Өнөөдөр Монголын орчин үеийн хөгжмийн урлагт нэрээ тодоос тод мөнхөлж яваа "Камертон" хамтлаг насанд хүрлээ. Ингээд хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
1. "Камертон" хамтлаг одоогоос 21 жилийн өмнө байгуулагдаж байв. Тэр үед бүгд Хөгжим бүжгийн коллежид суралцаж байсан бөгөөд хоёр нь хийл, хоёр нь виолончель хөгжмийн мэргэжил эзэмшсэн байна.

2. Тус хамтлаг анх монголчуудад хөгжимгүй олон хоолойн урсгал болох акапелла урсгалыг таниулах зорилгоор нэгдэж байжээ.

3. "Камертон" хамтлаг өнгөрсөн 21 жилийн хугацаанд “Уйлахдаа ухаар”, “Өнөөдөр” , “Хайрын хот”, “Амин нутаг”, “Төгсөшгүй” зэрэг нийт 10 цомог гаргасан билээ. Харин тэдний 21 насныхаа ойд зориулсан шинэ цомог тун удахгүй сонсогчдод хүрэх юм. Өнөөдөр "Камертон" хамтлагийн төрсөн өдөрт зориулж Vibe 105.5 радио 06.24-ны 00:00 цагаас 06.25-ны 00:00 цаг хүртэл тус хамтлагийн 10 цомгийн бүх дууг хүргэж байна.

4. "Камертон" хамтлаг 1995 оны намар “18 нас” дууныхаа клипийг цацаж эхлэх үедээ өөрсдөө 18 нас хүрээгүй байсан гэдэг.

5. Байгуулагдсан цагаасаа хойш "Камертон" хамтлаг нийт 20 шахам бие даасан тоглолт хийжээ.

6. Хамтлагийн гишүүд бүгд тусдаа соло цомгууд гаргасан билээ. Үүнээс хамтлагийн ахлагч Болд хамгийн олон буюу нийт 9 цомог гаргасан бол Эба “Дөрөв дэх гудамж” нэртэй нэг цомог гаргажээ. Харин Мээдээ “Mi Amore”, “Чамд хэлье”, Ганаа “Дурлалын тэнгис”, “Хайрын нэрээр” нэртэй тус бүр хоёр цомог гаргасан байна.

7. Хамтлагийнхан 2012 онд “B Production” болон “Боловсрол суваг”, “Music box” телевизүүдтэй хамтран “Камертон 2” төслийг реалити шоу хэлбэрээр хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслөөс төрсөн “Камертон 2” хамтлаг нь Б.Замбалгарав, Б.Баярмандах, Б.Оргил, Д.Зориг гэх гишүүдтэй юм.

8. 2000 оны эхээр ФМ, радионуудын хит парадын шилдэг 10-т "Камертон" хамтлагийн дөрвөн шинэ дуу өрсөлдөж байсан гэдэг.

9. Тус хамтлаг 1995, 1996 онуудад "Пентатоник" наадмаас “Шилдэг дебют хамтлаг”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг бүтээл” зэрэг шагналуудыг хүртэж байв.

10. "Камертон" хамтлагийн өнгөрсөн жил “Crocus event hall”-д хийсэн тоглолтыг хэвлэлүүд тус хамтлагийн хамгийн сүүлчийн тоглолт хэмээн шуугиж байсан удаатай. Гэсэн хэдий ч энэ мэдээлэл худал болох нь батлагдаж "Камертон" хамтлаг тун удахгүй сонсогчидтойгоо шинэ цомгийн тоглолтоор уулзах гэж буйгаа хамтлагийн гишүүн, дуучин Мээдээ “Мээдээ & Есөн аялгуу” ярилцлагын үеэр бидэнд мэдэгдсэн билээ.
