Маргааш Дэлхийн хүүхдийн өдөр. 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ Хүүхдийн эрхийн конвенц баталсан бөгөөд 2017 оноос тус өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэхийг НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалснаар өдгөө 196 гаруй орон тус өдөр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн дуу хоолойг сонсох талаар сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах болсон.
“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг угтан НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй хот” сэдэвт дэлхийн хотуудын дарга, удирдлагуудын цахим чуулга уулзалт зохион байгууллаа. Тус хуралд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цаашид Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал бөгөөд энэ хүрээнд бусад хотын туршлагыг судалж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй” хэмээлээ.