UBLife Logo
Дуучин Энжи: Жазз дуулж эхэлснээс хойш хөгжмийн сайхныг ч, өөрийгөө ч нээсэн
Хөрөг

Дуучин Энжи: Жазз дуулж эхэлснээс хойш хөгжмийн сайхныг ч, өөрийгөө ч нээсэн

Монголын хөгжимчин, дуучдын нэр жазз ертөнцөд дуулдах болсон нь саяхнаас. Тэр дунд нэгэн бүсгүйн нэр тод дуудагдаж яваа нь Энжи буюу Эрхэмбаярын Энхжаргал. Ирэх сарын 2, 3-нд тоглолт нь болох “Enji’s Sisters” хамтлагийн ахлагч Энжи Мюнхений Хөгжим, театрын их сургуульд жазз дуулаачийн магистр хамгаалж, өдгөө тус сургуульд үргэлжлүүлэн боловсролын чиглэлээр суралцаж буй. Тэрээр Монголын суут хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны найман дууг багтаан, Германы алдарт “Enja Records” лэйблээс гаргасан “Mongolian Song” цомгоо 2017 онд олны хүртээл болгосон юм. Уншигч та бүхэн өнгөрсөн зургаадугаар сард гарсан “Урсгал” цомгийг нь онлайн дэлгүүрүүдээс авч, стрийминг платформуудаас сонсож болохоос гадна пянз хэлбэрээр худалдан авах боломжтой.  

Дуучин Э.Энхжаргал болбоос миний дотнын анд билээ. Үүнийг уншигч та болгоож, эрхэм зочинтойгоо “чи” хэмээн ярьсныг минь өршөөх буй за. 

Сая цомгоо гаргалаа шүү дээ. Ихэнх дуу нь монгол хэлээр бичигдсэн, монгол уур амьсгалтай цомог шиг санагдсан. Энэ цомгийг бичих үйл явц хэрхэн өрнөв, цомгийн санаа хэрхэн төрөв? 

Анхнаасаа би монгол уран бүтээлч юм чинь монгол хэв маяг, уур амьсгалтай бүтээл гаргана ч гэх юм уу, тиймэрхүү төлөвлөгөө байгаагүй. “Squama” лэйблийн үүсгэн байгуулагч Мартин Бругга имэйлээр санал тавихад нь би бодож байлаа. Өмнөх цомог маань монгол дуунаас бүрдсэн цомог юм чинь энэ удаа том хамтлагтай, зочин уран бүтээлчтэйгээр сонгодог жазз дуугаралттай цомог хийнэ гэж. Уулзахын өмнө нэг тоглолт дээр би Мартин багштай (контрабасч Мартин Зенкер) “Untitled Hill” дуугаа тоглосныг М.Бругга сонссон байж. Тэгээд анхны уулзалтаар надад “Бид яг ийм л зүйлийг хүсэж байна, чамайг л хармаар байна, чиний үг, чиний мэдрэмж, чиний аялгууг л байлгамаар байна. Оролдоод үз” гэсэн. Эхлээд дан контрабастай бичье гэж бодож байсан ч гитарчин нэмэгдээд гурвуулаа болсон. Паул Брэндле нэмэгдсэн нь үнэхээр нүдээ олсон шүү. 

“Squama”-аас надад хангалттай хугацаа өгсөн. Цар тахал ид дэгдчихсэн, ганцаараа цагийг өнгөрүүлсэн үе. Дуунууд харилцан адилгүй л бүтсэн дээ. Нэг өдөр гараас юм гарч өгөхгүй, бухимдасхийгээд сууж байтал нэг ая орж ирээд, түүн дээр “Diary of June 9th”-ыг зохиосон байх жишээтэй. П.Брэндле надад маш гоё ая авчирч өгөөд (“Хором” дууны), зориулаад англиар үг бичье гэтэл бүр байдаггүй. Тэгж байгаад бэлтгэлээсээ 10 минутын өмнө гадаа сууж байхдаа бичсэн. Амьдралыг бүрдүүлж байдаг жижиг мөчүүд ямар сайхан юм бэ гэж бодоод, амьдралд талархах мэдрэмж төрөөд, англиар бичиж байсныгаа дараад шууд л монголоороо бичсэн дээ. Анх удаа өөртөө чинхүү итгэж үзсэн, хөгжим зохиож үзсэн минь энэ. 

Харьцангуй богино хугацаанд хоёр цомог гаргалаа шүү дээ. Сонсогчид, салбарынхан ямар шүүмж хэлэв?

Хөгжимчин, уран бүтээлч найзууд маань “Яг л Энжи байна даа” гэж бодсон гэсэн. Хөгжимчин бүрд жаззын, жазз дуугаралтын талаарх өөрийн гэсэн төсөөлөл бий. Тэр төсөөллөөс нь тэс өөр сонсогдоход нь эхэндээ гайхаж л дээ. Харин сонсох тусам яг л би мэдрэгдсэн гэж байна лээ. Гаднынхан үгийг нь ойлгохгүй мөртлөө энэ дуу иймэрхүү утгатай юм шиг байна тэ гээд яг хэлэхийг хүссэн мэдрэмжийг минь сэтгэлдээ буулгаж авсан байсан. “Урсгал”-ын бичлэгээс сонгохдоо ч бид хамгийн сэтгэл хөдлөлтэйг нь шилж оруулсан. Бид гурав нэг өрөөнд хамт бичүүлсэн, миксинг хийхдээ ч засвар оруулаагүй. 

Цомгийн ерөнхий концепцоо хэрхэн төсөөлж байв? 

М.Бругга тун чадварлаг продюсер. Бид хоёр ярилцах тусам концепц маань улам л минимал болоод, ковер зургаа хар цагаан болгохоос өгсүүлээд анхны төсөөллөөсөө нэлээн өөрчлөгдсөн. “Амьдралыг шүүлтүүргүйгээр, яг байгаагаар нь харуулах” гэж тайлбарлаж болох юм. “Mongolian Song”-ийн ковер ямар байлаа, энэ цомгийн ковер гэтэл ямар вэ гээд харьцуулахад хоёр цомгийн маань ялгаа харагдах байх аа.

“I’m Glad There Is You” дуунд гудамжны чимээ оруулсан нь ямар нандин сайхан шийдэл болоо вэ гэж бодсон? 

Тэр бол М.Бруггагийн гаргасан санаа. Абби Линкольны “Tender As a Rose” надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм. Тэр тухай М.Бруггад ярьтал хоёулаа сонгодог жазз дуу оруулъя гээд. Миний санаанд шууд л “I’m Glad There Is You” буусан. Жазз руу намайг эргэлт буцалтгүй хөтөлсөн зүйлсийн нэг нь тэр дуу. 

Гадна орчны дуу чимээг оруулъя гэж яриад олон удаа бичиж үзээд ер сэтгэлд хүрдэггүй ээ. Эхлээд студид ямар ч аниргүй бичиж үзсэн, тэгээд ч нэг л болдоггүй. Хэтрүүлчих шиг санагдаад. Харин цомогт орсон хувилбар нь өглөө дөнгөж сэрээд юу ч харахгүйгээр, хоолойгоо халаах ч үгүйгээр жижиг дуу хураагч бариад гудамжинд дуулсан хувилбар. Дуунд яриа нь сонсогддог хөгшин бавари ах хажууханд дэлгүүрээ нээх гээд бараагаа буулгаад л, нэг эмэгтэй хүүхдээ түрээд хажуугаар зөрөөд л. 

Чамайг хараад тэр хүмүүс нэг охин зүгээр дуулаад л зогсож байна гэж бодсон байх даа. Дуулж байхдаа хэн нэгнийг бодсон уу?

Өөрийгөө бодсон. 

Өөрийнхөө буй байгаад баярлалаа гэж үү? 

Хүмүүсийг ч гэсэн энэ дууг сонсоод өөрийнхөө байгаад баярлаасай, өөрийгөө хайрлаасай гэж хүссэн байх. Тиймдээ ч шивнэх маягаар дуулсан. 

Үнэхээр л энэ цомгийг сонсохоор энэ Энжи гэдэг хувь хүнтэй дотносох шиг сэтгэгдэл төрсөн. 

Үүний төлөө их зориг гаргасан. М.Бругга анх яг өөрийгөө гаргасан цомог хий гэхэд нь олон удаа татгалзаж билээ. Хүмүүсийг өөртөө хэт ойртуулчих гээд байх шиг санагдаж эвгүйрхсэн учраас. Олон гайхамшигтай уран бүтээл сонссоны хувьд надаас тийм онцлог зүйл гарна гэж үү гээд ч эргэлзсэнийх. Тэгсний эцэст зориглоод гаргатал хүмүүс үнэхээр сайхан сэтгэгдэл хэлсэн шүү. Миний доторх хүнийг, миний зүрх сэтгэлийг тэгж тусгаж авна гэж бодоогүй болохоор сонин, гайхалтай байсан. Одоо ч бичсэн зүйлсийг нь бодохоор сэтгэл догдолж байна (нулимс нь цийлгэнэв). 

Чамайг мэдэхгүй хүмүүсийг хэт ойртуулчих шиг санагдсан гэж байна. Ер нь өдөр тутмын амьдрал дээр энэ мэдрэмж хэр төрдөг вэ? 

Бүгд л мэддэг хэр нь хүмүүс тэр бүр гаргаж ирдэггүй сэдвүүд байдаг. Ичиж зовсондоо ч юм уу, эсвэл хугацаа байгаа гэж боддог ч юм уу. Тэрийг л гаргахыг хүссэн. Шай Томсон гээд британи сэтгүүлчтэй ярилцаж байхад “Урсгал”-ыг сонсоод төрсөн мэдрэмжээ ярьсан юм. Шай өчнөөн судалгаа хийгээд л мундаг том нийтлэлүүд гаргадаг, ээждээ ч зориулаад нийтлэл бичнэ. Гэвч ээж нь ширхэг ч нийтлэлийг нь уншдаггүй. Тэгэхээр ээжтэйгээ их ойрхон юм шиг хэр нь хол харилцаатай байгаа юм. Тэр “Чиний цомгийг сонсоод дотор минь байсан нуугдмал мэдрэмжүүд гараад ирэх шиг санагдаж, цаанаасаа л нэг тайвшраад, амарлиад ирсэн. Би ганцаараа биш юм байна гэж бодсон” гэж хэлсэн. Энэ бол зөвхөн Энхжаргал гэдэг хүний мэдрэмж биш, хүмүүний нийтлэг нэгэн мэдрэмжийн тусгал. Хөгжим хүний сэтгэлийн тусгал учраас зүрхэнд шууд л хүрдэг. 

(Шай Томсон “Урсгал” цомгийн тухай нийтлэлдээ Энжи “Завхан” дуугаа аавдаа зориулж бичсэн талаар өгүүлжээ. “Би аавдаа хайртай гэж хэлэхийг хүссэн. Гэхдээ манай гэр бүлд тэгж хэвшээгүй учраас чадаагүй...” Ингээд аавыгаа нартай зүйрлүүлэн, нутгаар нь овоглон дуу бичсэн нь “Завхан”. Аав нь наран мэт цаг үргэлж нөмөр түшиг болж, дулаацуулдаг гэвэй.)

Эцэг эхчүүд, тэр дундаа монгол эцэг эхчүүд хүүхдээ урлагийн хүн болгох сонирхол харьцангуй багатай, хэсэг “хоббирч” байгаад ямар нэг "чухал" ажил хийнэ гэж хүлээх нь бий. Танай хоёр хэр дэмждэг вэ? Анх дуу хөгжмийн багш болно гэхэд нь, дуучин болно гэхэд нь хэр хүлээж авч байв?

Аав ээж хоёр маань хэзээ ч хориглож байгаагүй нь том дэмжлэг гэж боддог. Материаллаг байдлаар ч юм уу, эсхүл “Миний охин ёстой мундаг, чадна” гэх байдлаар ч юм уу дэмжиж байгаагүй, бололцоо нь ч байгаагүй, гэхдээ хэзээ ч хориглож дуугараагүй. Хувийн амьдралын тал дээр ч шахаж шавдуулдаггүй, эрх чөлөөг хангалттай өгдөг. Хүссэн зүйлээ хөөж, олон боломж, үүд хаалга нээгдээд явж байгаад одоо бол тун баяртай байгаагаа хэлсэн. Би ч өөрөө амьдралын зам мөрөө хүссэнээрээ сонгоно гэдгээ шийдэмгий хэлсэн л дээ, анхнаасаа (инээв).

Чи ер нь шийдвэртээ хэр бат нот вэ? 

Бат зогсдог шүү. Эхлээд зөндөө л эрж хайсан л даа. “Би яг юу хийх ёстой хүн юм бол” гээд л. Гэхдээ яг олсон гэдгээ мэдснээс хойш эргэлзээгүй. Хүссэн зүйлийнхээ төлөө яваа цагт зовж байсан ч, эрсдэлтэй байсан ч харамсахгүй гэдгээ мэдэрсэн үеэс гэх үү дээ. Гёте хөгжмийн танхимын сургалтад хамрагдаж, жаззыг таньж мэдэх хүртлээ дуучин гэж хэн болох талаар өнгөцхөн төсөөлөлтэй байсан. Заавал гоё сайхан, тэдэн настай байх ёстой гэх мэт төсөөлөл л дөө. Тэгж бодохоор дарамттай санагдаад. Би энгийн байхыг хүсдэг, ер нь өөрийгөө өөрчлөх тал дээр маруухан хүн. Эгэл зүйлсээс аз жаргал мэдрэхийг хүсдэг. 

Цаг хугацаа явах тусам л өөрийгөө хайрлана гэдэг өөртөө үнэнч байхыг хэлж байгаа юм байна гэж итгэх болсон. Байгаагаараа байх нь л гоо сайхан юм байна гэж бас боддог болоод байгаа. Өөрийгөө огт голохгүйгээр, надад л байдаг зүйлс, давуу талыг мэдэж аваад, түүнийгээ түшиж явах. Урьд нь сэвхээ нуугаад л, учиргүй дараад л буддаг байлаа. 

Хөгжмөөр дамжуулж дотоодоо илэрхийлэн гаргасны хүч байх, тийм үү? 

Яг тийм. Би хөгжмөөс хол байсан бол тэс өөр байх байсан болов уу. Хөгжим хийж байгаа хүн байнга л өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй байдаг. Энэ яг би юу, энэ яг миний хүссэн дуугаралт мөн үү гэх мэт. Өөрөөсөө тэгээд асуугаад ирэхээр таньж л таарна. 

Чиний хувьд хариулт нь яаж илэрдэг вэ? 

Хувь хүний хувьд уу, хөгжмийн хувьд уу? 

Аль аль нь. 

Харилцан адилгүй. Жишээ нь их хурц эрчимтэй байх хэрэгтэй хөгжим намайг татдаг. Ингэж байгаа нь миний дотор тийм тал байгаа, тэрийг нээмээр байгаа гэсэн үг. Тийм сэтгэлээр хөгжим зохиож, тоглоход мэдээж тэс өөр хариулт гарч ирнэ. Хариулт яг ингэж илэрнэ гэхээс илүү тэр үедээ тод мэдрэгддэг. Өөрийнхөө хүндлэл, таашаалыг хүлээтлээ өөртэйгөө ажиллах тухай л юм даа.

Жазз хөгжимд яагаад сэтгэл татагдсан бэ? 

Жазз яагаад сэтгэл татсан бэ гэхлээр нэгдүгээрт, сураад сураад дуусахгүй гэдгийг ойлгосон, тиймдээ ч үргэлж цангаж, илүү ихийг сурахыг хүсдэг, хоёрдугаарт яг өөрийнхөөрөө байх ёстой нь. Жазз дуулж эхэлснээс хойш хөгжим хэчнээн сайхныг өөртөө нээж, өөрийгөө ч нээсэн. Өөрийгөө өөрчилж, шинээр төрүүлэх албагүй, чин сэтгэлээсээ байхад л болно гэдэг ер бусын сайхан мэдрэмж. Хөгжмөө дагаад хаашаа ч, аль ч улсад очиход хүмүүс догдлол дүүрэн угтаж авдаг нь бас их сайхан. 

Жазз хөгжимчид тоглолт, тэр дундаа жэм сэшний үеэр хөгжмийн бусад төрлийнхнийг бодвол өөр хоорондоо илүү гүн сэжмээр холбогдох шаардлагатай байдаг шүү дээ. Хамт тоглоход бусдаасаа илүү сод, онцгой сэтгэгдэл төрүүлсэн хөгжимчин хэн байв? 

Хувь хүний хөгжимд хандаж буй байдал их нөлөөтэй шүү. Жэм сэшн бүр л шинэ байдаг. Маш сэргэг, сонор байх ёстой. Ер бусын сэтгэгдэл төрүүлсэн гэвэл гарцаагүй Билли Харт. Уулзаж үзээгүй байж байгаад “Mongolian Song” цомгийн бичлэгт орсон юм. Бөмбөр гэдэг хөгжим тийм байж болдог, их энергиэрээ хүнийг тэврээд л авдгийг тэгэхэд л мэдэрсэн. “Mongolian Song”-ийн бичлэгийн үеэр нүд нээгдсэн дээ. Хүний хөгжимлөг чанар, хүч ингэж сүлэлдэж уулздаг юм байна гээд биширч байлаа. Контрабасч Мөнгөнтовч бид хоёрын хөгжмийн хэл бас их таардаг. Хөгжмийн хэлээрээ маш сайн ойлголцдог. Тэр бол том түшиг. 

Хүнтэй хөгжим тоглоно гэдэг тэр хүнийг бүрэн хүлээж авах, сонсоход бэлэн байж, эгогоо дарахын нэр юм болов уу. Өөрийгөө харуулах л гэж тоглох үед хэчнээн лаг тоглож байлаа ч амттай байдаггүй шүү дээ. Бие биеэ дэмжиж тоглох хамгаас чухал. Тэгэхээр тухайн хөгжимчний хэн бэ гэдэг нь их том үүрэг гүйцэтгэдэг. 

Уран бүтээлч хүн эготой байх хэрэгтэй биш үү? 

Эго хэрэггүй ээ, харин амбийцтай байх хэрэгтэй болов уу. Тэр нь гоё юм хийе гэсэн хүсэл, түүнийгээ тууштай хөөж ард нь гарах тэмүүлэл гэж боддог. Эго бол би урд явж байна ч гэдэг юм уу, илүүрхэх сэтгэл. Харин амбийц бол чиний дотор шатаад байгаа, хиймээр байгаа зүйлээ гаргах хүсэл эрмэлзэл. 

Чиний амбийц хаашаа хандаж байна? Ойрын төлөвлөгөөнөөсөө сонирхуулаач. 

Би өөрийгөө илүү л нээмээр байна. Нэг нууц задлахад, саяхан би нэг бөмбөрчинтэй 45 минутын тасралтгүй импровизац хийж бичүүлсэн. Тэр чигээр нь EP болгож гаргах гэж байгаа. Симон Попп гээд, “Squama”-ийн бөмбөрчин юм. Удахгүй онлайн дэлгүүрүүдээр тавигдана. Ирэх хоёрдугаар сараас дараагийн цомгийн ажилдаа орохоор төлөвлөж байна. Цомгийн талаар хүмүүсийн хэлж байгааг сонсоод урамшсандаа тэр үү, боломж л гарвал дууны үг биччих гээд байдаг боллоо (инээв). Бодсон зүйл их байна аа. 

Уртын дууны сургалт орсон байна лээ. Тэр талаараа яриач?

Манай сургуулийн нэг профессор “Чи Монголоос ирсэн анхны оюутан юм чинь бидэнд Монголтой холбоотой семинар орооч” гэж санал тавьсан юм. Тэр багш маань угсаатан судлалаар мэргэшсэн хүн л дээ. Уртын дууг сонсоод гайхаж бишрээд өнгөрөхөөс илүүтэйгээр яг яаж тэгж дуугарч байгааг нарийн тайлбарлаж ойлгуулах нь ач холбогдолтой гэж би боддог. Энэ талаар ярих ёстой, тэргүүний шилдэг мэргэжилтэн би биш ч гэлээ хүмүүст таниулах боломжийг өнгөрүүлэхийг хүсээгүй. Шуранхай, уртын дуу дуулахад хөвч яаж хөдөлж байгаа юм, цохилго яаж үүсдэг юм гэх зэргээр судалж, энэ сэдвээр магистрын судалгааны ажлаа бичих гэж байгаа. Өмнөд Африк руу дадлага хийхээр явах гээд шинэ коронавирусийн дэгдэлт намдахыг хүлээж байна. Үндэсний хөгжимтэй нь харьцуулж судалбал сонирхолтой гэж үзээд тийш явахаар шийдсэн. Даяарчлал гэдэг бусдын соёлыг таньж мэдэж, сурахын нэр юм болов уу. Тэр хэрээр хүний нүд нээгдэж, ертөнцийг үзэх үзэл нь тэлж байдаг шиг. 

Гаднынхан уртын дууг сурч чадаж байна уу? 

Хичээлд суусан хүмүүсийн дийлэнх нь хөгжимчид байсан. Нөгөөтээгүүр, монгол ардын уртын дуу гэдэг зүгээр л дөрвөн хананы дунд зогсож байгаад шууд дуулчих зүйл биш шүү дээ. Монгол хүний сэтгэлгээг тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй, юуг төсөөлж харж байж тэр дуу гарах вэ, ямар сэтгэл хөдлөл дээр суурилдаг вэ, үндсэн дуугаралт нь ямар вэ гээд нарийн бодолцоно. Би дасгал болгоод тэдэнд “Ээж ээ” гээд хашхир гэдэг юм. Нэг удаа сургуулийн хүүхдүүдэд хичээл ороход зарим нь бүр уйлсан. Хэзээ ч ингэж дуугарч үзээгүй гээд. Түүхийг нь мэдээж ярьж өгнө. Ихэвчлэн “Хөөрхөн халиун”-аар жишээлдэг. Хүмүүс их гүн сэтгэгдэлтэй үлддэг шүү. “Шар талын цэцэг”-ийн үгийг сонсоод бас “Хөөх” гээд л гайхна. Бэр орох гэж байгаа охиноо “Чи миний шар талын цэцэг” гэх нь их содон байна гээд. Ямар яруу, амьдралд соргог ард түмэн юм бэ, мэдрэмжээ хэчнээн төгөлдөр сайхан илэрхийлэв гэдгийг тэгэхэд л ойлгож авсан даа.  

Уртын дуунд халдашгүй гэмээр чанар байдаг. Гэхдээ залуус тэр бүр уртын дууг ойлгож сонсдоггүй ийм үед харин ч уртын дуугаа оруулж эргэлтэд оруулах нь чухал мэт.

Санал нэг байна. Тэр сайхан аялгуутай, сүнслэг дуунуудыг өөрөөр дуулж, хүмүүст хүргэнэ гэдэг гоё шүү дээ. Анх “Mongolian Song” цомгийн тоглолтоо хийхдээ С.Гончигсумлаа агсны хүүхдүүдийг урихдаа эмээж л байлаа. Гэтэл эсрэгээрээ, баярлалаа гээд бэлэг авчирч өгсөн. Уртын дууны хичээл орохдоо ч уртын дуучин гэхээс илүү монгол хүн гэдэг талаас харж, бодит амьдрал, монгол ахуйтай хэрхэн холбогддогийг нь харуулахыг хичээдэг. Уртын дуу миний сэтгэлд их ойр дотно байдаг. 

Ардын дууны өв уламжлалаа хадгалж үлдэх талаар юу гэж боддог вэ? 

Энэ тун амаргүй асуудал шүү. Яг яавал зохилтойг хэлж мэдэхгүй байна. Ийм сайхан зүйл байдаг шүү гэдгийг сануулж л байх хэрэгтэй байх. Уртын дууны тухай гаднынхан асуухдаа залуусын талаар их сонирхдог л доо. Залуус сонсдог уу, чам шиг ингэж дуулж чаддаг залуус олон уу гээд л. Хүмүүс хүндэтгэн үзэж хурим найраа эхлүүлдэг, мэргэжлийн түвшинд хадгалагдаж байгаа ч яг амьд хадгалагдаж явна гэж хэлэхэд хэцүү л юм, тэ? Залуус энэ талаар ер нь юу гэж бодож яваа бол? Би хувьдаа уртын дуу сурсандаа баярлаж бахархаж явдаг.

Чи бол Монголын анхны мэргэжлийн жазз боловсролтой дуучин. Германд бол школ нь, уламжлал нь, инститүүц нь байж байгаа, тэгэхээр манай оюутнууд тэнд очоод юу сурах нь ойлгомжтой. Харин Монголд гаднын жазз уран бүтээлч, оюутнууд ирээд юу сурч болох вэ? 

Шинэ газрын амьдрал тэр чигтээ л сургууль болдог шүү дээ. Тэгэхээр яг ийм зүйл сурна гэхгүйгээр, өөрийнхөө шинэ талыг нээнэ, урьд нь хараагүйгээ олж харна, ухаарна. Монголын жазз орчин нэг онцлогтой. Манай сонсогчид шүүж биш чин сэтгэлээсээ шимтэж сонсдог нь ажиглагддаг. Яг энэ чигээрээ байгаасай гэж хүсдэг. Жаззыг олон сонссон хүн ч энд ирээд цоо шинэ мэдрэмж авдаг байгаасай. Жишээ нь Германд бол хүмүүс “Энэ монгол охин юу хийх нь вэ, юу нь онцгой байна” гээд шинжиж, шүүж сонсдог бол эндхийн сонсогчид маш соргог хүлээж авдаг. Гэхдээ өмнө нь байгаагүй шинэ гэдэг утгаараа биш, их амьд, эрх чөлөөтэй байгаагийнх нь илрэл юм. Газар газрын өнгө хөгжимд өөрийнхөөрөө шингэдэг шиг, Монголын хөрсөн дээр яаж буух нь сонирхолтой шүү дээ. “Нью-Йоркийн гудамжаар алхахад “Autumn in New York” дууг ямар дүр зураг харж байгаад бичсэн нь шууд л мэдрэгддэг, үнэртдэг, харагддаг” гэж саксофонч Лукас Габрич ярьсныг мартдаггүй. Яг л түүн шиг Монголд жазз хэрхэн нутагшсаныг олж харах нь онцлог байх болов уу.  

Хүмүүс хэдийд Монголдоо ирэх бол гэж сонирхож байгаа байх? 

Одоо боловсролын чиглэлээр сурч байгаа шалтгаан нь цаашдаа жаззын багш болох. Монгол Улсын Консерватори дээр цагийн багшаар ажиллаад эхэлсэн. Яг төдийд ирнэ гэж хэлж мэдэхгүй байна. Төгсөнгүүтээ харина гэж бодож байсан ч “Squama” лэйблтэй олон ажил төлөвлөчихсөн болохоор Европт амьдрах нь одоохондоо илүү тохиромжтой байгаа хэрэг. Дараа жил хоёр дахь магистраа хамгаалах юм. 

Баярлалаа, Энжи. Өнөөдөр болох тоглолтод нь хийгээд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. 

Дуучин Э.Энхжаргалын "Урсгал" цомгийн тоглолт 10-р сарын 4, 5-нд "Fat Cat" жазз клубт болно. Та бүхэн эл тоглолтын тасалбарыг авахыг хүсвэл энд дараарай. "Enji's Sisters" хамтлагийн тоглолтыг мөн ирэх сарын 2, 3-нд үзэх боломжтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
3
10
0
0
0
0
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.