2021 онд Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарч хэвлэлийн хуудсаар уншигчидтай анх танилцаж байсан Б.Марал хиймэл оюун, сансрын технологи хослуулсан тооцоололд суурилж, уул уурхайн эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой судалгааны ажлаараа Оксфордын их сургуульд докторын зэргээ хамгаалаад байна. Түүнчлэн тавдугаар сард болсон Англид ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудыгаа нэгтгэх Британи дахь монголчуудын “Монгол орны хөгжилд” 18-р чуулга уулзалтыг зохион байгуулахад онцгой үүрэгтэй оролцсон юм.
Уг чуулганыг Британи дахь монголчуудын холбооноос Монгол Улсын Их Хурлын Даргын дэмжлэгтэйгээр ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Б.Маралтай ярилцсанаа хүргэж байна.
-Докторын ажлаа амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Одоо юу хийж байна?
-Баярлалаа. Би сүүлийн найман жилийн хугацаанд Британийн Засгийн газрын Инновац технологийн төв “Catapult”-д ажиллаж байна. Үүнийхээ сүүлийн дөрвөн жилд Оксфордын их сургуульд докторын зэрэг горилон судалгаа хийж, саяхан дүүргээд нуруун дээрээс маш том ачаа авчихсан мэт сайхан болоод сууж байна.
-Та уг нь геологич мэргэжлээр анх суралцсан юм билээ. Харин сансрын технологитой ажил, мэргэжил тань хэрхэн холбогдов?
-Сонирхолтой асуулт байна шүү. Ер нь ирээдүйд аливаа мэргэжлийг нэг л янзаар ойлгодог байдал хоцрогдох шинжтэй. Геологич гэхээр хайгуул л хийгээд явна гэх ойлголт байхгүй болчихсон. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр шинэ салбар, ухагдахуунууд бий болж, тэр бүрд бэлтгэгдсэн хүн байхгүй учраас хамгийн ойр, дөхөм эсвэл сонирхож байсан хүмүүс тэр мэргэжлийг бий болгож байгаа юм шиг санагдах болсон.
Миний хувьд анх Бристолын их сургуульд геологичоор суралцсан. Тэр үед Шотланд руу хээрийн ажлаар их явна. Тэгээд Монголдоо очоод геологийн зураглал хийвэл тэр том, өргөн уудам газар нутагт яаж хийж, барж дуусна аа гээд л их төсөөлж боддог байлаа. Харин сүүлд сансрын технологи гэж байдаг, маш ирээдүйтэй гэх яриа сонслоо. Тэр нь санамсаргүй нэг орой зайны тандан судалгаа, спекторын шинжлэх ухааны талаарх чөлөөт лекцэд суугаад л таарчихсан хэрэг. Надад тэр мөчид ёстой цоо шинэ хэр нь маш ирээдүйтэй санагдаж байсан юм. Ингээд ер нь магистрын ажлаа энэ чиглэлд хийх нь зөв юм байна гэж шийдээд Бристолд геологийн хайгуулын болон зайны тандан судалгааны хоёр багштай холбогдож санаагаа танилцуулж, энэ судалгаагаа Монголд хиймээр байна гэдгээ хэлсэн. Улмаар салбарынхан маань сайн мэдэх Др. Дэмбэрэлийн Оролмаа багшийн дэмжлэгээр урам зориг аваад энэ чиглэл рүү орсон доо.
-Анх геологийн мэргэжил сонгох болсон тухайгаа ярьж өгөөч. Охид тэр бүр шохоорхдоггүй салбар шүү дээ.
-Би аавыгаа (Н.Баяраа) дуурайж зураг зурах маш дуртай, анх зураач болохыг хүсэж, мөрөөддөг байлаа. Гэхдээ яг мэргэжлээ сонгох тухай бодож үзэхэд урлагийн төлөө үнэхээр чин сэтгэлтэй, бүхий л амьдралаа зориулах хүн л уран бүтээлч болдог юм байна. Би харин тэгж чадах эсэхдээ эргэлзсэн. Үүнээс гадна би философи бас их уншдаг байлаа. Үүнийгээ би математикт сайн юм чинь эдийн засагтай холбоод ‘Эдийн засаг ба философи’ гэсэн чиглэлээр суръя гээд сургууль, ангиа сонгоод бэлэн болчихлоо.

Гэхдээ тэр зун уламжлал ёсоор Монголдоо говь, хээрээр явдгаараа явж таарлаа. Тэр жил эмээгээ дагаад палеонтологийн экспедицтэй орчуулга хийж явсан юм. Тэгэхэд геологич хүмүүс нэг чулуу барьж аваад л энд ийм нуур байсан, бас өөрийг барьж аваад энд ийм, тийм галт уул байсан байна гэхчлэн ярихыг нь сонсоод би бүр алмайрчихсан. Чулуунаас эхлээд ертөнц, дэлхийн үүслийн талаар авч хэлэлцээд л надад маш гайхамшигтай санагдаж байсан. Тэгээд л би ер нь шал буруу чиглэлд яваад байгаа юм байна гэж ойлгоод нэг жилийн чөлөө аваад палеонтологи, геологийн чиглэлээр маш их уншсан. Ингээд геологи ер нь миний сонирхож байгаа чиглэл юм байна гэж бодоод мэргэжлээ сонгож байлаа.
Багаасаа өвөө, эмээгийнхээ нутгаар их явдаг, хөдөө хээр талд дуртай байсан минь хожим ингэж нөлөөлсөн нь надад өөрт ч сонирхолтой байдаг. Дотроо байгаль орчны талаар их боддог, яаж харж, хамгаалах вэ, яаж үүссэн юм бол гэхчлэн элдвийг боддог байсан маань л геологитой холбогдох учиртай байж гэж боддог.

-Хэдэн жилийн өмнө өөрийг тань Британийн шилдэг залуу судлаачаар шалгарлаа гэх мэдээ Монголд олны анхаарлыг татаж байлаа. Тухайн үед ямар ажлаар шалгарч байв? Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Тэр бол нэг удаагийн тохиолдол биш маш олон жилийн маань судалгаа, хөдөлмөрийн үнэлэмж болсон л доо. Гэхдээ би анхнаасаа эрдэм шинжилгээний зам хөөе гэж бодож байгаагүй. Ялангуяа, дөнгөж бакалавраа төгсчхөөд юун доктор гэж бодох, сургууль, соёлоос л одоо холдъё, ямар ч гэсэн ажил хийе л гэж бодож байлаа. (инээв)
Харин миний хувьд ажил дээр гараад Перуд хээрийн ажлаар явж байхдаа уурхайн далан дээр анх очиж үзээд энэ далан аюулгүй гэдгийг яаж мэдэх вэ, хэдэн миллиметр хөдөлгөөн нь зөрөхөд аюулгүй болж байна, тооцоолол өөр байвал эндээс зугтах боломжтой юу гэхчлэн инженерүүдтэй ярилцдаг байлаа. Тухайн үедээ энд сүүлийн үеийн технологи ашиглаад илүү нарийвчлал бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юм байна даа гэж бодож байсан. Энэ мэт бодол маань дотроос хатгаад компанидаа төсөл болгож хийе гэсэн санал хэд хэдэн удаа тавьтал, хангалттай судлагдаагүй учраас дэндүү эрсдэлтэй гэсэн хариу сонслоо. Тэгэхээр нь докторын судалгаа хийж байгаа хүмүүст санаагаа яриад бас тэрүүхэндээ судлуулчих санаатай хиймэл оюуны талаар ярилцахаар тэр бүр санаа нийлж өгөхгүй байсан юм.
Ингээд Бразил, Перу, Чили гээд л маш олон оронд байгаль орчин, уул уурхайн чиглэлээр ажиллаж явахдаа нөгөө л технологийн шийдэл маань бодогдоод, тэрийг л хийчихвэл ирээдүйн ногоон хөгжлийн суурь болсон энэ салбар, бас маш олон хүний амьдралд илүү аюулгүй орчин бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах боломж болох гээд байх шиг санагдаад болдоггүй. Тэгж явсаар би өөрөө судалгааны сэдэв болгож, удирдах багшаа олоод, эрдмийн санхүүжилтээ ч бас өөрөө татаад докторын ажлаа эхлүүлсэн. Ингэж өөрөө зам мөрөө тавихын нэг давуу тал нь асар их судалгааны эрх чөлөө гэсэн үг.
Ер нь олон чиглэлийн гогцоо болох, хиймэл оюун, сансраас хэмжигдэх газрын хөдөлгөөн, геотехникийн тооцоололтой нийлүүлж харсан ийм шийдэл байгаагүй. Харин би туршлагаасаа, олон жил анзаарч бодсон зүйлээ олон улс орны уул уурхайн хэрэглээний талаас нь ч тэр мэдэж байсан учраас хүмүүст энэ ажил хүрсэн байх гэж боддог.
Энэ мэтчилэн судалгааны явцдаа хэвлүүлсэн бүтээлүүд гэхчлэн олон ажил маань нийлж байж тэр нэр хүндтэй шагналыг хүртсэн. Ер нь Британид инновацыг дэмжих янз бүрийн шагнал, холбоо, нийгэмлэг бий. Харин энэ шагналыг 1851 оноос эхэлсэн Британийн хатан хааны сан олгосон. Энэ санд маш олон Нобелийн шагналтнууд бий, тухайлбал эрдэмтэн Петр Хигссийн анхны судалгаа, шинжилгээг дэмжиж байсан юм билээ.
-Саяхан болсон “Монгол орны хөгжилд” чуулганд та гол үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг. Оксфордын их сургуульд мэргэжил, бүтээлээрээ танигдсан 100 гаруй залуу цугласан байсан. Та чуулгантай хэрхэн холбогдож байв?
-Энэ чуулган 20 гаруй жилийн настай гэж болно. Би багаасаа ээжийгээ дагаад энэ чуулганд оролцдог байлаа. Британи дахь монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат ах ба манай ээж бол энэ чуулганы гол зохион байгуулагчдын нэг. Багадаа ёстой л гар, хөлийн үзүүрт зарагдахаас эхлээд оролцдог байсан бол том болоод Airbus Defense and Space компанид ажиллаж байхдаа илтгэгчээр оролцож байлаа.
Харин цар тахал гарснаас хойш бид чуулганаа хийлгүй удчихлаа гээд өөр хоорондоо ярилцдаг байсан юм. Англид сурч, аж төрж байгаа хүмүүс гэхчлэн монголчууд хоорондоо уулзаж, учирдаг басхүү оюуны нэг том хөдөлгөөн юм шиг санагддаг. Жишээ нь, анх Оюу толгой төсөл Монголд хэрэгжиж эхлэхэд “мега төсөл” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж, аль болох Монголтойгоо уялдаатай, нийгэм, цаг үедээ хэрэгтэй байдлаар зохион байгуулахыг бас оролддог.
Нөгөө талаас манай ээжийн үеийнхэн бие биеэ таньж, мэддэг, нүүдэлчин ардын уламжлалт нийтэч сэтгэхүйтэй, нэгэндээ тустай хүмүүс. Харин манай үеийнхэн завгүй амьдралын хэмнэлдээ үүнийгээ мартчихаад байх шиг санагдсан. Тиймээс энэ уламжлалыг сэргээе, залуу үеийнхнээ холбоё, олон талд нэг зүйл яриад явах тохиолдол ч бий, тэгвэл тэр талбарыг нь ч бас сэргээе гээд 18-р чуулганаа олны хүчээр зохион байгууллаа.
-Чуулганы илтгэл, хэлэлцүүлгүүд сонирхолтой санагдаж байлаа. Хиймэл оюун, менежмент, газар зүй зэрэг салбар бүрийн технологийн ололтуудыг ярихдаа үргэлж монгол онцлог, шинж чанартай холбон тайлбарлаж байсан нь шинэлэг байсан.
-Тийм шүү. Хувь хүний үүднээс надад ер нь өнөөдөр гадаадад ид трэнд болж байгаа зүйлс Монголын эртний гүн ухаанд нэвт шингэсэн санагддаг. Одоо яригдаж байгаа тойрог эдийн засаг, тогтвортой хөгжил гэхэд л байгаль орчноо хамгаалах монгол ухаан шүү дээ. Тийм учраас бид гаднын алдааг давтаж, зэрлэг капитализмын “хөгжлийг” дуурайх биш монгол гүн ухаандаа суурилаад өөрсдийн замыг яаж гаргах вэ гэж бодох ёстой санагддаг. Өнөөдөр боловсруулсан түлш биш, байгалийн аргал (ба сэргээгдэх) био түлштэй, үржүүлсэн, боловсруулсан мах биш бэлчээрийн мах үнэ цэнтэй байдаг цаг үе болчихлоо. Энэ бүхэн монголчуудын хувьд шинэ юм биш шүү дээ.
Нэг ёсондоо бидний хувьд хөгжил гэж юу вэ гэдгийг бид энэ удаагийн чуулганд өөрсдөө хэлэлцэж чадлаа гэж бодож байна. Таньдаг ах, эгч нартайгаа заримдаа ярихад Сингапур, Хонг Конг шиг хөгжье гэхчлэн ярьдаг. Гэтэл тэнд очиж хараад манай Улаанбаатар ийм цементэн ширэнгэ болчих вий дээ гэж санаа зовнисон. Хөгжил гэдэг бидний хувьд өвгөдөөс ирсэн гүн ухаан шингэсэн, байгаль орчин, ан амьтан, хүнээ бодсон байх ёстой санагдах болсон.
-Тийм хөгжлийг гэвч яаж бүтээх вэ? Монголд байгаа хүмүүс гаднын загварыг харж, түүндээ хүрэхийг оролддог бол, гадаадад байгаа хүмүүс тэр загвар тохирохгүй нь ээ гэхчлэн өөр, өөр талаас ярьдаг. Энэ харах өнцгүүд хэрхэн уулзаж, бидэнд ямар загвар хэрэгтэй вэ гэдийг хэрхэн тодорхойлох вэ?
-Энэ их гоё асуулт байна. Миний бодлоор сүүлийн үед салбар бүрд гарч байгаа ойлголт, хандлагын өөрчлөлт нь Монгол яаж хөгжвөл оновчтой вэ гэх замыг бэлэн гаргаад өгчихсөн санагдаж байна.
Жишээ нь, эдийн засгийн хувьд "natural capital," "sustainable finance" гэх мэт шинэ ойлголтууд хүчтэй гарч ирж байна. Уул уурхайн салбарт ч тэр байгальд ээлтэй байдлыг эрхэмлэх болсон. Эргэн тойрны байгаль орчин, усандаа хөрөнгө оруулалт хийхгүй бол урт хугацааны эрсдэл нь их байна гэдгийг тооцох, түүнийг нь эдийн засгийн тооцоололтой уячихсан. Улмаар хөрөнгө оруулагчид ч энэ шаардлагыг тавих болсноор мөрдөгдөхөөс аргагүй нөхцөл бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын “ташуур” гэх үү дээ.
Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх буюу “net zero” амлалт компаниуд хэрэгжүүлэх болсон. Хэдийгээр бүх үйл ажиллагаагаа ногоон болгоод ч, хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэж чадахгүй бол тэнцвэржүүлэх үүднээс Монгол шиг байгаль орчны нөөц сайтай улс, орнуудад хөрөнгө оруулалт хийдэг олон улсын тогтолцоо, стандарт нь бүрдэж байна. Тэгэхээр нэг талаас амлалтаа биелүүлэх, нөгөө талаас байгаль орчин, уул усаа хамгаалах гэсэн энэ хоёр хүслийн дунд маш том боломж байна. Эдгээрийг харин маш зөв тооцоолох гэхчлэн нарийн асуудлууд бий. Үүнд л сансрын технологи, хиймэл оюун маш том нөлөө үзүүлнэ гэж би харж байгаа.
Мөн дэлхийн олон оронд явж байхад “wild tourism” гэж онгон байгалийн аялал жуулчлалын хэв маяг байна шүү дээ. Монголд яг л энэ хөгжих боломжтой. Цаашлаад манай махыг хамгийн органик, шим тэжээл ихтэй юм байна гэдгийг батлаад одоо Кэмбрижэд хүртэл судалж байна шүү дээ.
Энэ мэтчилэн тоочвол боломж их бий, бид үүнийг мэдрэх хэрэгтэй юм шиг. Гаднынхан аль хэдийн хийж үзээд, алдаад, одоо засах гээд зүдэрч байгаа. Бид энэ алдааг нь дуурайлгүй, алгасаад шууд зөв замаар нь явах боломж, гол нь эдийн засгийн тогтолцоо нь одоо бэлэн болж байна. Тийм учраас би Монголд уул уурхай хөгжлөө ч, тогтвортой бас ногооноор байгаасай гэж хүсдэг. Тэгээд ч энэ бол эрт, орой дуусах нөөц, бид есөн үе давах урт хугацааны хөгжлөө зөвхөн үүнд найдаад хараад байж болохгүй.
-”Монгол орны хөгжилд” чуулганд оролцогч залуус маш нарийн чиглэлээр судалгаа хийдэг, суралцдаг, олон улсын байгууллага, компанид ажилладаг юм билээ. Тэдний хувь нэмрийг эх орныхоо хөгжилд оруулах сан гэж үргэлж ярьдаг ч, бодит ажил болох нь ховор. Энд ямар асуудал байна гэж та харж байна вэ?
-Би “Монгол явмааргүй байна” гэх гадаадад ажиллаж байгаа монгол хүнтэй тааралдаж байгаагүй ээ. Хүмүүс ихэнхдээ л Монгол руугаа очих сон, энд сурч, мэдэж байгаагаа Монголдоо хэрэгжүүлэх сэн гэж л ярьдаг. Харин яаж, ямар арга замаар гэдэг нь бэрхшээл болоод байх шиг санагддаг. Жишээ нь, шинжлэх ухааны хүмүүс бол яг салбарынхаа чиглэлээр ажиллая гэхэд зарим шаардлагатай лаборатори байдаггүй ч юм уу. Энэ хэрээрээ шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгө оруулалт ч бага. Гэхдээ үүнийг сайжруулахын тулд улс орнууд тодорхой стратеги гаргаад, шинжлэх ухааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд явдаг.
Ямартай ч, гадаадад байгаа монголчууд эх орондоо очих асар их хүсэлтэй байдаг нь мэдрэгддэг. Гэхдээ ажил, мэргэжлийн хувьд орчин, нөхцөлөө тодорхой болгохгүй бол шууд гүйгээд очиход хэнд ч тэр хэцүү шүү дээ. Миний хувьд энэ замаа бага багаар барьчхаад очъё гэсэн төлөвлөгөөтэй.
-Нөгөө талаас залуусын гадагш чиглэх урсгал нэмэгдэж байна. Гадаадад суралцах зорилго залуу хүн бүрийн дотор байдаг болжээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Би бол залуус Монголоос гарч, явж үзмээр бол, тэгээсэй л гэж боддог. Саяын чуулганд Ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөрийн залуус ирж оролцсон. Тэдний хувьд жишээ нь, суралцаад, эргээд очих зөв нөхцөлтэй шүү дээ. Хүн тодорхой хэмжээнд нүд тайлах бас амьдрал үзэх нь ч чухал шүү. Монголд бол бид чинь их ах, дүүгээ гэдэг хүмүүс. Олныхоо тус дэмээр ямар ч гэсэн амьдраад байж болдог. Харин гадаадад бол ёстой л нусаа хацартаа наадаг шүү дээ. Би оюутан байхдаа өвөл, зуны амралтаа ихэнхдээ зөөгч хийж өнгөрөөдөг байсан.
Сониноос тэр үед би “Royal Society” шинжлэх ухааны академийн хүлээн авалтад нэг удаа зөөгч хийж байсан юм. Ийм газар байдаг юм байна гэж бодоод алмайраад явж байснаа тод санадаг. Royal Society-д эрт дээр үеэс Исак Ньютон, Стивен Хоукинс гэх мэт алдартай хүрээлэлтэй газар. Харин 10 гаруй жилийн дараа би өөрөө тэр хүлээн авалтад зочноор уригдаж очиход үнэхээр амьдрал баян юм гэж бодогдсон шүү. Оюутан байхдаа хөлөө өвдтөл ажиллахдаа жаахан цалингийн төлөө хүн ямар их хөлс гаргах хэрэгтэй юм бэ гэж боддог байсан. Нөгөөтээгүүр сайн боловсрол эзэмшиж, өрсөлдөх чадвараа үргэлж өндөрт байлгахгүй бол нас ахисан ч 18 настнуудтай хамт хүлээн авалтад ажиллаад явж байгаа хүмүүсийг хараад амаргүй санагдаж байсан. Тэгэхээр гадагшаа явна гэдэг бол эрдэм, мэдлэг олж авна бас амьдралын ухаан олж авах чухал туршлага байх аа.
-Нээрэн л гадаадад бие дааж, амьдралаа авч явахад их зүйл сурдаг шүү. Дараа нь бодоход дурсгалтай байдаг.
-Тийм ээ. Би оюутан байхдаа тэгж ажиллаад, ядрахаараа ээждээ хааяа гомдоллоно. Тэгэхэд ээж маань “Оюутан байхад өөр яах билээ дээ. Харин мэргэжлээ сайн эзэмшээд, дараа нь түүгээрээ сайн мэргэжилтэн болж чадвал тэр амжилт шүү” гэх мэтээр аргаддаг байсан юм. Нээрэн л дараа нь хэд хэдэн хүлээн авалтад ээжтэйгээ хамт очиход ихэвчлэн зөөгч хийж байсан газруудад арга хэмжээ болно. Бүр саяхан Оксфордын их сургуулиас бас нэгэн тэтгэлэг аваад хүндэт зоогт ээжтэйгээ хамт уригдсан юм. Олон зуун жилийн настай сургуулийн хувьд хүндэтгэлийн зоог нь их нарийн дэг, жаягтай. Багш нар, оюутны ширээ тусдаа, тэнд хоол, хоолны хэрэгслээс эхлээд бүх зүйл нь энгийн биш. Тэрхүү багш нар, хүндэт зочдын ширээнд ээжтэйгээ суухдаа бид хоёр хориод жилийн дараа ингээд сууж байна гэж яаж төсөөлөх вэ дээ, ямар гоё юм бэ гээд ярилцаж байлаа.
-Англи руу анх ээжтэйгээ явж байсан уу?
-Тийм ээ, ээжийг маань Ч.Базаррагчаа гэдэг. Тухайн үед анагаахын чиглэлээр Бристолд докторын судалгаанд өмнө нь Германд магистрын тэтгэлэгт хамрагдаад явж байсан юм. Надад “Би чамайг хүссэн үедээ гадаад явуулаад, англи хэл сургах боломж, бололцоо даанч алга. Харин надтай хамт яваад, энэ боломжийг ашиглаж чадвал чи илүү сайн боловсрол эзэмшээд, миний шууд өгч чадахгүй ирээдүйг бий болгож чадна. Тийм болохоор хоёулаа хамт явъя. Хэцүү үе бол мэдээж байна байх” гээд сэтгэл санааг минь их бэлдэж байсныг санадаг.
-Тэр үед хэдэн настай байсан бэ?
-12 настай байсан болов уу.
-Хөөх. 12 настай хүүхэдтэйгээ их нухацтай ярилцдаг байжээ, тийм ээ?
-Тийм шүү. Ээж маань ер надтай их ярилцаж, том хүн шиг харилцаж өсгөсөн. Би ээжээрээ маш их бахархдаг. Хэдийгээр анх гадаадад ирчхээд хэцүү, хүнд байсан ч, хоёулаа хамтдаа хичээсэн учраас чадсан шүү гэж үргэлж надад хэлдэг. Намайг бага байхад миний ажил бол энэ судалгаа, чиний ажил бол хичээл ном. Хоёулаа ажлаа сайн хийж байж л урагшилна шүү гэдэг байсан.

-Том болоод ажлаа орхилгүйгээр докторт суралцах бас амаргүй даваа байсан байх аа. Яаж ард нь гарав?
-Хүмүүс доктор гэхээр нэг хэвшмэл ойлголтоор хардаг л даа. Миний хувьд, би өөрөө сэдвээ бодож олоод, багш нарт санал тавиад, эрдмийн санхүүжилтээ босгоод судалгаагаа эхлүүлсэн. Проф. Брайн Шэйл багш маань ч хувь хүний хувьд надтай ижил үзэл бодолтой, их холын бодолтой хүн байсан тул намайг судалгаагаа компанийн ажилтайгаа хослуулахад асуудалгүй сайхан хамтарч дэмжиж чадсан. Тэгэхээр хүн өөрөө тохирсон багш, санхүүжилтийн аргаа олоод өөрийн замыг бүтээх боломжтой шүү.
Надад анх ажлаа хийгээд доктор хамгаална гэж юм байдаггүй юм гэж маш олон хэлсэн. Мэдээж тэд надад муу санаж хэлээгүй байх, гэхдээ өөрийнхөө л төсөөллийн хэмжээгээр бодоод байж. Харин хөрөнгө оруулалтын банкир, түүнийхээ зэрэгцээ UCL их сургуульд доктороо хамгаалж чадсан нэг найзтайгаа уулзаад би ч ажлынхаа хажуугаар доктор хийнэ гэж бүтэхгүй бололтой гэхэд мань өөрийнхөө туршлагыг ярьж өгөөд, “Хүн бүрийн зам адил байх албагүй шүү. Чиний санаанд бууж л байвал болгоно шүү дээ” гэж урам өгсөн юм.
-Та ажлын арга барилаасаа хуваалцаач. Манай залуу уншигчдад сонирхолтой байх.
-Би ер нь өөртөө ямар нэг дутагдал, саад бэрхшээл тулгарахаар тэр чиглэлийн талаар ном олж уншихыг боддог. Бидний ийм юм болов уу, тийм юм болов уу гэхчлэн таамаглаж боддог олон зүйлсийг маань аль хэдийн мэргэжлийн түвшинд судлаад, судалгааны ажлынхаа охь дээжийг ном болгосон байдаг шүү дээ. Үр бүтээлтэй ажиллах тухайд гэхэд л олон судлаачид хамаг амьдралаа зориулаад, технологийн туршилтууд хийгээд, чухал зөвлөмж гаргачихсан байдаг.
Жишээ нь, би нэг ажлын ард гарах гэж өдөржингийн юм болдог үе байсан. Тэгэхээр мэдээж найзуудтайгаа уулзах, зургаа зурах цаг байхгүй гэхчлэн өөр зүйлд зориулах цаггүй болчихдог. Тэгээд ажлаас өөр юмгүй тэгж амьдармааргүй байсан учраас өөрийнхөө ажиллах арга барилаа олох гэж энэ сэдвээр олон ном уншсан. Тэр дундаа Карл Ньюпортын “Гүн үйл” гэж ном миний дахин, дахин эргүүлдэг номуудын нэг гэж болно. Хүн яаж гүн төвлөрөлд ордог вэ, өөр ажил, мэргэжлийн хүмүүст энэ нь ямар байдаг вэ гэхчлэн олон арга барилаар нь өөр дээрээ туршилтууд хийж эхэлсэн.
Сүүлийн үед миний хувьд “Эрүүл биед саруул ухаан” гэх үг яах аргагүй хамгийн чухал санагдаад байгаа. Дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнс нойрондоо онцгой анхаарч эхэлсэн. Хэт их сууж ажиллаад ахицгүй байвал гарч гүйлт, сунгалтаа хийчхээд ахиад үзье, хэт их дэлгэц ширтдэг юм чинь оройдоо номоо уншъя гэхчлэн анхаарах болсон.
-Өөртэйгээ их ажилладаг юм байна шүү дээ. Үүнээс гадна ямар зүйлд хоббитой, сэтгэл татагддаг вэ?
-Өнгөрсөн сард бол монголчуудын чуулга, уулзалтаа хийх гээд нэлээн завгүй явлаа. Энэ бол миний Монголоо гэсэн санаа, бодол холын зорилго мөрөөдөл учраас үүндээ зориулж цаг, заваа гаргасан. Ойрд зургаа зураагүй тул цаг гаргахыг хичээж байна, бас галерей орж мундаг зураачдын бүтээлийг үзэж, сонирхох дуртай. Мөн сүүлийн үед монгол ном их унших болсон. Урьд нь ямар гоё ном бэ гэж л уншдаг байсан бол одоо илүү эргэцүүлж, монгол гүн ухаан гэж юу байв, байгаль эхээ яаж дээдэлж, хүн, нийгмээ хэрхэн зохион байгуулж байж вэ гэдгийг ухаж байна. Бид ямар ирээдүй хүсэж байна вэ гэдгээ түүхээсээ эрэх миний дотоод юм уу даа. Үүнийгээ дагаад хүмүүстэй энэ тухай их ярилцах болсон.
Хэдийгээр урлагийн хүн, эсвэл философич болоогүй ч гэсэн энэ бүхэнд сонирхолтой дотор хүн минь хэвээр байгаа юм уу даа.
-Women who dare гэж таны хувьд хэнийг хэлэх вэ?
-Надад энэ үгс шууд л ээж, эмээ хоёрыг минь санагдуулж байна. Тэд нийгмийн ямар нэг хайрцаглагдсан сэтгэлгээнд оролгүй, өөрийнхөөрөө үйл хэргээ бүтээж, зам мөрөө гаргасан хүмүүс. Ээжийнхээ тухай дээр зөндөө ярьсан шүү дээ. Харин эмээг маань Ёндонгийн Ханд гэдэг. Цанаар гулгаж медаль хүртэж байсан, сайхан дуулдаг, олон талын авьяастай хүн. Сонгинод өссөн хүн бөгөөд нутгаасаа гадаадад буюу тухайн үед Ленинградад сургуульд анх явсан хүн юм билээ. “Манайхнаас анх удаа хүн гадагшаа сургуульд явлаа” гээд нутгийнхан нь тэр үедээ гурав хоног найрласан гэдэг. Өөрийн энэ замнал нь өөр олон хүнд үлгэр дуурайл болсон, тийм л “woman who dares” юм.
Ер нь бусдыг өөлье гэсэн хүн зоригтой, зоримог эмэгтэйг ч тэр шүүмжилнэ, дээрэлхэнэ. Тэр бүрд намайг эмэгтэй болохоор, залуу болохоор, ази болохоор гээд өөрийгөө өрөвдөөд байвал бүр ч аюултай санагддаг. Заримдаа үнэхээр арьс өнгөний үзэлтэй, хүйсээр ялгаварлагч хүнтэй таарч, муухай хандлага гаргасан ч, хийж байгаа зүйлээ яс мэддэг, түүгээрээ “гялалзаж” чадвал хэн гуайн ч болов дээгүүр нь гарч чадна гэж боддог.
Өргөн утгаараа мэдээж жендэрийн асуудлыг анзаарч, тухай бүрийг авч үзэж нийтээрээ хэлэлцэж, нийгмээ зөв тийш чиглүүлэх нь чухал. Харин өөлье гэсэн олон хүн байлаа ч, танихгүй хэр нь бие биеэ дэмждэг, холоос хайрладаг хүмүүс бүр ч олон байдагт би итгэдэг.
Ковер зургийг: G Studio
Холбоотой нийтлэлүүд:
Британи дахь монголчуудын “Монгол орны хөгжилд” 18-р чуулга уулзалт Оксфорд хотод боллоо
Humans of UB | Оксфордод болсон “Монгол орны хөгжилд” чуулганы оролцогчид