UBLife Logo
Нийгэм

Монголын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн сонгуульд сонгогджээ

Монголын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн сонгуульд сонгогджээ

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулган Парис хотноо энэ сарын 9-24-нд зохион байгуулагдаж байна. Мэдээлэл, харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл, Статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль өчигдөр болж, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХХОУХ)-ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдон 2021-2025 онд ажиллахаар болов. Үүрэгт хугацаанд Зөвлөлд манай улсыг төлөөлж МХХХОУХ-ийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал ажиллах юм. Тэрбээр дээрх хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онд сонгогдон ажиллаж байв. 

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийг хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилгоор 1980 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 39 гишүүн улсаас бүрдэж, МХХХОУХ-ийн тэргүүлэх чиглэлийг батлах, хөтөлбөрт гишүүн улсуудын үр дүнтэй оролцох арга замыг хэлэлцэх, хөтөлбөрөөс тусламж хүсэж буй төслийн шаардагдахуйц санхүүжилтийн зохистой тогтолцоог батлах зэрэг үүргийг хүлээдэг. Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр 2013-2017 оны хооронд сонгогдон ажиллаж байсан.

Түүнчлэн, ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн төлөөлөгч Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд сонгогдон 2021-2025 онд ажиллахаар болов. 

ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн нь Тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу чанартай боловсролын асуудлаарх болон ЮНЕСКО-ийн бусад салбарын статистик мэдээллийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн нь дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Удирдах зөвлөлийн үндсэн үүрэг бол хүрээлэнгийн бодлого, өргөн хүрээний чиг үүргийг тодорхойлох, байгууллагын жилийн хөтөлбөр, төсвийг батлах юм. Мөн Удирдах зөвлөл нь хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлгээ хийж, зааварчилгаа өгч ажилладаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.