Оросын цуглуулагч Александр Шадрины ачаар бид зөвхөн интернэт, эсвэл зурагтаар л харж, сонсож явсан жигтэй сахалт Сальвадор Дали, хачин хөргүүдээрээ алдартай Пабло Пикассо нарын эх бүтээлүүдийг энд, Монголдоо үзэх боломж нээгдээд буй. “Эсмиральда” ямаатай энэхүү үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн билээ. Хэрэв та анзаарсан бол хүмүүс хэдийнэ Дали, Пикассогийн зургуудаар фэйсбүүк, инстаграмаа “чимээд” эхэлсэн. Гэхдээ та өөрийгөө хожимдсон гэж санаа зовох хэрэггүй. Учир нь энэ үзэсгэлэн нэг сарын турш үргэлжлэх бөгөөд магадгүй одоо л Занабазарын музейг зорих хамгийн тохиромжтой үе байж ч мэднэ. Олны хөлд дарагдсан үзэсгэлэнгийн танхим тун удахгүй чөлөөтэй болж, ухаан зарж байж учрыг нь ойлгох зураг, баримлуудтай тухтай танилцах үе ирнэ. Гэхдээ энэ үзэсгэлэнг үзэхийн өмнө “өөрийгөө бэлдэхэд” тань тус болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэв. Дали, Пикассогийн үзэсгэлэнг үзэхээсээ өмнө та дараах зүйлсийг заавал мэдэж байх ёстой шүү.
1. Александр Шадрины урлагийн бүтээлүүдийн цуглуулга дэлхийн хэмжээнд эхний дөрөвт ордог томоохон цуглуулга юм.

2. Харин Монголд 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Александр Шадрины хүү Ярославын ярьж буйгаар илүү олон бүтээлийг дэлгэх зорилготой байсан ч музейн зай талбай хүрэлцээгүйн улмаас хамгийн сор бүтээлүүдийг шилж үзүүлж байгаа гэнэ.

3. Шадрины гэр бүл Дали, Пикассогийн үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй оронд дэлгэн үзүүлжээ. Харин ОХУ-ын 55 музейд гаргасан байна. Монголд ирэхийн өмнө БНХАУ-д үзэсгэлэн гаргаад иржээ.

4. Александр Шадрин уран зургаас гадна баримал, керамикийн бүтээл цуглуулдаг. Александрын Сальвадор Далигийн уран баримлын цуглуулга нь дэлхийн хамгийн том цуглуулгад тооцогдож байна.





5. Дэлхийн хэмжээний ийм том цуглуулга нь орос хүний өмч учраас мөн Оросын Холбооны Улсын өмч болдог аж. Тиймээс хоёр жилд багтаж нэг удаа Оросын Холбооны Улсын хил руу буцаж орох ёстой байдаг юм байна. Харин бусад үед гол төлөв дэлхийн орнуудаар “аялан тоглолт” хийдэг томоохон үзэсгэлэн гэнэ шүү.

6. Пабло Пикассогийн “Эсмиральда” нэртэй ямааг бэлгэдэж Занабазарын музейн хамт олон Александр Шадрин, Ярослав Шадрин нарт ямаа бэлэглэжээ. Тэд ихэд баярлан үзэсгэлэнгийн нээлтээ “Эсмиральда” ямааг хөтлөн сюрреалист маягаар хийсэн нь олны анхаарлыг татаж байлаа.

7. Үзэсгэлэнд Парис дахь Сальвадор Далигийн музейн захирал Лев Бенжамин, Пьер Аржилийн өв залгамжлагч, хүү Жан Кристоф Аржил, Алан Рамьегийн гэр бүл болоод алдарт зураачидтай ойр дотно байсан хүмүүсээс худалдаж авсан бүтээлүүд нь дэлгэгдээд байгаа юм.

8. Сальвадор Дали, Пабло Пикассо нар хоёул Испанийн урлагийн нэрт төлөөлөгчид юм. Гэсэн хэдий ч тэдний арга барил, бүтээлийн өнгө аяс тэс ондоо болохыг та өөрийн нүдээр олж харах болно.

9. Далигийн сюрреалист бүтээлүүдэд түүний төсөөлөл, зүүд, мөрөөдөл нэвт шингэсэн байдаг.

10. Харин Пикассогийн зургуудыг харвал цэцэрлэгийн хүүхэд сараачаад орхисон юм уу гэлтэй элдэв сонин дүрслэлүүд цөөнгүй. Тэр гол төлөв хүн төрөлхтөн, амьтан, ургамал, уул, ус гээд эгэл амьдралыг бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог байв.

11. Сальвадор Дали урлагийн сургуулиа төгсөхийн өмнөх жилдээ сургуулиа орхиж байсан бөгөөд “Энэ сургуулийн аль ч профессорт намайг шүүх чадвар алга, би гарлаа” гэж хэлжээ.

12. Дали багын анд, яруу найрагч Паул Элуардийнхаа гэргий Галад сэтгэл алдарч, хожим гэр бүл болсон байна. Гала түүнээс 10 насаар эгч байжээ.

13. Сальвадор Дали сахлынхаа өвөрмөц засалтын санааг классик зураач Диего Велазкуэзээс авсан гэдэг.

14. Харин Пабло Пикассо театрын урлагтай салшгүй холбоотой байсан бөгөөд үзэсгэлэнд тавигдсан хөрөг бүтээлүүдээс Дундад зууны үеийн театрын жүжигчдийг олж харах боломжтой.






15. Пикассо амьдралынхаа туршид зургийн хэв маягаа өөрчилж байв. Түүнийг урлаг судлаачид сюрреалист, экспрессионист, постимпрессионист зэрэг олон төрөлд хамааруулдаг.

16. Пикассо 62 насандаа коммунист болж, АНУ-ын цэргүүд жирэмсэн эхчүүд болон бяцхан хүүхдүүд рүү халдаж буйгаар дүрсэлсэн бүтээлүүд туурвиж байв.

17. Пикассогийн бүтээлүүд хамгийн их хулгайлагддаг бөгөөд 2012 оны байдлаар 1147 бүтээл алдагджээ.

18. Үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл гарна. Том хүний тасалбарын үнэ 10.000₮, оюутан 7.000₮, сурагчид 3.000₮ бөгөөд бага насныхан үнэ төлбөргүй үзэх боломжтой.
