Ардын хувьсгалын 100 болон 101 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг үзэх жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүлээн авахаар болжээ. Жуулчид Үндэсний баяр наадмыг үзэж сонирхохын тулд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай юм. Үүнд, албан бичиг, нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/, зочид буудлын захиалгын баталгаажуулалт /ямар зочид буудалд байрлах/ багтсан байна. Харин тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авах ажээ.
Сануулахад, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Өмнөх жилүүдэд бөхийн барилдаан дуусахад наадам өндөрлөдөг байсан бол энэ жилээс ёс жаягаа бодолцож хаалтын үйл ажиллагааг ёслол төгөлдөр хийхээр ажиллаж байна. Мөн наадмын тасалбарыг цахимжуулна" гэдгийг онцлоод буй билээ.