Хөнгөн хэмнэлтэй хэрнээ цаанаа нэг уянгалаг босса нова урсгал Монголын урлагийн салбарт цоо шинэ үзэгдэл байх үед буюу одоогоос 10 жилийн өмнө "Камертон" хамтлагийн дуучин Мээдээ “Ми Амор” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж байв. Босса нова, жазз, латин өнгө аястай тус цомгоо гаргаснаас яг 10 жилийн дараа тэр “Чамд хэлье” нэртэй цомгоо сонсогч олонд барьсан билээ. Харин түүний хоёр дахь цомгоос цэвэр поп, орчин цагийн хөгжим мэдрэгдэх аж.
Тун удахгүй 11 дэх цомгоо олонд дэлгэх гэж буй "Камертон" хамтлагийн уран бүтээлийн сонин сайхан болоод дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амарын хөгжмийн мэдрэмжээс бүрдсэн плейлистийг хуваалцахаар түүнийг “Есөн аялгуу” буландаа урьлаа. Тэр UB.LIFE-ийн уншигчдад өөрийн дуртай монгол болон жазз, босса нова дуунуудын тухай ярих зуураа "Камертон" хамтлаг одоогийн өндөрлөгт хүрсэн шалтгааныг цаг хугацааны тохироотой холбон тайлбарлаад, караокед орох бүртээ дуулдаг, кодыг нь хүртэл цээжээрээ мэддэг дуугаа хүртэл нуулгүй хэлээд амжсан юм. Ингээд танд дуучин Мээдээгийн есөн аялгууг зориулж байна.
Би энэ ярилцлагаар аль болох өөрийнхөө дуртай уран бүтээлчид болон алдартай сайхан бүтээлүүдийг мэдэхгүй хүмүүст нь таниулах үүднээс өөрийнхөө мэддэг зүйлсийг ярихыг хичээе.
Мээдээ – "Хайрын клуб"
Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг гэр сургууль, эсвэл ажил сургууль гэсэн тогтмол хэмнэлтэй биш шүү дээ. Дэлхий ертөнц тэр аяараа “Friday night” буюу баасан гарагийн орой гэсэн трендтэй. Яагаад гэхээр өнөөдөр бидний амьдрал дээр хэрэглэгдэж буй бүх зүйл 20, 30 жилийн өмнөөс тэс ондоо, харь гарагийн ертөнцөд амьдарч буй мэт болсон. Тиймээс орчин цагийн хүмүүс чөлөөт цагаа бусадтай өнгөрөөж, клубт алжаалаа тайлах нь түгээмэл болсон. Үүнийг заавал архидан согтуурах зэрэг муу зүйлтэй холбож ойлгож болохгүй гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон.
Фрэнк Синатра – “Fly me to the moon”
Жазз хөгжимд дуртай болсон маань алдарт Фрэнк Синатратай холбоотой. Энэ дууг маш олон гайхалтай уран бүтээлчийн дуулсан хувилбараар нь хүмүүс мэдэх байх. Харин надад Фрэнк Синатрагийнх их таалагддаг. Учир нь яг сонгодог жазз хэмнэлээр дуулсан байдаг. Тэр бол бүх цаг үеийн хамгийн үнэтэй составтай уран бүтээлч байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түүний тоглох бүртээ өөрийн оркестртэйгээ хамт байсан учир цэвэр жазз тоглолтыг үзүүлж чаддаг байсан юм.
“Space cowboy” киноноос энэ дууг анх сонсоод маш их таалагдсан. Энэ кинонд залуудаа сансар луу хөөрч чадаагүй хөгшин сансрын нисгэгч нарын тухай гардаг. Киноны төгсгөлд хүн төрөлхтнийг аврахаар сансар луу хөөрсөн тэрхүү хөгшин нисгэгчдийн нэг нь саран дээр ганцаараа, амьдралынхаа сүүлийн мөчид дэлхий рүү хараад хэвтэж байх зуур нь “Fly me to the moon” дуу явж таардаг. Анх киног нь театрт үзээд “Ямар гоё дуу” вэ гэж бодож байлаа. Маргааш нь шууд “World music” CD-ний дэлгүүрээс Фрэнк Синатрагийн цомгийг авч байсан. Тэр үеэс хойш энэ дууг өөд уруугүй маш их сонссон шүү. Миний сэтгэлд гүн шингэсэн дуу.
Би жазз хөгжимд их дуртай. Бид энэ урсгалд дүргүй байхын үндэсгүй юм. Яагаад гэвэл бид Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн боловсрол эзэмшиж байхдаа хамгийн анх сонгодог хөгжимтэй танилцсан. Долоо, наймхан настай бяцхан хүүхдүүд хичээл дээрээ хийл, төгөлдөр хуур, хоор дуу судлана. Бидний яг үндсэн мэргэжил хөгжимчин шүү дээ. Хоёр нь хийл, хоёр нь виолончель хөгжмийн мэргэжил эзэмшсэн. Харин хамтлаг болохдоо полифон буюу олон хоолойн урсгал, хөгжимгүй олон хоолойн урсгал болох акапелла чиглэлийн хамтлаг байгуулах зорилготой нэгдэж байлаа. Камертон хамтлагийн анх хүмүүст ойлгуулах, таниулахыг хичээж байсан урсгал бол акапелла юм.
Түүхийг нь сөхөн үзвэл монголчуудыг орчин цагийн хөгжимтэй танилцуулсан хөгжмийн урсгал бол жазз хөгжим шүү дээ. 1930-аад оны үед Бөмбөгөр ногоонд Америкт тоглогдож байсан жазз хөгжмүүдийг тоглодог байсан юм билээ. Бөмбөгөр ногоонд харъяалагдах Монголын урлагийн алтан үеийнхэн бүгд л тоглодог байсан. Манайхан орчин үеийн хөгжмийг 60-80 аад онтой холбож ярьдаг ч үнэн хэрэгтээ үүнээс эрт манайд жазз хөгжим орж ирсэн. Тухайн үед барууны алдартай томоохон жазз бүтээлүүдийг тоглож, тэр хөгжим дээр монголчууд дээлтэйгээ бүжиглэж байсан байж таарах нь шүү дээ.
"Камертон" – "18 нас"
Энэ дууны түүх их сонирхолтой. "Никитон" хамтлагийн ахлагч Баачка ахын зохиосон энэ дууг анх н.Мишээл гэдэг дуучин бүсгүйд өгсөн юм билээ. Харин дараа нь "Титэм" хамтлаг тоглолтдоо зориулж “18 нас” дууны бичлэгийг хийлгэж дуулсан байдаг. Үүнээс жил орчмын дараа буюу манай хамтлаг байгуулагдаад удаагүй байхад "Титэм" хамтлагийн Тайванбат ах энэ дууг бидэнд өгч байсан. 1995 оны намар энэ дууныхаа клипийг цацаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд бид нар тэр үед өөрсдөө 18 нас хүрээгүй байсан хэрнээ “18 нас” гээд л дуулдаг байлаа шүү дээ (инээв).
Фредди Меркюри – “Somebody to love”
Жорж Майкл, Элтон Жон, Фредди Меркюри нар бол тухайн цаг үеийнхээ шүтээнүүд байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэд бүгд Их Британиас гаралтай бөгөөд бэлгийн чиг хандлага нь гей залуус байсан хэрнээ дэлхийг тэр аяар нь байлдан дагуулж чадсан. Энэ дууг би анх “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркюригийн хүндэтгэлийн тоглолт дээр Жорж Майклын дуулсан хувилбараар сонсож байлаа. Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй сэтгэл хөөрч, цус оргилдог юм.
"Харанга" – "Толин хул"
Үеэс үед дамжиж, хэзээ ч мартагдахгүй дуулагдсаар байх гайхалтай уран бүтээл манайд олон бий. "Харанга" хамтлагийн аль нэг дууг хэн нэгэн тайзан дээр гараад дуулахад л бүх үзэгчдийн сэтгэл огшсоор байх болно. Нас хүйс, шашин, үзэл бодол харгалзахгүй монголчууд бүгдээрээ энэ дууг дагаад аялдагт үнэ цэнэ нь бий.
Антонио Карлос Жобим – “Girl from Ipanema”
Дэлхийн аль ч оронд энэ дууг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ. "Харанга"-ийн Лхагва ахийн хэлсэн нэг гоё үг байдаг юм. “Дуу бол хуучраад хаядаг гутал биш. Дуу бол хүний оюун санааны бүтээл учир цаг үеэ дагаад шинэчлэгдээд, дуулах уран бүтээлчид нь өөрчлөгдөөд явдаг. Дуу хэзээ ч хөгширдөггүй” гэж хэлсэн байдаг. Энэ дууг Антонио Карлос Жобим их олон уран бүтээлчтэй хамтран дуулснаас гадна хожим Эми Уайнхаус, Майкл Бубли зэрэг уран бүтээлчид их сайхан дуулсан хувилбарууд бий. Сонсоход тун энгийн юм шиг хэрнээ тун аятайхан мэдрэмж өгдөг “easy listening” төрлийн дуу юм.
Фрэнк Синатра – “My way”
Энэ бол караокед орох болгондоо дуулдаг, бүр кодыг нь цээжээрээ мэддэг дуу маань юм. “My way” дууны код 1080 (инээв). Бид ер нь караокед байнга орно шүү. Би караоке гэдэг зүйлийг зохион бүтээсэн хүмүүст талархаж явдаг. Энэ дууны шүлэг маш гайхалтай. Фрэнк Синатрагийн энэ дууг би анх сонсоод уран бүтээлч нь нэлээн нас тогтсон хүн байх гэж бодсон. Учир нь энэ дууны өгүүлэмж нь хийж бүтээх зүйлээ бүгдийг хийчихсэн, түүнийгээ эргээд харж байгаа юм шиг мэдрэмж, төсөөлөл өгдөг. Гэхдээ тэр яг ид хийж бүтээж байсан үедээ дуулсан байдаг.
Миний хувьд ч одоо яг хийж бүтээх насан дээрээ, хийж бүтээсэн зүйлээ улам төгс болгох үе дээрээ явж байна гэж болно. Хэдий бид эрт эхэлж, энэ насан дээрээ багагүйг хийж бүтээсэн нь хувь заяаны тохиолтой холбоотой юм болов уу гэж боддог. Аливаа зүйлд авъяас чадвар, мөнгө санхүүгээс гадна цаг хугацааны тохироо их чухал шүү дээ. Тухайн хүний хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл, тэр цаг үеийн хэрэгцээ, тухайн хэрэгцээнд тэр хүн өөрөө байх гэсэн гурван тохироо нь бүрдэж чадвал ямар нэг амжилтад хүрэх боломжтой юм. Манай хамтлаг байгуулагдах үед шинэ ертөнц, шинэ мэдээлэл, дуу хөгжмийн тэсрэлт болж байсан. 1990-ээд оны өмнө мэдээ, мэдээлэл гээд бүх зүйл хаалттай, хүмүүс хорвоо ертөнцийг зурагтаар гаргадаг хэдэн цагийн хөтөлбөрөөр л төсөөлдөг байлаа шүү дээ. Харин нийгэм өөрчлөгдсөнөөр мэдээ мэдээллийн бүүм болж цоо шинэ үүд хаалгууд нээгдэж эхэлснээр гадны дуу хөгжим, уран бүтээлчидтэй танилцах боломжтой болсон. Тэр үед Монголчуудын дунд яагаад бид өөрсдөө ингэж орчин цагийн стилиэр дуулж болдоггүй юм бол гэсэн хүлээлт байсан байх гэж боддог юм. Яг энэ үед нь бид ийм чиглэлээр дуулаад эхэлсэн болохоор хүмүүст хүрч чадсан болов уу. Анх бидэнд хэт холыг харсан, одоо байгаа Камертоны төвшинд очно гэсэн зорилго байгаагүй, харин яаж акапеллагаар гоё дуулж, хүмүүст ойлгуулах вэ гэсэн туйлын хүсэл байсан.
"Соёл эрдэнэ" – "Нар инээдэг юм"
Дуучин Баяраа агсаны дуулсан энэ дуутай анх танилцахад би цэцэрлэгт байсан. Радиогоор энэ дууг сонсоход маш их таалагдаж, дагаж дуулдаг байсан. Одоо хүртэл мартагдаагүй, аялах дуртай дууны маань нэг. Үртэй хүн азтай гэдэг шиг Баяраа агсаны хүү, дуучин Хонгор аавынхаа сайхан дуунуудаас сэргээн дуулж, сонсогчдод хүргэж байгаад баяртай байдаг юм.
"Камертон" – "Хүлээсийг тайл"

Энэ бол манай хамтлагийн 11 дэх цомогт багтсан шинэ дуу. Манай Болдоогийн зохиосон энэ дууны утга санаа нь их гоё. Хүн бүр ажил, мөнгө, эсвэл өөрт нь хайргүй хэн нэгэн хүнд дурлаад түүндээ хүлэгдчихсэн байдаг. Тиймээс оюун санаа, сэтгэл зүрхээ чөлөөлж, энэ хүлээсийг тайл, ямар нэг эд материал, үзэл сурталд хүлэгдэлгүй чөлөөтэй амьдраарай гэсэн утга санааг илэрхийлдэг. Залуучууд маань хүлээсгүй амьдрах хэрэгтэй. Энэ дуу тун удахгүй та бүхэнд хүрнэ. Камертон хамтлаг 11 дэх цомгийн энэ нэг дэх дуугаараа сонсогчидтойгоо уулзах болно.