Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Ухаалаг биш" утасны хэрэглээ эргэн нэмэгдэж байна


"Ухаалаг биш" утасны эрэлт дахин нэмэгдэх болжээ. Программ хангамжийн SEMrush компанийн тайланд дурдсанаар ухаалаг биш утасны талаарх Google-ийн хайлт 2018-2021 оны хооронд 89 хувиар өссөн гэжээ. Утсаар ярьж, мессеж бичих л зориулалттай энгийн утасны борлуулалт 2019 онд 400 сая байсан бол өнгөрсөн жил нэг тэрбумд хүрсэн талаар өөр нэг тайланд дурджээ. Тэгвэл дэлхий нийтээр өнгөрсөн жил 1.4 тэрбум ширхэг ухаалаг утсыг худалдаж авсан ба энэ нь 2020 онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Түүнчлэн Deloitte группээс 2021 онд хийсэн судалгаагаар Их Британид гар утас хэрэглэгчдийн 10 хүн тутмын нэг нь ухаалаг биш утас барьдаг гэсэн үр дүн гарчээ. 

Тэдний нэг нь 17 настай Робин Уэст юм. Тэрбээр хоёр жилийн өмнө ухаалаг утсаа орхисон бөгөөд тухайн үед хямд үнэтэйг нь бодолцож энгийн утас сонгосон гэж ярьжээ. Робин одоо хэрэглэж байгаа утсаа ердөө 8 фунтээр худалдан авчээ. Интернэтэд холбогддоггүй энгийн утас барьж эхэлснээсээ хойш  тэрбээр төрөл бүрийн апп, сошиал медиад ямар их цаг зарцуулж байснаа анзаарсан байна. Найзууд нь түүнийг хэзээ ухаалаг утастай болох талаар байнга асуудаг ч Робин одоогийн утсандаа сэтгэл хангалуун байгаа учир үүнийгээ солих бодолгүй байна гэж BBC-д ярьжээ. 

Эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг анзаарсан гар утас үйлдвэрлэгчид ч энгийн утсыг дахин үйлдвэрлэж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн сайн мэдэх Nokia 3310 утас 2017 оноос дахин худалдаалагдаж эхэлсэн билээ. Хэдийгээр Nokia нь функц, олон үйлдлээрээ хавьгүй дэвшилтэт Apple, Samsung-ийн утсуудтай өрсөлдөх боломжгүй ч батарейны ашиглалт, бат бөх чанараараа хэрэглэгчдийг татдаг аж. 

Сэтгэл судлаач мэргэжилтэй Прземек Олейничак яг ийм шалтгаанаар таван жилийн өмнө Nokia 3310 утсыг худалдан авчээ. Гэвч ухаалаг биш утас батарейнаас илүү чухал ач холбогдолтойг тэр удалгүй анзаарчээ. Прземек фэйсбүүк орж, мэдээ унших нэрийдлээр байнга утсаа шалгадаг байснаа энгийн утастай болсон хойноо ухаарсан байна. Одоо тэрбээр өөртөө болон гэр бүлдээ илүү их цаг зарцуулж, лайк, шэйр, сэтгэгдэлд донтож, хувийн амьдралаа бусдад дэлгэх шаардлагагүй. Өмнөхөөсөө илүү хувийн орон зайтай болсон хэмээжээ.

Ухаалаг биш утасны зах зээлд өрсөлдөгч компаниудын нэг нь Light Phone юм. Энэ нь Nokia 3310 зэрэг бусад ижил төрлийн утастай харьцуулахад Bluetooth-ээр чихэвчээ холбоод хөгжим, подкаст сонсож болдгоороо онцлог аж. Light Phone бусад ухаалаг биш утаснаас хавьгүй үнэтэй (үнэ нь 99 доллараас эхэлдэг) хэдий ч 2021 оны борлуулалт нь өмнөх жилээсээ 150 хувиар өсчээ. Гэхдээ сошиал медиа, и-мэйл, интернэт браузер гэх мэтийг хэзээ ч суулгахгүй гэж Light Phone-ийг үйлдвэрлэгчид амлаж байна. 

Тэд хүмүүс идэвхтэй, сошиал амьдралаасаа завсарлага авахыг хүссэн үедээ Light Phone-ийг хоёрдогч утас болгон ашиглах боломжтой хэмээн бодож анх зах зээлд гаргажээ. Гэвч хэрэглэгчдийн хандлага тэдний хүлээлтээс тэс өөр байсан тухай компанийг хамтран үүсгэн байгуулагчдын нэг Кайвэй Тан ярьсан байна. Учир нь Light Phone-ийг одоо хэрэглэж буй хүмүүсийн тал нь үүнээс өөр нэмэлт утас барьдаггүй гэнэ. Түүнчлэн гол хэрэглэгчид нь 25-35 насныхан байгааг тэд онцолсон юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.