс хайснаа ч олдохгүй байсаар миний нэг найзтай цуг гурвуулаа ОХУ-ыг зорих болсон юм. Тэр үеэс хойш бид хоёр нэгнээсээ нэг сар ч хол байж үзээгүй. Тэр эвдэрсэн юмыг янзалчихдаг, сайхан хоол хийчихдэг, хичээлдээ тэгж их сэтгэл зүрх зориулан бэлддэг, сургуулийнхаа бүх ажилд л идэвхтэй оролцдог, бусдынхаа хувьд хамгийн итгэл даадаг хүн нь юм. Нэг удаа би түүний хичээлд нууцаар орж суусан юм. СУИС-РТМУС-ийн зааланд сурагчдынх нь дунд суугаад хичээлийг нь сонсоход тэр их л хатуу чанга, залуу багш нар гэхээр л заавал зөөлөн байдгийн яг эсрэг, сурагчид нь хүндэлж, үг бүрийг нь сонсдог тийм багш байсан юм. "Одоо энэ жилийн нэгдүгээр курсийнхэндээ зөөлөн хандана аа" гээд бүгдтэй нь хар шөнөөр залгасан ч хүлцэн ярилцаж, зөвлөж байгааг нь хараад бахархсан. Тэр зөвхөн оюутнуудынхаа ч хувьд бус миний хувьд ч сайн багш байсан юм. Өнгөрсөн жил "Шилдэг залуу багш" болоход нь маш их бахархсан даа. Одоо бид хоёр дөнгөж төрөөд удаагүй бяцхан хүүтэйгээ, аль аль талдаа ажлаа зохицуулан, залуу гэр бүлийн жишгээр амьдарч байна. Миний учирч байсан хамгийн сайн багш бол миний нөхөр.

 Зурагт: Залуухан багш аав

 - О.А, 25 настай

Оюутан байхад болсон явдал л даа. Нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг байсан бид чинь ангиараа шахуу англи хэлэндээ тааруу улс байлаа. Ядахад, англи хэлний багш маань маш хатуу, залуухан эмэгтэй байсан юм. Нэг удаагийн хичээл дээр багш "Сургуулиудын хооронд англи дууны уралдаан болох гэж байгаа, та нар орооч" гэж хэлдэг юм байна. Сүүлд багшаас сонсохнээ бид хэд ямар ч орох шинжгүй харагдсан гэдэг юм. Тэгсэн ангидаа нийлж хичээлээ давтдаг байсан бид долоо гэнэт оръё барья болж, бэлдэж эхлэв ээ. Англи хэлэндээ сайн биш мөртлөө YouTube-ээс хайж байгаад Spice Girls хамтлагийн Mama гэдэг дууг багаараа, арай нэг гайгүй дуулдаг охиноороо “Сувдан эрэг” киноны There You'll be гээд нэг их романтик дууг дуулуулахаар сонгов. Одоо бодоход үгийг нь ойлгож байсан ч юм уу бүү мэд, шууд цээжилсэн л байх хаха. Хоолойгоо сөөтөл хэд хоног бэлдээд тэмцээндээ орлоо доо. Англи, япон хэлний ангийн оюутнуудтай өрсөлдөж байгаадаа жаахан айдастай эхний хамтлаг дуугаа дуулсан чинь дажгүй шүү. "Хүүшээ, бараг түрүүлчих юм биш үү" гэж бодоостой. Тэгтэл гоцлол дуун дээр манай хүний микрофон гэнэт ажиллахаа болиод цэвэр хоолойгоороо дуулсан даа ёо. Бид хэд за дуус дуус гэж бодоод зогсож байтал хоёрдугаар байранд орсон гээд зарласан чинь бүр шок. Багш маань тэгэхэд биднээс ч илүү баярлаж байгааг хараад хоёрт орсондоо огт харамсаагүй. Тэмцээн дууссаны дараа багш бид хэдийг кафе дагуулж ороод бялуу авч өгч билээ. Түүнээс хойш би англи хэлийг үнэхээр сонирхож, суралцаж эхэлсэн болохоор багшдаа үргэлж баярлаж явдаг. Харин дараа жил нь багш маань ажлаасаа гарсныг сонсоод утасны дугаар ч үгүй хоцорсондоо харамсаж билээ. Багшийг маань Хишигсүх гэдэг МУБИС-ийн Гадаад хэлний сургуульд багшилдаг байсан. Одоо ч гэсэн дахиж нэг уулзаад баярлаж явдгаа хэлэх юмсан гэж хүсдэг дээ.

Б.Н, 28 настай



Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
3 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт
санал болгох
1
2 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
3 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.