Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД "FALLING WALLS LAB MONGOLIA’21+ENGAGEx" ФОРУМД ЧУУЛЛАА


Дэлхийн шилдэг эрдэмтэн залуусын оюуны бүтээлийг олон улсад танилцуулахын зэрэгцээ орон орны эрдэмтдийн мэдлэг, шинэ туршлагаа солилцох талбар болдог Falling Walls Lab Mongolia’21+ENGAGEx нээлттэй форум 10-р сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Танхим - цахим хосолсон хэлбэрээр явагдсан уг форумын эхний өдөр Falling Walls Lab Mongolia’21 болон Lab-Engage-Collider Mongolia хэсэг зохион байгуулагдсан байна. Тус форум нь Монгол Улсад хоёр дахь удаа амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ өдөр шилдэг оролцогчдоо шалгарууллаа.
Шүүгчдийн зүгээс форумд танилцуулсан бүтээлүүдийг сайтар судлагдсан байдал, туршилт үр дүн, хэрэгжүүлэх боломж нөхцөл, хэрэглээнд нийцсэн эсэх шаардлагаар нь эрэмбэлэн, шалгаруулдаг. Ингээд форумын гуравдугаар байрын шагналыг оролцогч Ammar Abbas “Breaking The Wall of Latent Knowledge Discovery Through AI”, хоёрдугаар байрын шагналыг оролцогч М.Батмөнх “Breaking The Wall of Traditional Functional Drinks” илтгэлээрээ хүртсэн бол оролцогч М.Оюунгэрэл “Breaking The Wall of Indoor Air Pollution” бүтээлээрээ тэргүүн байрын цомын эзэн болж, Falling Walls Lab Mongolia-ийн Үндэсний ялагч боллоо.
Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авав. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэх юм.


Эхний өдрийн арга хэмжээний төгсгөлд болон хоёр дахь өдөр нь зохион байгуулагдсан ENGAGEx шинжлэх ухааны харилцаа холбоо, оролцоог идэвхжүүлэх семинар, нээлттэй хэлэлцүүлгийн зочноор Falling Walls Engage Community-ийн гишүүн олон улсын таван мэргэжилтэн, INWES – Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны төлөөлөл, Falling Walls Lab Mongolia’19 Labster, Engager-үүд зэрэг Монголын болон олон улсын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцож, нээлттэй хэлэлцүүлэг идэвхтэй өрнүүлсэн юм.


Нээлттэй форумын хоёр дахь өдөр Falling Walls Lab Engagex арга хэмжээнд Ирланд, Энэтхэг, Египет, Финланд, Герман болон Монголын эрдэмтэн судлаачид оролцож, байгалийн ухаан болон инженер технологийн мэргэжилд хүүхдүүдийг багаас нь хэрхэн сонирхолтой болгох, сургалтын дэвшилтэт арга барил, олон улс дахь эмэгтэй инженерүүдийн идэвх оролцоо, шинжлэх ухааны салбарынхныг холбон мэдээлэл дамжуулахад салбарын тогтмол сэтгүүлийн гүйцэтгэх үүрэг гэхчлэн олон талт асуудлыг хөндөн хэлэлцлээ. Тус арга хэмжээний их сонирхолтой хэсэг нь яруу найргийн хэсэг байлаа. The Night Poetry сүлжээний монгол судлаач залуус энэхүү хэсэгт өнгө нэмж, дэмжлэг үзүүлэн оролцсон ба хоёр өдөрт хэлэлцсэн сэдвүүдийг хөндөн шинээр зохиосон шүлэг найраглалаа толилуулж их анхаарал татав.
Энэхүү танхим-цахим хосолсон Falling Walls Lab Mongolia’21+ENGAGEx нээлттэй форум арга хэмжээг “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ (AMPMC), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) ба Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран, Falling Walls Сан, Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Олон улсын инженер, эрдэмтэн эмэгтэйчүүдийн сүлжээ (INWES) болон Night Poetry-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab болон fb.me/FallingWallsLabEngageMongolia  хуудаснаас авна уу.


Falling Walls Lab Mongolia’21+Engagex нээлттэй форумын тухай цөөн үгээр
 - Хүндэт зочид ба зохион байгуулагчид -

Форумын нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг:

“Герман улсад анх санаачилсан энэ арга хэмжээ нь дэлхийн улс орнууд дахь судлаачид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид, уран бүтээлчид, сэтгэгчид болон хөдөлгөгч хүч болсон хэсэг хүмүүсийн өөрчлөлт эрэлхийлсэн санаа, санаачилгыг нийгэмд нэвтрүүлэхийг зорьсон хамтын хүчин зүтгэл юм. Том асуудлыг хэн ч ганцаарчлан шийдэх боломжгүй байдаг. Тиймээс ч бид Falling Walls-ийн Монгол дахь түнш байгууллагууд, оролцогчид чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж байгаад баяртай байна. Өнөөдөр бидэнд олон сонирхолтой санаа, санаачилга танилцуулсан Монголын оролцогчдод Берлин дэх Falling Walls Бага хурлын индэр дээр өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!” гэсэн юм.


Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны (INWES) ерөнхийлөгч Проф. Жүн Сүн Ким:


“INWES нь эмэгтэйчүүд, охидыг дэлхийн түвшинд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн ухааны салбарт өндөр оролцоотой байхыг чин сэтгэлийн гүнээс дэмжиж буйгаа илэрхийлье. Илүү сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөөх шинэлэг санаануудаа даян дэлхийд дэлгэн харуулцгаа!”


Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Захирал Проф. Др. Б.Батцэнгэл:

“Falling Walls Lab Mongolia’21 форум нь шинжлэх ухаан, нийгмийн хоорондох ханыг нурааж буй шинэ эрдэм шинжилгээний санаачилгууд, өргөн хүрээний төслүүдийг олон нийтэд танилцуулах зорилготой арга хэмжээ юм. Шинжлэх ухааны нээлт, инновацийг олон нийтэд төдийгүй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад түгээн дэлгэрүүлж, эрдэм шинжилгээний амжилттай хамтын ажиллагааг сурталчлах, шинжлэх ухааны ойлголт, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө зорин ажилладаг. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-тай хамтран 2019 онд залуу судлаачид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн хүмүүст зориулсан Falling Walls Lab платформыг Монголдоо амжилттай хамтран зохион байгуулсан билээ. Үндэсний ялагч нь Берлинд болсон FWLabFinale чуулганд оролцож, өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулж байлаа. Өнөөдөр бид шинжлэх ухааны ололт, туршлагаа хуваалцаж буй гайхалтай мэргэжилтэн, судлаачдын илтгэлүүдийг танилцуулж байгаадаа баяртай байна.”

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Др. Н.Батхүү:


Монголын болон олон улсын залуу эрдэмтдэд туршлага солилцох сайхан боломжийг олгосон Falling Walls Lab форум, ENGAGEx арга хэмжээнд Монгол Улсын Их Сургууль нь хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Цаашид энэхүү судалгааны түншлэлийг улам бүр өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Их Сургууль нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтийг нийгэмд түгээх, нийгэм-эдийн засаг, технологи, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын талаар судалгаа хийх чиглэлээр манлайлан, НҮБ-аас 2015 онд баталсан Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. МУИС нь их, дээд сургуулиуд болон бусад оролцогч талуудыг дэлхийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриалж, дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулахыг уриалж байна.


Монгол Улсын Соёлын элч, AMPMC NGO үүсгэн байгуулагч, хатагтай О.Оюунтуяа:


“Falling Walls нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, бодит үр дүн авчрахуйц шинжлэх ухаан, инновацын дэвшилтэт санаачилгуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй олон улсын цуврал арга хэмжээ юм. Энэ үеэр эрдэмтэн судлаачид оюуны бүтээл, шинэ санаачилгаа танилцуулдаг бол бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид тэдгээр бүтээлийг нийгэмд хүргэх гол алхмыг хийдэг.
Бодит үр дүн авчирдаг учраас Falling Walls арга хэмжээний платформуудыг 2019 оноос хойш Монголдоо тогтвортой зохион байгуулж залуу эрдэмтэн судлаачдад шинэ нээлт, шинэлэг санаагаа танилцуулах, харилцан туршлага солилцох өргөн боломжит тайзыг жил бүр бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. Түүнчлэн дэлхий дахин сорилт бэрхшээлтэй тулгарч буй энэхүү цаг үед хил дамнасан, салбар дундын өргөн хүрээтэй шинжлэх ухааны хамтын ажиллагааны ач холбогдол нь тодорхой байна.
Энэ удаагийн Falling Walls Lab форумыг ENGAGEx семинартай хослуулан зохион байгуулснаар “Лаб”-д оролцогчид, монгол залуу эрдэмтэн судлаачид маань өөрсдийн судалгааны төсөл, бүтээлээ зорилтот салбарынханд хэрхэн хүргэх талаар шинжлэх ухааны харилцаа, холбооны чиглэлээр туршлагатай олон улсын мэргэжилтнүүдээс суралцан, харилцан туршлага солилцох боломжийг өгснөөрөө онцлогтой.


Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.15
Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс
2
2021.10.14
Дунд сургуулиуд олон улсын стандартад нийцсэн талбайтай боллоо
3
2021.10.02
"FALLING WALLS LAB MONGOLIA-21" ФОРУМ ШИЛДЭГ ЭРДЭМТДЭЭ ТОДРУУЛЛАА
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.