Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

Дээд лигийн шилдэг довтлогч Г.Хонгорзул: Волейбол тоглож байгаа л бол багтаа нөлөөтэй байхыг хүсдэг


“Волейболын Үндэсний Дээд лиг”-ийн тэмцээний хоёр удаагийн мөнгөн медальт “Хобби Эйс” багийн довтлогч, спортын мастер Г.Хонгорзултай ярилцлаа. Хоёр жилийн өмнө Дээд лигийн тэмцээнд анх оролцохдоо л тэрбээр багийнхаа хамт мөнгөн медалийг хүртэж байв. “Хобби Эйс” баг энэ жилийн Дээд лигийн тэмцээнд онцгой амжилт гарган, 17 тоглолтод дараалан хожсон юм. Өөрөөр хэлбэл, тэд лигийн эхний тоглолтоос финал хүртэлх бүх тоглолтууддаа ялсан билээ. Ярилцлагын маань зочин Г.Хонгорзулын хүчтэй, оновчтой, ухаалаг довтолгоонууд “Хобби Эйс” багийн энэхүү амжилтын салшгүй нэг хэсэг байсан. Тэрбээр энэ жилийн “Үндэсний Дээд лиг”-ийн тэмцээний “Шилдэг довтлогч”-оор шалгарсан юм. Мөн өмнө нь “Энагурэ” багт тоглохдоо “Холбооны цом”-ын тэмцээнд түрүүлж, Залуучуудын Улсын АШТ-д гурван удаа аваргалсан амжилттай. Түүнчлэн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2015 онд Азийн АШТ, 2016 онд Зүүн Азийн АШТ-д оролцож байсан Монголын волейболын өнөө цагийн шилдэг тамирчдын нэг гарцаагүй мөн билээ.

 -Шигшээ тоглолтууд эхлэхээр Спортын төв ордны суудал дүүрч, гаднаа ч бас урт дугаар  үүсгээд үнэхээр өөр уур амьсгал бүрдэх юм аа. Тойргийн тоглолтуудтай харьцуулшгүй тийм халуун нүргээнтэй нүүр тулах хэр гэнэтийн байв?

-“Хилчин”-тэй хийсэн эхний тоглолтод заалны чимээ шуугиан их байлаа. Үүнээс болоод талбай дээр хоорондоо ярилцахад хүртэл хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Манай багийн тойргийн тоглолтуудад үзэгч байгаагүй юм. Төсөөлснөөс үнэхээр тэс өөр тоглолт болсон. Хоёр жилийн өмнө хүртэж чадаагүй аваргын алдрыг авахсан, тэмцээний туршид үзүүлсэн төгс амжилтаа хамгаалаад түрүүлчих юмсан гэсэн бодолдоо баригдаад харин ч муу тоглолоо. Хэдий тоогоор хожигдож явсан ч хожно гэсэн итгэл байсан нь биднийг тайвшируулаад байсан юм.

-“Хилчин” клубтэй тойргийн шатанд гурван удаа тоглоход бүгдэд нь хожсон учир шигшээ цувралын эхний тоглолтод танай багийг 0:3-аар ялагдана гэж төсөөлсөнгүй. Гэхдээ финал хүртэлх 17 тоглолтоос 5 сет гаргасан ганц тохиолдол нь “Хилчин”-тэй хийсэн тоглолт байсан. Шигшээ тоглолтын өмнө ямар нэгэн болгоомжлол байгаагүй гэж үү? 

-Эхний тоглолтод өрсөлдөгч багийн авсан 75 онооноос 53-ыг нь бид өөрсдийнхөө алдаанаас болж эсрэг багтаа өгсөн. Тэгэхээр хоёр сетийн тоглолтод өөрсдөдөө л хожигдчихсон гэсэн үг. Түрүүлчих юмсан гэдэг бодлоор оюун санаагаа хүлчихээд түүнээсээ мултарч чадсангүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ч тэмцээн зохиогдоогүй, хөгжөөн дэмжигчидтэй харьцалгүй удсан нь тоглолтод нөлөөллөө. Хамгийн гол нь сэтгэл зүй л жаахан дутмаг байлаа. Хожигдохоос хэт айсан нь л хожигдоход нөлөөлчихөв үү дээ. Бид нар эхний тоглолтод хожигдсон учир нэг өдөр тоглоод маргааш нь бэлтгэлээ хийгээд нөгөөдөр нь тоглох зарчмаар финалын туршид ямар ч амралтгүйгээр хичээсэн. Тиймээс ялангуяа цувралын гурав дахь тоглолтод эхний хоёр сетэд хожчихсон хэрнээ гурван сетэд дараалан хожигдоход ядарсан маань нөлөөлсөн болов уу. Харин сүүлийн тоглолтод бид чадахаараа сайн хичээсэн. “Хилчин” манайхаас хамгаалалтаараа илүү байлаа. Тэд багаараа хамгаалалт, довтолгоо жигд сайн тоглосон. Түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй нь харамсмаар ч бас бидэнд бүтээж чадсан бахархал бий. Дээд лигийн туршид 17 тоглолт дараалан хожсон, Дээд лигээс хоёр мөнгөн медаль авсан гээд бидний бүтээсэн бахархам амжилт олон. Дараагийн тэмцээндээ бэлтгэлээ илүү сайн хийнэ, бас сэтгэл зүйгээ өндөр түвшинд бэлдэнэ. Биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл маш чухал гэдгийг энэ удаагийн тэмцээн бидэнд ойлгууллаа. “Хилчин” багт баяр хүргэе. Тэд багаараа төгс сайн тоглосон учраас энэ удаа аварга боллоо.

Баг маань байнга түрүүлж, би үргэлж шилдгээр шалгарна гэвэл хэтэрхий мөрөөдөмтгий төсөөлөл болно. Дээд лигийн багт харьяалагдаад 11 жил өнгөрсөн байна. Олон тэмцээнд түрүүлж, түүнээсээ ч олон тоглолтод хожигдож байлаа. Гэхдээ хэзээ ч гутарч байсангүй. Хожигдол харин ч намайг хурцалдаг.

-Тоглолтын явцад сэтгэл зүйн давуу байдлыг өөрийн багт эргүүлэх нь чухал шүү дээ. Тийм сэтгэл зүйн хүчтэй нөлөөллийг ямар байдлаар оролддог вэ?

-Багийн спортод жишээ нь, би ганцаараа сайн тоглоод манай баг хождоггүй. Би муу тоглолоо ч манайх хожигдоно гэсэн үг биш. Багаараа хожиж, багаараа хожигддог. Багийн тоглолт учраа олохгүй байгаа үед хүчтэй довтолгоогоор багаа сэргээхийг хүсдэг.

-Дээд лигийн тэмцээнээс хоёр удаа мөнгөн медаль хүртлээ. Аварга авахыг хэр хүсч, тэр хүслийнхээ төлөө хэрхэн шатаж явна даа?

-Би “Хобби Эйс” багт 2019 онд нэгдсэн. Түүнээс хойш “Тэнүүн Огоо кап”-д түрүүлж, Дээд лигийн тэмцээнээс хоёр удаа мөнгөн медаль авлаа. Гэхдээ цаг хугацааны хувьд энэ багийн бүрэлдэхүүнд хоёр жилийг өнгөрүүлжээ. Энэ жилийн Дээд лигт аварга авахыг маш их хүссэн. Хоёр жилийн өмнө ч мөн адилхан. Тухайн үед гаргасан алдаандаа тулгуурлаад өнгөрсөн хоёр жилд гэртээ ер зүгээр суухгүйгээр хувийн болон багийн бэлтгэлээ маш сайн хийсэн. Үүнийхээ үр шимийг ч хүртэж шигшээ тоглолт хүртэл баг маань ганц ч хожигдоогүй. Би сайн тоглож байж манай баг хожно гэсэн зорилгыг өөртөө тавьдаг. Багийнхан маань бүгд л ингэж боддог байх. Би илүү их хичээж, олон оноо авч, сэтгэл зүйн хувьд эрч хүчтэй байж л баг маань хожно. Тийм ч учраас оноо салахгүй, багийн тоглолт уналттай үед илүү довтолж, хариуцлагыг өөртөө тохоож, тоглолтын уур амьсгалыг удирдахыг хичээдэг. Өнөөдөр би муу тоглоод байна, сэлгээнд суучихья гэж хэзээ ч боддоггүй. Миний тоглолт болж өгөхгүй байсан ч болгохын төлөө үргэлж тэмцэж, хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй. Босоо бөх гэж байдаггүй юм аа гэх үгийг нэгэнтээ сонсож байлаа. Баг маань байнга түрүүлж, би үргэлж шилдгээр шалгарна гэвэл хэтэрхий мөрөөдөмтгий төсөөлөл болно. Дээд лигийн багт харьяалагдаад 11 жил өнгөрсөн байна. Олон тэмцээнд түрүүлж, түүнээсээ ч олон тоглолтод хожигдож байлаа. Гэхдээ хэзээ ч гутарч байсангүй. Хожигдол харин ч намайг хурцалдаг.

Шантрахаараа аав, ээж рүүгээ залгаад “Би гэрээ санаад байна, харьмаар байна” гэж хэлэхээр “За, маргааш очоод авья” гэдэг байсан. Харин маргааш нь залгахаар “Би явахаа больчихсон” гэнэ. Ийм хоёр, гурван удаагийн тохиолдол бий. Гэхдээ би зогсолтгүй урагшилсаар байгаа.

-“Энагурэ” багаас явах шийдвэрийг яагаад гаргасан юм бэ. “Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг шүү дээ. Байр сууриа нэгэнт олж, хэрхэн тоглохоо хэдийн ойлголцсон багаа сольж тухайн үед Дээд лигийн тэмцээнд анх удаа оролцох гэж байсан багт нэгдэнэ гэдэг зоригтой шийдвэр байх. Ер нь тухайн үед шийдвэр гаргахдаа хэр эргэлзсэн бэ?

-Би 2010 онд Улаанбаатар хотод анх ирсэн. Ингээд “Энагурэ” багт нэгдэж Б.Хэрлэн, Чон Ён Ха багш нараасаа волейболын техникийг суралцсан. Харин 2017 онд миний багтайгаа байгуулсан гэрээний хугацаа дууссан юм. Тухайн үед Б.Хэрлэн багш маань “Энагурэ”-г дасгалжуулахаа больсон. Би одоо ч волейболын спортод суралцсаар яваа. Тиймээс хэдийд ч багаа солиход хүрвэл дасгалжуулагчаас нь хамаарч шийдвэрээ гаргана. “Хобби Эйс” баг надад санал тавихад нь “Танай дасгалжуулагч хэн бэ” гэж асуусан. Тэд олон улсын хэмжээний мастер Р.Хангай багштай тохиролцсон байлаа. Тэгэхэд л “Энэ хүнээс би юм сурна, намайг илүү сайжрахад Р.Хангай багш туслах юм байна” гэж бодсон учир “Хобби Эйс” багийн саналыг хүлээн авсан. Харин багийн бүрэлдэхүүн, өмнө нь гаргасан амжилт, тамирчдынх нь талаар юу ч асуугаагүй. Надад юм сургах дасгалжуулагч л чухал байсан. Үргэлж суралцаж, илүү сайжрах л надад чухал байдаг. Нэгэнт л волейбол тоглохын тулд хамаг л ажлаа цалгардуулж буй учир багтаа нөлөөтэй тоглогч л байхыг хүсдэг. 

-Тамирчин болох замд сэтгэл зүйн хувьд ч, биеийн хувьд ч ядрах үе олонтаа тохиодог. Тийм олон сорилтын хаа нэгтээгээс нь цааш тэмцэх хүслээ бүрмөсөн унтрааж, өөр зам руу алхсан хүн олон бий. Одоо ч, хойшид ч тэр замаар алхах, тэгээд тэр сорилтуудтай улаан нүүрээрээ халз тулах хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилнэ. Тааралдсан олон сорилтыг тэвчээртэйгээр даван туулаасай гэж ирээдүйн тамирчдад ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Зогсолтгүй л урагшлах хэрэгтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд надад шантрах тохиолдол өчнөөн байсан. Анх наймдугаар ангиа төгсөөд л хотод ирсэн юм. Шантрахаараа аав, ээж рүүгээ залгаад “Би гэрээ санаад байна, харьмаар байна” гэж хэлэхээр “За, маргааш очоод авья” гэдэг байсан. Харин маргааш нь залгахаар “Би явахаа больчихсон” гэнэ. Ийм хоёр, гурван удаагийн тохиолдол бий. Гэхдээ би зогсолтгүй урагшилсаар байгаа. Гүйж чадахгүй бол алх, бүр чадахгүй бол мөлх гэдэг үг байдаг. Би жирэмсэн байхдаа ч волейбол тоглож байсан. Хүүхдээ гаргаад тавхан сар болоод л волейболоо тоглосон.

-Жирэмсэн үедээ тоглоход энгийн үеэс тэс өөр байгаа биз дээ. Ядрах нь их мэдрэгдэх гэдэг ч юм уу?

-Би жирэмсний таван сар хүртлээ волейбол тоглож байлаа. Бие жаахан хүндрээд, үсрэхэд хөдөлгөөнд тээртэй болчихдог санагдсан. Уг нь жирэмсний гурван сартайдаа Залуучуудын Улсын АШТ-д тоглоход хэвийн л мэт байсан. Жирэмсэн болсон даруйдаа л багийнхандаа энэ тухайгаа хэлсэн. Хэн ч намайг битгий тогло гээгүй. Би волейбол тоглож байгаад л хүүхдээ төрүүлнэ гэж бодож байсан. “Ээж нь одоо тоглолоо шүү. Чи зүгээр байж байгаарай” гээд л хүүхэдтэйгээ ярилцдаг байлаа. Тухайн тэмцээний туршид нэг ч удаа өвдөөгүй. Гэхдээ багийн амжилтад нөлөөлсөн л дөө. Манай баг Холбооны цомын тэмцээнд тухайн жил хоёрдугаар байрт орсон.

“Чи волейболоор тууштай хичээллэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна уу” гэж аавыг асуухад нь юу ч бодолгүйгээр “Хүсэж байна” гэж хариулсан. Тэр явдлаас хоёр, гурав хоногийн дараа намайг хотод хүргэж ирсэн. Тухайн үед би сайн тоглогч байгаагүй. Хөдөө суманд гадаа “төмс”-дөж тоглодог хүүхдүүд байдаг даа. Би тийм л хүүхэд байлаа. Яагаад сонгогдсон бэ гэхээр 14 настай хэрнээ 175 см өндөртэй учир цаашид өндөр болох магадлалтай юм байна гэж үзсэн хэрэг л дээ. Тухайн үед “Энагурэ” клубт 20-иод хүүхэд сонгогдон ирж байснаас би хамгийн муу тоглодог нь байлаа. Бусад нь өөр дасгал хийж байхад би ганцаархнаа доороос хэрхэн авахаа давтаад зогсож байдаг байв. Тийм учраас аав ээж маань намайг сайн тамирчин болгохоор хот руу явуулаагүй. Харин өөрөө хүсэж байгаа учир дэмжье гэж л ээж аав маань надад зөвшөөрсөн.

-Нөхөр тань таныг жирэмсэн байхдаа волейбол тоглоход хэр эсэргүүцсэн бэ?

-Нөхөр маань намайг маш сайн дэмждэг. Намайг жирэмсэн ч гэсэн волейболоо тоглоно гэхэд нэг ч удаа эсэргүүцээгүй. “Болгоомжтой байгаарай” л гэж их хэлдэг байсан. Харин тэмцээн дууссаны дараа “Чамд л хэлээгүй болохоос их айж байлаа. Бүх зүйл сайнаар дууссанд баяртай байна” гэсэн.

-Танай нөхөр Ц.Мөнгөншагай Үндэсний бөхийн сумын заан цолтой. Бас Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “Хоромхон” клубт тоглож байсан. Хоёулаа спортын хүн учир биенээ илүү ойлгодог байх л даа?

-Нөхөр маань “Энэ хүнийг зорилготой, карьертай байхад нь гэрлэсэн учир тэр хүсэл зорилго, тэмүүллийг нь унтрааж болохгүй, харин ч дэмжих ёстой” гэж боддог байх. Надад тэгж мэдрэгддэг юм. Бид анх есдүгээр ангидаа танилцаж байсан. “Энагурэ” клубт элсэхээр Улаанбаатарт ирээд Ган зам 20-р сургуульд орж байлаа. Нөхөр маань тэнд манай дээд ангид суралцдаг байсан бөгөөд мөн сургуулийнхаа волейболын дугуйланд явдаг байсан юм. Сайн карьерын ард сайн хань байдаг. Би хөхүүл байхдаа ч нөхөртөө хүүхдээ үлдээгээд тэмцээнд явдаг байсан. Би тэмцээнтэй, би бэлтгэлтэй гэх болгонд нөхөр маань нэг удаа ч эсэргүүцэж байгаагүй. Хүүхдээ хараад, гэрээ сахиад л үлддэг. Финалын тоглолтуудын үед ч бас бид багаараа байрлах болсон тул нөхөр маань гэртээ хүүхдээ хараад л хоцорсон. “Миний хань тэмцээндээ сайн оролцоорой, бэртэж гэмтэв дээ” гэж захиад л явуулдаг. Сайн хань, сайн дэмждэг хүн хажууд маань байгаа болохоор өнгөрсөн хугацаанд нэг ч удаа шантарч байсангүй ээ. Ажилдаа явна, бэлтгэлээ хийнэ, хааяадаа найз нөхөдтэйгээ уулзана. Тэр болгонд нөхөр маань л хүүхдээ харж үлддэг.

-Цар тахлын үеэр бэлтгэлээ ямар байдлаар хийв. Нөхөр тань дасгалжуулагч учир гэрийн нөхцөлд бэлтгэлээ хийхэд тань сайн зөвлөдөг байх?

-Ноднин лигийн тэмцээн болохоос дөрвөн хоногийн өмнө хөл хорио тогтоосон. Манай баг 2019 оны амжилтаа ахиулна гээд бэлтгэлээ сайн базаасан байлаа. Хөл хорио тогтоосны дараа нөхөр маань “Чи таргалаад байна, тамирчин хүн байж ингэж болохгүй ээ” гэсэн. Хөлбөмбөгийн дасгалжуулагч учир сэтгэл зүйн зөвлөгөөг надад өгдөг л дөө. Бага ч гэсэн бэлтгэлээ хий. Хөл хорионы хугацаанд л чи бусдыг давж гарна, зүгээр сууж болохгүй ээ гээд л. Улмаар нөхрөө дагаад гэрийн нөхцөлд бэлтгэлээ хийсэн. Харин “Хобби Эйс” баг маань дөрөвдүгээр сараас биеийн хүчний бэлтгэлээ эхэлсэн.

-Дөнгөж есдүгээр ангид орох гэж буй жаахан охин Сүхбаатар аймгаас ямар учрал тохиолоор хотод ирсэн юм бэ?

-2010 онд Дорнод аймагт волейболын өсвөрийн Улсын АШТ зохиогдсон. Тэнд би Мөнххаан сумын сургуулийнхаа багтай хамт оролцсон юм. Тухайн тэмцээний үеэр Жан Жин Хун захирал, Чон Ён Ха дасгалжуулагч хоёр намайг харчихаад “Энагурэ” клубт нэгдэх санал тавьсан. Тэгээд л  волейболын клубт орохын тулд хотод ирсэн юм.

-Хотод ирээд шинэ нөхцөл, шинэ хүмүүс гээд амаргүй байсан уу. Хаана байрлаж байв?

-“Энагурэ” клуб тоглогчдоо тусад нь байршуулдаг юм. Нэг айл шиг л гурван өрөө байранд хамтдаа амьдардаг. Анх байгуулагдсан цагаасаа л ийнхүү хүүхдүүдээ хамтад нь байрлуулдаг байсан. Одоо ч “Энагурэ”-гийн тоглогчид хамтдаа амьдарч байгаа. Тухайн үед нас ойролцоо 20-иод хүүхэд цугларсан учир эхэндээ ер уйдаагүй ээ. Хоорондоо танилцаад, бэлтгэлээ хийгээд л, ярилцах сэдэв зөндөө. Харин шантрах үедээ аав ээжийгээ их санадаг байсан даа. 

Азийн АШТ-д оролцох Үндэсний шигшээ багт тоглохын тулд би биеэ маш их дайчилсан нь ур чадвар маань сайжрахад нөлөөлсөн. Олон улсын тэмцээнд анх очиход нүд нээгдэж байгаа юм чинь. Тухайн тэмцээнд олимпийн эрх олгох байсан учир Азийн бүх шилдэг багууд оролцсон. Залуу байсан болохоор зоригтой байлаа. Тохой өндөр хаалтын эсрэг хар бяраараа л цохиж байсан даа.

-Хот явж “Энагурэ” багт нэгдэх шийдвэрийг та ганцаараа гаргаж байв уу, хэнтэй зөвлөж байв. Гэр бүлийнхэн тань таныг сайн тамирчин болно гэдэгт тийм их итгэлтэй байсан хэрэг үү?

-Тухайн үед 14 настай жаахан хүүхэд байсан. Тэгэхээр шийдвэр гаргах эрх надад байгаагүй. Б.Хэрлэн багш маань аав, ээжтэй яриад саналаа танилцуулсан. Улмаар гэр бүлийн хурал хийж энэ асуудлыг эцэслэн шийдсэн юм. “Чи волейболоор тууштай хичээллэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна уу” гэж аавыг асуухад нь юу ч бодолгүйгээр “Хүсэж байна” гэж хариулсан. Тэр явдлаас хоёр, гурав хоногийн дараа намайг хотод хүргэж ирсэн. Тухайн үед би сайн тоглогч байгаагүй. Арай чүү бөмбөгөө тор давуулдаг, доороос ч зөв авч чаддаггүй л хүүхэд байсан. Хөдөө суманд гадаа “төмс”-дөж тоглодог хүүхдүүд байдаг даа. Би тийм л хүүхэд байлаа. Яагаад сонгогдсон бэ гэхээр 14 настай хэрнээ 175 см өндөртэй учир цаашид өндөр болох магадлалтай юм байна гэж үзсэн хэрэг л дээ. Тухайн үед “Энагурэ” клубт 20-иод хүүхэд сонгогдон ирж байснаас би хамгийн муу тоглодог нь байлаа. Бусад нь өөр дасгал хийж байхад би ганцаархнаа доороос хэрхэн авахаа давтаад зогсож байдаг байв. Тийм учраас аав ээж маань намайг сайн тамирчин болгохоор хот руу явуулаагүй. Харин өөрөө хүсэж байгаа учир дэмжье гэж л ээж аав маань надад зөвшөөрсөн. 

-Та 2015 онд зохиогдсон Азийн АШТ болон 2016 онд зохиогдсон Зүүн Азийн АШТ-д Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглосон. Үндэсний шигшээ багт тоглох ямар байдаг бол. Та юуг хамгийн түрүүнд анзаарсан бэ?

-Анх шигшээ багт дуудагдаад баярласан, догдолсон, мөн хичээсэн. Тухайн үед хориод тамирчинг шигшээ багт урьж бэлтгэл хийлгэж байгаад тэмцээнд явахын өмнө бүрэлдэхүүнээ сонгосон юм. Тийм үед маш их хичээж, өрсөлддөг юм билээ. Азийн АШТ-д оролцох Үндэсний шигшээ багт тоглохын тулд би биеэ маш их дайчилсан нь ур чадвар маань сайжрахад нөлөөлсөн. Олон улсын тэмцээнд анх очиход нүд нээгдэж байгаа юм чинь. Тухайн тэмцээнд олимпийн эрх олгох байсан учир Азийн бүх шилдэг багууд оролцсон. Залуу байсан болохоор зоригтой байлаа. Тохой өндөр хаалтын эсрэг хар бяраараа л цохиж байсан даа. Шигшээ баг хэр амжилт үзүүлэх нь тухайн бүрэлдэхүүн хэр нэгдэж чадахаас хамаарна. Харамсалтай нь бидэнд хоорондоо ойлголцох хугацаа олддоггүй. Бас биеийн хүчний хөгжүүлэлтээрээ манай тамирчид маш дутмаг. Тиймээс Монгол тамирчид биеийн хүчээ илүү сайн хөгжүүлээсэй гэж хүсдэг. Би ч мөн биеийн хөгжил сайтай болохыг эрмэлзэж байгаа.

Хүүхэдтэйгээ байнга ярилцдаг учир ээж аавыгаа маш сайн ойлгодог. Заримдаа шөнө ажиллаад, бэлтгэлээ хийчихээд нөхөртэйгээ ч ярих тэнхэлгүй гэртээ орж ирэх үе байдаг. Тэр үед нөхөр маань “Миний охин, ээжийгээ битгий ноолоорой. Ээж нь ядарчихсан байгаа” гэхээр охин маань “Ээж ээ та ядарчихсан байгаа юм уу” гэж асуудаг. “Харин ээж нь ядраад байна аа” гэхээр “За за унт унт” гэдэг юм.

-Волейбол бол Монголд хамгийн өргөн тархсан спортын төрөл билээ. Бид аялал зугаалгаар явахдаа энэ төрлийн тоглоомоор л голчлон зугаацдаг. Гэтэл шигшээ баг маань олон улсын тэмцээнд ер амжилт гаргадаггүй. Манай улсын шигшээ баг олон улсад амжилттай тоглоход юу дутагдаад байгаа юм бол?

-Гадаадын тамирчдын бэлтгэл өндөр түвшинд, ар гэртээ санаа зовохгүйгээр зөвхөн волейбол тоглоход анхаарлаа хандуулдаг. Түүндээ зориулж маш их бэлтгэл хийдэг. Бусад улс орон шигшээ багаа бүтэн жилийн өмнөөс бэлддэг. Харин Монголд эдгээр нөхцөл байдал яг эсрэгээрээ. Бид тоглохынхоо хажуугаар ажлаа хийж байна. Тэмцээнд оролцохдоо хамгийн хол хугацаа нь гурван сарын өмнөөс л бэлтгэлээ базаадаг. Гэтэл гадаадын тамирчид шигшээ багаараа тогтмол бэлтгэл хийж, байнга л тэмцээнд оролцдог. Амжилт гаргахгүй байсан ч тэмцээн завсардахгүй тоглодог. Бид ажил хийхгүй, зөвхөн волейболоо тоглоод амьдармаар байна гэхгүй ээ. Ядаж төлөвлөгөөтэй урт хугацааны бэлтгэл хийвэл амжилт гаргах боломжтой гэж боддог.  

-Аливаа спортын төрлийг хөгжүүлэхэд бас мөнгө санхүү, ивээн тэтгэгч шаардлагатай. Үүнийг олоход менежмэнт маш чухал шүү дээ. Волейболын холбоонд менежмэнт дутмаг байна уу гэж ажигласантай минь та санал нийлэх үү?

-Хөлбөмбөгийн холбоо бүх насны шигшээ багуудаа байнгын бэлтгэл хийлгэдэг. Хэсэг болоод л хаа нэгтээ байрлуулж бэлтгэл хийлгэж байна. Тамирчид нь клубтээ үргэлж фитнесс бэлтгэл хийдэг. Мөн шигшээ багийн дасгалжуулагчаа гадаадаас урьж авчирдаг. Зорилготой. Шигшээ багаа маш сайн нэгтгэж чаддаг. Гадаад руу олон тэмцээнд явдаг. Бас гадаад руу бэлтгэл хийхээр их явна. Нэгт, санхүүжилт нь волейболоос өөр. Хоёрт, хөлбөмбөгийн холбооны менежмэнт нь маш сайн. Монголын волейболын холбоо шигшээ багаа тогтмол бэлтгэл хийлгээд, хожигдсон ч хамаагүй гадаад руу тэмцээнд явуулдаг байгаасай гэж хүсдэг. Тэгж гэмээнэ л амжилт ирнэ. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийнхөн гадаад руу маш их тэмцээнд явдаг. Тэр хэрээр амжилт нь өсөж байгаа шүү дээ.

-Их Британийн усан спортын тамирчин “Токио-2020” олимпийн наадмын аварга Том Дэйлийн юм нэхэж буй зураг өнгөрсөн зун олон нийтийн анхаарлыг ихэд татсан шүү дээ. Түүнээс үүдэн тамирчид анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ямар нэгэн өвөрмөц зүйлсийг хийдэг тухай яриа ч олны дунд өрнөөд амжсан. Танд тиймэрхүү анхаарал төвлөрүүлэх, тоглолтын өмнөх айдас болон сэтгэл зүйн дарамтаас чөлөөлөгдөхийн тулд хийдэг ямар нэгэн үйл, заншил байдаг уу?

-Миний амьдрал волейболтой салшгүй холбоотой. Ирээдүйн зорилго, зорилтууд маань ч энэ л спорттой холбогддог. Өдийг хүртэл нэг ч удаа волейбол тоглохоо болих тухай бодож байгаагүй. Өөр сонирхдог зүйл надад байхгүй. Нөхөр маань “Чи стрессээ тайлдаг волейболоос өөр сонирхдог зүйлтэй болооч” гэдэг л юм. Ер нь өөр сонирхдог зүйлтэй болъё л гэж бодож байгаа.

-Тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Өмнө нь юу ч бодохгүйгээр тоглодог байсан. Харин ээж болоод мөн багийнхаа чухал тоглогчдын нэг болоод ирэхээр маш их зүйл бодогддог юм байна. Тэгэхээр стрессээ тайлдаг ямар нэгэн сонирхолтой л болмоор байна. Багш маань “Та нар тоглохынхоо өмнө дуу сонс” гэж зөвлөдөг. Би ер нь тоглолтын өмнө дотоод хүнтэйгээ ярилцана л даа. Чаддаг бүхнээ талбайд гаргах хэрэгтэйг өөртөө сануулдаг.

-Та ямар мэргэжилтэй, одоо хаана ажилладаг вэ? 

-Би холбооны инженер мэргэжилтэй. Одоо Скайтел компанид ажилладаг. Манай компани тамирчдыг маш сайн дэмждэг. Ээлжийн ажилтай тул заримдаа шөнө нь ажиллаад өдөр нь бэлтгэлээ хийхээр ядардаг. Лигт тоглохын тулд удирдлагууддаа хүсэлт тавиад 14 хоногийн чөлөө авсан. 

-Ажлаа хийгээд ч юм уу, бэлтгэлээ хийчихээд ядарчихсан гэртээ орж ирэхэд хүүхэд тань тантай тоглохыг хүсдэг болов уу. Тэр бяцхан зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хүүхэдтэйгээ байнга ярилцдаг учир ээж аавыгаа маш сайн ойлгодог. Заримдаа шөнө ажиллаад, бэлтгэлээ хийчихээд нөхөртэйгээ ч ярих тэнхэлгүй гэртээ орж ирэх үе байдаг. Тэр үед нөхөр маань “Миний охин, ээжийгээ битгий ноолоорой. Ээж нь ядарчихсан байгаа” гэхээр охин маань “Ээж ээ та ядарчихсан байгаа юм уу” гэж асуудаг. “Харин ээж нь ядраад байна аа” гэхээр “За за унт унт” гэдэг юм. Ядраагүй үед надтай тоглодог. Хадам аав, ээж маань бас бид хоёрыг сайн дэмждэг. Хоёуланг маань спортоор амжилт гаргаасай гэж хүсдэг. Хүүхдийг маань харж өгснөөр бэлтгэлээ санаа зовохгүйгээр хийхэд маш их тусалдаг юм. 

У.Чинзориг 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
13 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
14 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.12.26 66.181.190.94

Мундаг тамирчин шүү,амжилт хүсье!

0 Хариулах