Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Big Sistas Comedy Crew: Эмэгтэйчүүдэд тохиолддог зүйлсийг хошигнол болгож ярина гэдэг нэг талаар сэтгэл зүйн үйлчилгээ


"Бүх хүн өвөрмөц, мэдрэмж нь дахин давтагдашгүй. Тиймээс бидний хошигнол цөөнх байх нь хамаагүй" гэж тэд ярив. Big Sistas Comedy Crew бол нийгмийн асуудлууд хийгээд эмэгтэйчүүдэд учирдаг, ойлгодог, бүтэлгүйтдэг, санаа зовнидог зүйлсийг найман өөр өнцөг, найман өөр дуу хоолойгоор дамжуулан нийгэмд хүргэж буй эмэгтэй комедиануудын нэгдэл билээ. Тэд өмнө нь огт яригддаггүй, тэр бүү хэл хэлэлцэхээс ч зайлсхийдэг байсан асуудлуудыг хөндөж, ижил зовлон бэрхшээл туулж буй нэгэндээ “Би ганцаараа биш, бид үүнийг давж чадна” гэх дулаан мэдрэмжийг дамжуулахыг хүсдэг гэв. 


- Big Sistas өнгөрсөн жилийн аравдугаар сард анхны тоглолтоо хийж, саяхнаас бичлэгүүдээ цацаж эхэллээ шүү дээ. Үзэгч, олон нийтийн хандлага ямархуу байх шиг байна?

- Зола: Эхлээд шоу хийж үзье гэж зориглоод хийж үзлээ, дараа нь бичлэгүүдээ цацсан. Анх зөвхөн биднийг таньдаг, дэмждэг хүмүүс ирж үздэг байсан бол одоо масс үзэгчдэд хүрч эхэллээ. Нэг дор олон эмэгтэй комедиан байхаар тэр хэрээрээ нөлөөтэй байдаг юм байна. Олон нийтийн хандлага хүлээлтээс хавьгүй эерэг байлаа. Статистик, хандалтаа дүгнээд харвал 90 хувь нь эерэг сэтгэгдэлтэй байна.  Одоо байгаа комеди клубууд өөр өөрийн өнгө төрхтэй ч үзэгчид шинэ дуу хоолой хүсэж байсан болов уу. 

- Лили: Огт таниж мэдэхгүй хүмүүсийн хандлагыг харвал шууд ба шууд бусаар доромжилсон сэтгэгдлүүд фэйсбүүкт мэр сэр анзаарагдсан. Харин тоглолт ирж үзсэн үзэгчид “Нээрээ л амьдралын үнэн мөн чинь хошин шогийн хэлбэрээр энэ ш дээ” гэж хүлээж авдаг. Тэгэхээр хүмүүсийн хүлээж авч буй байдал онлайн орчин болон зааланд өөр өөр байх шиг санагдсан. 

- Ингэхэд яаж яваад биенээ олж нэгдэл болов, та нарыг юу холбосон гэж боддог вэ? 

- Зола: Монголын хувьд комеди бол эрчүүд давамгайлсан салбар учраас эмэгтэйчүүдийн дуу хоолой дутагдаж байгаа нь мэдрэгддэг байсан. Хүн өөрт нь хамаатай, өөрт нь тохиолдсон зүйлсэд л илүү их инээдэг. Тэгтэл эмэгтэй комедиан тоотой болохоор эмэгтэйчүүдийн түүх, тэдний учирдаг ойлгодог, бүтэлгүйтдэг, санаа зовнидог, ичдэг зүйлс комедид өмнө нь төдийлөн дурдагддаггүй. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний түүх комедид, түүхийн номон дээр, супер баатартай кинонд, эх орны ялалтад ч ховорхон дурдагддаг. Тиймээс 2018 онд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ санаачилж Herstory нэртэй арга хэмжээг Ub Comedy клуб дээр зохиож байгуулж үзсэн. Тэрнээс хойш бодоод л явдаг байлаа. Өнгөрсөн жил Австралид магистрын зэргээ хамгаалж, Монголдоо эргээд ирчхээд байсан үе. Тэгээд Комеди Лабаас зохион байгуулдаг Virgin mic гээд комеди сонирхогчдын эвэнтэд Южи, Лилитэй хамт очоод тэнд Линда, Дора, Номи, Хорлоо гээд залуухан хэрнээ комедид биднээс илүү туршлагатай эмэгтэйчүүдтэй танилцсан. Тэгж л энэ хэдтэйгээ танилцан улмаар хамтрахаар шийдсэн. Комедианууд маань бордсон хөрс шиг энэ таатай орчинд яаж ч өөрийгөө хөгжүүлж, таниулж болно. Анхнаасаа клубийн нэг хэсэг гэж хатуу гишүүнчлэлгүй, өөрсдөө хөгжиж, өсөх боломжтой Crew буюу нэгдэл, бүлэг хэлбэртэй байя гэж ярьцгаасан. Станд-ап комедиг ганц хүний урлаг гэж тодорхойлдог. Тийм ч учраас энэ платформд шинэ хүмүүс нэмэгдэж, орж гарах чөлөөт орон зайг бүрдүүлэхийг эрмэлздэг. 

Эмэгтэйчүүдэд тохиолддог төрөлт, хүүхэд өсгөх, үр хөндөлт гээд олон сэдвүүдийг жоке болгож ярина гэдэг нэг талаас сэтгэл зүйн үйлчилгээ юм.

- Бид болж буй үйл явдалтай холбоотой хөгжилтэй постуудыг түүж оруулдаг л даа. Зарим уншигчид нийгмийн чухал асуудлыг маазраа болголоо гэж шүүмжилдэг. Уг нь бол бид егөөдсөн, хошин байдлаар нийгмийнхээ асуудал, улстөрчдийн буруу шийдвэрийг хөндөж, нийтэд хүргэхийг зорьдог. Комеди ч гэсэн ийм шүүмжлэл хүртдэг болов уу. Энэ тал дээр та бүхэн ямар бодолтой байдаг вэ?

- Хорлоо: Чухал сэдвийг хошигнол болголоо гэж бухимддаг хүмүүсийн үзэж туулсан зүйл, амьдралын туршлагад нь ийм зүйл байгаагүй учраас ойлгоогүй байж болно. Бас зарим хүн бодит байдлыг хүлээж авахаасаа айдаг байх. Dark comedy гэдэг урсгал манайд шинээр хөгжиж байна, хүмүүс бага багаар ойлгодог болох байх. 

- Линда: Аль ч нийгэмд бэлгийн дарамт, хүчирхийлэл, үр хөндөлт, сэтгэл гутрал гэх мэт амьдрал дээр хаа сайгүй хэрнээ ил хэлэлцэхээс зайлсхийдэг “табу” буюу хориотой сэдвүүд байдаг. Эдгээрийг төдийлөн нээлттэй ярьдаггүйгээс болоод хохирогчид нуугдаж амьдарсаар сэтгэлзүйн хувьд илүү хүнд байдалд ордог. Тиймээс би хувьдаа ийм асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, дохио өгөхөд комеди хамгийн тохиромжтой арга гэж боддог. 

Хүчирхийллийн хохирогч эсвэл сэтгэл зүйн асуудалтай нүүр тулаад байгаа хүмүүс “Би ганцаараа биш юм байна, давж туулж чадна” гэдэг дулаан мэдрэмжийг миний хошигнолоос олж авах нь илүү чухал.  

- Лили: Хамгийн хар бараан, хүнд сэдвийг ч хошин байдлаар илэрхийлж чадаж байвал тэр яах аргагүй ур чадвар. Нөгөө талаар ийм сэдвүүдийг комедид тусгах нь ач холбогдолтой. Аливаа асуудлыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд нөлөөлдөг зүйлс хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Зарим нь шууд хэлүүлж байж ойлгодог бол зарим хүнд егөөдөж хэлэхэд илүү хүрдэг. Гэхдээ л ихэнх хүнд егөөдөж, ёжилсон хэлбэрээр (sarcastic) хүргэвэл илүү хоногшдог болов уу. 

- Линда: Миний хувьд, хүчирхийллийн хохирогч эсвэл сэтгэл зүйн асуудалтай нүүр тулаад байгаа хүмүүс “Би ганцаараа биш юм байна, давж туулж чадна” гэдэг дулаан мэдрэмжийг миний хошигнолоос олж авах нь илүү чухал.  

- Зола: Комедид эмэгтэйчүүдийн яг ийм мэдрэмж дутагдаж байсан. Манай тоглолтыг үзсэн эмэгтэйчүүд “Надад бас ийм зүйл тохиолддог, элгээ хөштөл инээлээ” гэж хэлдэг. Эмэгтэйчүүдэд тохиолддог төрөлт, хүүхэд өсгөх, үр хөндөлт гээд олон сэдвүүдийг жоке болгож ярина гэдэг нэг талаас сэтгэл зүйн үйлчилгээ юм. Найман өөр эмэгтэй, найман өөр амьдралын туршлага, найман өөр өнцгөөр монгол эмэгтэйчүүдийг төлөөлж гарч ирж байна шүү дээ. 

Эмэгтэй хүн яагаад сексийн талаар ярьж, хараал хэлж болохгүй гэж? Мэдээж хараал хэлэх муухай. Гэхдээ яагаад эмэгтэй хүмүүст л энэ шаардлагыг тавиад байгаа юм бэ гэж асуумаар байна.

- Амиа хорлолт, бэлгийн цөөнх, секс зэрэг нь одоо ч “табу” сэдвүүдэд тооцогдож буй. Секс ярихаар садар самууныг сурталчиллаа, бэлгийн цөөнхийн тухай хөндөхөөр олон нийтийг уриалан дуудлаа гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Ийм сэдвийг нийтэд нээлттэй ярих хэрэггүй гэж үзэх хүмүүс ч бий. Та бүхэн үүнтэй санал нийлэх үү?

- Линда: Манайд охидоо жаахнаас нь даруухан бай, цэвэрхэн бай гэж сургадаг. Томроод ирэхээр нь эмэгтэй хүн түрүүлж сэтгэлээ илчилж болохгүй, сексийн талаар ярьж болохгүй, порно үзэж болохгүй гэж захидаг, тэгж хүмүүжүүлдэг. Үүнээс болоод охид хангалттай бэлгийн боловсрол авч чадахгүй байсаар насанд хүрдэг. Жишээ нь, би эмэгтэй хүнийхээ хувьд эхнэр, ээж болохыг хүсдэг ч тэрнээс өмнө бие даасан бие хүн болж төлөвших нь чухал гэж боддог. Тэгтэл “эмэгтэй хүн байж” гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт ороод ирэхээр л юмс буруудаад байх шиг санагддаг юм.  Эмэгтэй хүн яагаад сексийн талаар ярьж, хараал хэлж болохгүй гэж? Мэдээж хараал хэлэх муухай. Гэхдээ яагаад эмэгтэй хүмүүст л энэ шаардлагыг тавиад байгаа юм бэ гэж асуумаар байна.

- Лили: Амьдрал тэр чигтээ комеди сэдэв. Тэр сэдвүүдийг ярьж байж хүмүүс бие биенээ ойлгож, хэн хэндээ тулгамдаж буй асуудлыг мэддэг болно. Шүүмжлэлээс айгаад хойш суувал хэн ч, хэзээ ч үүнийг ярихгүй л байхгүй юу. Гэтэл энэ бүхэн надад, миний ээжид, эгчид эсвэл хүүхдэд тохиолдож болно, тэрийг хэн ч мэдэхгүй. Бидэнд empathy буюу өөрийгөө бусдын оронд тавьж бодох чадвар сул байна уу даа гэж бодогддог юм. Ярьж байна гэдэг нь тэр хүний оронд өөрийгөө тавьж үзээч гэдгийг цаагуураа уриалж буй хэрэг шүү дээ. Хэрэв чамд тэдгээрийг илэрхийлэх зориг, мэдрэмж нь байгаад, чамайг дэмждэг хамт олон, хүмүүс байвал энэ сэдвүүдээр яриач ээ гэж хэлье. 

- Зола: Нэгд, эрэгтэй комедиан хараал хэлж болно, эмэгтэй комедиан болохгүй гэдэг хандлага бол эмэгтэйчүүдэд тавьж байгаа давхар стандарт. Хошигнол утгаа илэрхийлж байвал оносон газраа хараалын гэгдэх үг хэрэглэх зэрэг нь нэг комеди хэлбэр, төрөл шүү дээ. Хоёрт, хүний амьдралд секс байгаа бол түүний тухай ярьж болно ш дээ. Сэдэвт гоё, муухай гэсэн ялгавар байхгүй. Харин түүнийг яаж мэдрэмжтэй, ёс зүйтэй, бусдыг доромжлохгүйгээр хөндөх вэ гэдэг нь л бодох асуудал. Тэрнээс биш ярьж болохгүй сэдэв гэж байхгүй болов уу. Төрөлт, үхэл, өвчин, мөнгө, секс бүгд л сэдэв шүү дээ. 

Сэдэвт гоё, муухай гэсэн ялгавар байхгүй. Харин түүнийг яаж мэдрэмжтэй, ёс зүйтэй, бусдыг доромжлохгүйгээр хөндөх вэ гэдэг нь л бодох асуудал.

- Ер нь аль ч салбарт эмэгтэйчүүдийг гадаад үзэмж, өнгөн талаас нь шүүж, давхар стандарт тавьдаг. Монголд анх комеди хийж эхэлсэн эмэгтэйчүүдийг янз бүрээр доромжилж, бичлэгийн хэсгээс нь тасалж янз бүрийн тайлбартай тавьдаг, online shaming хийсэн тохиолдол бий. Энэ байдал одоо ч бүрэн арилаагүй байгаа. Та бүхэн үүнд хэр сэтгэлзүйн бэлтгэлтэй байна, ийм зүйл болбол яах вэ?

Южи: Би хэдэн жилийн өмнө анх комеди тайзан дээр гараад утгаараа бүтэлгүйтсэн. Зүрхэндээ хутга зоолгуулаад тайзнаас бууна гэдэг л болж билээ. Танихгүй хүмүүс хүртэл хажууд хүрч ирээд “Чи зүгээр үү” гэж асуугаад, үнэхээр эвгүй байдалд орсон. Тэрнээс болоод сэтгэлийн шарх авч, нэг хэсэг комедиг бүр орхисон юм. Дараа нь найзтайгаа тоглолт үзээд явж байтал Хану намайг шордсоор байгаад тайзан дээр гаргачихгүй юу. Тэгэхэд надад эго байгаагүй, хүн инээлгэх ёстой ч гэж бодолгүй гарсан болохоор өөрөөрөө л ярьсан. Гэтэл тэр өдрийн тоглолтын онцлох комедиан нь би болж, тоглолтын хамгийн сүүлд гарсныг ч хэлэх үү үзэгчид шүгэлдэж, алга ташаад маш гоё дууссан. Би дотроо аятайхан дуусгалаа шүү гэж бодоод л орхичихсон юм. Харин Big Sistas-д нэгдээд “цэрэгжилтийн” маягтай л бүхнийг цэгцтэй, зохион байгуулалттай хийж байна. (инээв) “Заавал мундаг байх ёстой”, “хүмүүсийг инээлгэнэ” гэх урьдын бодлоо хаяж, надад л инээдтэй, хөгжилтэй санагддаг зүйлийг ярьдаг болсон. 

- Лили: Нэгдэл, найз нөхөд байгаагийн нэг давуу тал нь бид ямар ч үед нэгнийгээ дэмжихэд оршиж байгаа юм. Тийм болохоор комеди гэр бүлийнхээ охидыг ийм зүйл тохиолдвол өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Ямар нэгэн асуудалд орвол бид долоо ард чинь асуулттай танк шиг чиний талд зогсож байгаа шүү гэж хэлье. Бид өмнө нь ийм асуудлыг их бага хэмжээгээр даваад гарсан болохоор бидэнд дараа ийм зүйл тохиолдсон ч даваад гарна гэдэгтээ итгэлтэй байна. 

- Зола: Хэн ч, юу ч хийсэн үзэн ядагчид бас дэмжигчид байсаар байна. Барак Обама, Бионсе, Тереза эх гээд ер хэн ч байсан шүүмжлэлд өртдөг. Биднийг таалахгүй байх нь тэр хүний эрх, харин бид тийм хүмүүст энергиэ зарцуулахгүй л байя гэж хоорондоо ярьдаг юм. Мэдээж үүнийг хэрэгжүүлэх нь хэлж байгаа шигээ хялбар биш л дээ. Шүүмжилсэн, сөрөг сэтгэгдэл унших хэнд ч таатай санагдахгүй. Гэхдээ олуулаа, хамтдаа байхын давуу тал нь асуудлыг хамтдаа даваад гардагт байгаа юм. 

- Линда: Хэрэв надад ийм зүйл тохиолдвол уйлах л байх даа. Үнэнийг хэлэхэд үүнд хараахан бэлэн биш байна. Гэхдээ миний хийж буй зүйлийг гэр бүл маань хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа нь юу юунаас илүү чухал санагддаг болсон. 

- Лили: Эцсийн эцэст, хүн аз жаргалтай байх гэж л аливаа зүйлийг хийдэг биз дээ? Бид ч гэсэн үүнийг хүсэж л комеди хийж байгаа. Бид Монгол Улсын 3 сая хүнд таалагдах үүрэггүй, тийм өргүй. 

Бүх хүн өвөрмөц, мэдрэмж нь дахин давтагдашгүй. Хэн нэг комедианы сексийн тухай хошигнолд хүмүүс инээлээ гээд би дагаж секс ярихгүй.  Хүмүүс бүгд бүдэрч унаж байгаа хүнийг хараад инээж байсан ч би бүдэрч унамааргүй байна. Миний сарказм цөөнх байсан ч хамаагүй.  

- Ямар ч үед зайлсхийх ёстой сэдэв, эсвэл тэр сэдвийг илэрхийлэх арга барил гэж та бүхний хувьд байдаг уу, байдаг бол юу вэ? 

- Лили: Бид юу хийдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг нь хамаагүй. Эцсийн бүлэгт бид бүгд хүн. Тэгэхээр ямар ч тохиолдолд хүн ямар араншин, ёс зүйтэй байх ёстой билээ тэр хэм хэмжээг давахгүй л байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр, юу ч ярьсан бусдын мөн чанарт халдахгүй байхыг хичээдэг. Нөгөө талаар бидний ярьж буй сэдэв нийгэмд мессеж өгдөг, цаашаа хөндөгддөг, яригддаг байгаасай гэж хүсдэг. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүст нөлөөлдөг нэгдэл болохыг хүсэж байна.

- Хорлоо: Үзэгчид биднийг эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүй комедиан гэдгээр нь л хардаг байгаасай. Тайзан дээр гараад сексийн холбогдолтой жоке ярихад, хараал хэлэхэд жоохон охин байж, эмэгтэй хүн байж ингэж болохгүй гэж ярьдаг хүмүүс бий. Тэгвэл яагаад эрэгтэй хүмүүс ингэж болоод байгаа юм бэ, надад тавьдаг шаардлагаа яагаад тэдэнд тавихгүй байгаа юм бэ, тийм биз дээ? 

- Южи: Комедиан бол сурган хүмүүжүүлэгч биш, ёс зүйн кодыг бусдад үлгэрлэх үүрэгтэй хүн биш. Нөгөөтээгүүр хүмүүс намайг үзээд заавал инээх албагүй. Бүх хүн өвөрмөц, мэдрэмж нь дахин давтагдашгүй. Хэн нэг комедианы сексийн тухай хошигнолд хүмүүс инээлээ гээд би дагаж секс ярихгүй. Сексийг табу сэдэв гэдэг утгаар нь биш, секс надад инээдтэй сэдэв биш учраас тэр. Хүмүүс бүгд бүдэрч унаж байгаа хүнийг хараад инээж байсан ч би бүдэрч унамааргүй байна. Миний сарказм цөөнх байсан ч хамаагүй. 

Өөрт тохиолдсон, даван туулсан зүйлсээ ярьсны дараа инстаграмаар хэд хэдэн охин уйлаад бичиж байсан. “Би таныг үзээд инээгээгүй, харин уйлж байсан. Яагаад гэвэл би ганцаараа биш гэдэг мэдрэмжийг аваад баярласан” гэж хэлсэн. Надад энэ л хамгаас утга учиртай, чухал зүйл.

- Линда: Комедигоор дамжуулж хүчирхийллийг дэмжихгүй гэж боддог. Би сайн дурын ажил хийж байхдаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхэд, эмэгтэйчүүдтэй танилцаж, тэднийг мэддэг болсон. Энэ туршлага надад хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй, хүний эрхийг хүндэлнэ гэдэг жанжин шугамыг суулгаж өгсөн байх. Бас өөрийгөө нуухгүй байх юмсан гэж хичээнэ. Өөрт тохиолдсон, даван туулсан зүйлсээ ярьсны дараа инстаграмаар хэд хэдэн охин уйлаад бичиж байсан. “Би таныг үзээд инээгээгүй, харин уйлж байсан. Яагаад гэвэл би ганцаараа биш гэдэг мэдрэмжийг аваад баярласан” гэж хэлсэн. Надад энэ л хамгаас утга учиртай, чухал зүйл. 

- Дора: Би ямар нэгэн зүйлд баригдаж өөрийнхөө мэдрэмжийг нуух, хэлэхийг хүссэнээ илэрхийлж чадахгүй байх, орь ганцаараа ч юм шиг мэдрэмж авах дургүй. Комедианууд өөрт тохиолдсон хүнд, хэцүү зүйлээ зориг гарган ярьдаг. Эмзэг сэдвээ бусадтай хуваалцах нь өөрийгөө эмчилж буй арга гэж хэлж болно. Тийм болохоор үнэн мэдрэмжээ нуухгүй байя л гэж өөртөө хэлдэг. Миний хүндэлдэг комедиан “Чамд юу чухал, юу яримаар байна тэрийгээ яриад л байх хэрэгтэй. Үзэгчид өөрсдөө чамайг олоод ирнэ. Чи бүгдэд таалагдах албагүй. Тиймээс өөрийнхөөрөө байж, өөрийгөө битгий алд” гэж ярьсан байсан. 

Комедианууд өөрт тохиолдсон хүнд, хэцүү зүйлээ зориг гарган ярьдаг. Эмзэг сэдвээ бусадтай хуваалцах нь өөрийгөө эмчилж буй арга гэж хэлж болно. Тийм болохоор үнэн мэдрэмжээ нуухгүй байя л гэж өөртөө хэлдэг.

- Зола: Бид хэн нэгэн хувь хүн эсвэл бүлгийг доромжлохгүй, хүний царай зүс, гадаад үзэмж, жин гэх мэтийг шүүхгүй, шоглохгүй гэдэг дээр санал нэгддэг. Бидний үнэт зүйл, жанжин шугам нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанар. Тэгэхээр бусдын эрх чөлөөнд халдаагүй л бол хүссэнээ ярих эрх чөлөөтэй. Комеди надад яг амьд хөгжмийн тоглолт шиг санагддаг. Би тэр жокийг долоон өдөр ярихад тэр өдрийн нөхцөл байдал, уур амьсгалаас шалтгаалаад долоон өөр байдаг. Бид хэчнээн үнэт зүйлээ барьж байгаа ч комедианууд төгс биш гэдгийг үзэгчид маань ойлгох хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
2022.04.08
UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй
2
2022.04.04
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэг...
3
2022.03.30
ТООН МЭДЭЭ | Бид тийм ч ялгаатай биш
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.