Үр дүнтэй суралцахад тэмдэглэл хөтлөх зайлшгүй шаардлага гардаг. Өөрт тохирсон, хэрэгжүүлэхэд хялбар аргатай байх нь цаг тухайд нь зөв тэмдэглэл хөтөлж, суралцсан зүйлээ өөртөө сануулахад гойд тустай. Тэгвэл дараах шилмэл аргуудаас өөрт тохирох аргыг ашиглаад үзээрэй.
Яагаад тэмдэглэл хөтлөх хэрэгтэй вэ?
Ихэнх хүмүүс бүх зүйлийг бичиж тэмдэглэх гэж хичээснээс хэт цаг их зарцуулахын зэрэгцээ өөрийгөө ядрааж орхидог. Гол, хэрэгтэй гэж үзсэн хэсгээ товчлон бичиж, зураглаж, өөртөө сануулах зорилгоор тэмдэглэх нь чухал юм.
Тэмдэглэл хөтлөх алтан дүрэм
Ахиж сөхөж харахааргүй тэмдэглэл хэзээ ч битгий хий. Судалгаанаас үзэхэд хүмүүс 24 цагийн дараа буулгасан тэмдэглэлийнхээ 40 хувийг, 48 цагийн дараа 60 хувийг нь мартдаг. Тиймээс тэмдэглэлээ байн байн сөхөн харж, өөртөө сануулан тогтоох алтан дүрмийг санаарай.
Тэмдэглэл хөтлөх шилдэг 4 арга
#1 Корнеллийн арга
Корнеллийн Их сургуулиас суралцагч нартаа заадаг арга. Хуудсаа зурагт дүрсэлсэн дагуу хоёр хэсэгт хувааж, тэмдэглэлээ хөтөлнө. Тэмдэглэх, асуух, унших, эргэцүүлэн бодох, хянах гэсэн 5 шатлалт энэхүү арга нь суралцахад гайхалтай үр дүн үзүүлэх болно.
#2 Тоймлох арга
Тэмдэглэл хөтлөх шугаман арга бөгөөд тун хялбархан. Гол сэдэв - Дэд сэдэв - Туслах сэдвүүд гэхчлэн цэгэн шугамаар тэмдэглэлээ жагсаан бичнэ.
#3 Газрын зураглалт арга
Гол санаа бүрээс туслах санааг салаалуулан бичиж тэмдэглэнэ. Бичиж тэмдэглэсэн зүйлээс илүү харсан зүйлээ тогтоох чадвартай бол танд илүү тохирох болно.
#4 Хүснэгтийн арга
Олон агуулгыг нэгтгэн дүгнэж, ерөнхий зураглал бүтээхэд хамгийн хэрэгтэй арга. Сэдэв тус бүрийн агуулгаа жагсаан бичээд, агуулга, онцлогоор нь ялган тэмдэглэнэ.
Хэрхэн сайн тэмдэглэл хөтөлж сурах вэ?
Давтлага, давтлага, давтлага! Зөвхөн шалгалтын өмнө л тэмдэглэлээ эргүүлэн харах бус тодорхой давтамжтайгаар сөхөж тогтоох дүрмийг сана.
Текстээс илүү зураг хүнд илүү амархан тогтоогддог. Тиймээс хэрэгтэй зүйлсийг зургаар буулгаж хэвшээрэй.
Хамгийн чухал зүйлийг л тодруул. Бүхнийг тодруулах тусам юу ч тодорч харагдахгүй.
Товчхон тэмдэглэж бай.
Хамгийн их ашигладаг 10 үгээ товчилж бичээрэй. Хэт ихэдвэл толгой эргэж мэднэ шүү.
Тэмдэглэлдээ өөрт төрсөн асуултуудыг бичих орон зай заавал гарга. Дараа нь асуултынхаа хариуг багшаасаа асуухад хялбар байх болно.
Он сар, хичээлийн нэр, сэдэв агуулгыг бичиж үлдээх нь дараа хэрэгтэй хэсгээ олоход тус болно.