Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2021 ОНЫ ОНЦЛОХ ЦОМГУУД


"Гэрэг" цахим товхимолд багтсан нийтлэлийг хүргэж байна.

Цар тахалд дэлхий нийтээрээ "хүлэгдсэн" өнгөрсөн нэг жил уран бүтээлчдийн хувьд хэдий хүнд байсан ч олон гайхалтай цомог сонсогчдод хүрсэн билээ. Тэр дундаас гурван цомгийг онцолъё. Тоглолт, дуу бичлэгийн хооронд амьсгаа авах завгүй явсаар ингэж тогтож суулгүй олон жил өнгөрсөн байна хэмээн ярих дуучид, хөгжимчдийг сонсохуйяа цар тахал зарим талаар ээлтэй байж дээ гэж бодогдсоныг нуух юун. Саяхнаас аялан тоглолтуудын хуваарь эргэн үзэгдэх болж, уран бүтээлчид шил дараалан шинэ төслүүдээ зарлах болсон нь удаан нам гүм сууж, дуу хөгжим дээр ажилласан уран бүтээлчид сонсогчдынхоо өмнө оргилуун эрч хүчтэйгээр гарч ирэхийг бэлгэдэн байна. Ур бүтээл арвин нэгэн жил айсуй.

Энжи - “Урсгал” 

Германы Мюнхен хотын Хөгжим, тайзны урлагийн их сургуульд жазз дуулаачийн магистр хамгаалж, өдгөө тус сургуульд үргэлжлүүлэн боловсролын чиглэлээр суралцаж буй, жазз дуучин Энжигийн “Урсгал”-ийг энэ оны онцлох монгол цомог хэмээн нэрлэе. Тэрээр урьд нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн найман дууг жаззд найруулан, уртын дуутай хослуулсан “Mongolian Song” нэртэй цомгоо дэлхийд алдартай “Enja Records”-ээс гаргаж байв. “Урсгал” тэрхүү цомгийг нь бодвол хавьгүй урсгал зөөлөн. 

Германы “Squama” лэйблээс эрхлэн гаргасан “Урсгал” цомог утаандаа бүчигдсэн Улаанбаатараас гарч цэвэр агаар амьсгалах мэт сэргэг, сайхан байв. 

UB.life-д өгсөн ярилцлагадаа Энжи “Цаг хугацаа явах тусам л өөрийгөө хайрлана гэдэг өөртөө үнэнч байхыг хэлж байгаа юм байна гэж итгэх болсон. Байгаагаараа байх нь л гоо сайхан юм байна гэж бас боддог болоод байгаа” хэмээн ярьсан юм. Өөрөө мэдэрсэн тэр гоо сайхнаа дотор бадамлан астал сонсогчдод мэдрүүлж чадсан нь энэ цомгийг онцгой болгожээ. Сайхан нь тэр юм гэвэл ач холбогдол нь юу вэ? Монгол хүний онцлогоо шингээсэн, дэлхийд гарахуйц бүтээл ямар байж болохыг үлгэрлэн харуулж байгаа учраас, түүний тулд айхавтар том продакшн, агуу санаа шаардлагатай биш гэдгийг батлан харуулж байгаагаараа энэ цомог асар чухал юм.

Floating Points, Pharoah Sanders, The London Symphony Orchestra - “Promises”

Электроник хамтлаг “Floating Points”-ийн Сэм Шэферд, алдарт жазз саксофонч Фэроу Сандерс нар Лондоны симфони найрал хөгжимтэй хамтран гаргасан “Promises” цомог энэ оны онцлох цомог гарцаагүй мөн. Фэроу Сандерс “New Yorker” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Би зарим хүний огтоос сонсохгүй зүйлсийг сонсож явдаг. Ус долгиолох чимээ. Галт тэрэг ирж явааг. Онгоц хөөрч байгааг” гэж ярьсан нь бий. Сандерс зургаан жилийн өмнө машинд явж байхдаа Сэм Шэфердийн “Elaenia” гэдэг цомгийг сонсоод өөрөөс нь 46 насаар дүү түүнтэй танилцахаар шийджээ. Ингэж “үзэсгэлэнтэй” гэхээс өөр үгээр тодорхойломгүй энэ цомог мэндэлсэн аж. Тархи судлалын доктор зэрэгтэй Шэферд үүнээс өмнө хоёр цомог гаргаж байв. Мөн л шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан цомгууд.   

Гэхдээ энэ бол ажил хийнгээ ч юм уу, алхаж явахдаа сонсох биш, тусгайлан цаг гаргаж, тухтай орчинд, есөн ангийг нь тасралтгүй сонсох учиртай цомог юм шүү. Хүртэх ёстой анхаарлыг нь энэ цомогт зориулахыг уншигч авхайгаас хүсье. Танд 47 минут хэрэг болно.

Billie Eilish - “Happier Than Ever”

Өөртөө итгэдэг болохыг, өөрийгөө бүхэлд нь хүлээн зөвшөөрөхийг бүгд л хүсдэг. Хэний ч хувьд амаргүй энэ “аялал”, эрэл хайгуул өдөр тутам олон сая хүний харцан доор амьдардаг хүмүүсийн хувьд бүр ч амаргүй. Магад тийм ч учраас дуртай уран бүтээлчийнхээ эрэл хайгуулын үр дүнг харах туйлын сэтгэл ханамжтай байдаг болов уу. Сул хувцас, өргөн өмд, юүдэнтэй том цамц зэргийг өмсөж ирсэн Билли өнгөрсөн зургаадугаар сард “Vogue” сэтгүүлийн нүүрэнд корсеттой гарч ирсэн. Илүү даацтай, гүнзгий уран бүтээлийнх нь үеийг эхлүүлсэн энэ хувирлаас бид илүү өөртөө итгэлтэй Биллиг олж харав. 

“Ocean Eyes” дуугаараа гэнэтхэн гарч ирээд “When We All Fall Asleep, Where Do We Go?” цомгоо гаргасны хойно хөгжмийн ертөнцөд ихээхэн нөлөөтэй уран бүтээлч болж хувирсан Билли Айлишийн хоёр дахь бүрэн хэмжээний цомог ямар байх бол гэж сонсогчид хүлээж байв. Харин Билли өмнөх цомгоос нь илүү л гэхээс дутахааргүй цомог сонсогчдодоо барьсан. 16 дуутай “Happier Than Ever”-т жазз, латин зэрэг урьд түүний уран бүтээлд байгаагүй урсгал, өнгө аясыг шингээсэн дуунууд (“Billie Bossa Nova”) багтсанаараа онцлог. Гэхдээ ах Финнеастайгаа хоршин бүтээдэг, гагц тэдний гэгдэхүйц өвөрмөц өнгө аяс, драм шинэ цомогт нь мэдээж бий. 


Нэмж дурдах 10 цомог

Жэймс Блэйкийн "Friends That Break Your Heart"


Жазмин Салливаны "Heaux Tales"


Tyler, the Creator-ийн "Call Me If You Get Lost"


Аруж Афтабын "Vulture Prince"


"Japanese Breakfast" хамтлагийн "Jubilee"


Оливия Родригогийн "Sour"


Аделийн "30"


Жой Крүүксийн "Skin"


"Silk Sonic" хамтлагийн "An Evening With Silk Sonic"


Саммэр Уокерын 'Still Over It'


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
2
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.