Мэргэжил бүр өөр өөрийнхөөрөө гайхалтайг батлан харуулдаг Дэлхийн ур чадварын тэмцээн яг одоо дэлхийн 15 улсад 61 мэргэжлийн дагуу зохион байгуулагдаж байна. Олон улсын 22 хүртэлх насны шилдэг мужаан, тогооч, гагнуур, сантехник, өрөг угсралт гэх мэт авьяас чадварлаг залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулдаг уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож буй.
Бид Дэлхийн ур чадварын тэмцээнээс юуг мэдэх хэрэгтэй гээч?
#1 Мэргэжлийн ур чадварыг сорих дэлхийн тавцан!
Дэлхийн Ур чадварын байгууллагаас "WorldSkills" буюу Дэлхийн ур чадварын тэмцээнийг 1946 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулж, мэргэжилтнүүдийн нэр хүндийг тунхаглан, авьяас чадварыг дэлхийд таниулж, эдийн засгийн өсөлтөд хүрэхэд эдгээр ур чадвар нь ямар чухал болохыг харуулж байна.
Өдгөө 85 улс нэгдээд буй уг тэмцээн энэ жил барилга ба барилгын технологи, бүтээлч урлаг ба загвар, мэдээлэл харилцааны технологи, үйлдвэрлэл ба инженерийн технологи, нийгмийн болон хувийн үйлчилгээ, тээвэр ба ложистик гэх 6 чиглэлийн дагуух 61 мэргэжлээр зохиогдож байгаа нь ач холбогдол, хүрээгээ тэлж буйн илрэл юм.
#2 Монгол Улс удаа дараагийн шагнал хүртсэн тэмцээн
Монгол Улсын хувьд анх 2015 онд 9 мэргэжлээр, 2017 онд 6 мэргэжлээр, 2019 онд мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, токарь гэх 8 мэргэжлээр оролцож, 2017 ба 2019 онд гагнуурын төрөлд "Medallion for Exelence", "Best of Nation" шагнал хүртсэн түүхтэй.
Тэгвэл энэ жилийн тэмцээнд манай улсаас токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт гэх 7 мэргэжлээр 7 суралцагч эксперт багшийн хамт оролцохоор ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсуудыг зориод байна. Токарь, мужааны тэмцээн дөнгөж өчигдөрхөн өндөрлөсөн бол бусад тэмцээн ирэх сарыг дуустал үргэлжлэх юм.
Эдгээр суралцагчдын дөрөв нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Чадамжийн төв" болгон хөгжүүлж буй долоон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид байгааг онцлууштай. Завхан аймгийн Политехник коллеж, Барилгын Политехник коллеж, Техник Технологийн Политехник коллеж, Дорнод Политехник коллежийн суралцагчид ийн олон улсад амжилттай оролцож буй нь сургуулийг "Чадамжийн төв" болгон хөгжүүлэхийн ач холбогдлыг харуулж байна.
#3 Дэлхийн 100 сая залуусыг нэгтгэх мэргэжлийн ур чадварын Олимпын наадам
Дэлхийн 85 улс гишүүнээр элссэн нь дэлхийн хүн амын гуравны хоёрыг холбох гүүр болж байна. "WorldSkills" нь тэмцээн бүрээрээ 1000 гаруй оролцогчтой зохион байгуулагддаг бөгөөд 2030 он гэхэд 100 сая мэргэжилтэн залуусыг хүрээндээ нэгтгэхээр зорьжээ.
#4 Монголын багийнхан амжилттай өрсөлдөж байна
Энэ жилийн тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсаас мужааны төрлөөр оролцож байгаа Г. Хатанбаатар тангараг өргөсөн нь онцлох үйл явдал байлаа. Завхан Политехник коллежийн суралцагч тэрээр Швейцар улсад зохиогдсон мужааны тэмцээний хамгийн залуу оролцогч бөгөөд 665 оноотойгоор тэмцээнээ амжилттай өндөрлүүлжээ.
Харин гагнуурын мэргэжлийн тэмцээн өнөөдөр /2022.10.18/ АНУ-ын Кливланд хотод эхэлсэн бөгөөд Монгол Улсын оролцогч, 17 настай Д. Амаржаргал эхний модулиа хийж дуусгажээ.
Мөн токарийн тэмцээний дүн хараахан гараагүй бөгөөд Г.Очбаатар эксперт Г.Оюунбатын хамт амжилттай оролцон дүнгээ хүлээж байна.
Нийт оролцогчдын талаарх мэдээллийг дараагийн нийтлэлээр хүлээн аваарай
Дэлхийн ур чадварын тэмцээн дараах хуваарийн дагуу явагдаж дуусах тул та улсаа төлөөлөн оролцож буй суралцагчдадаа амжилт хүсэн хамт байгаарай!
Токарь -10 сарын 6-17, ХБНГУ-ын Леонбург
Мужаан-10 сарын 7-16, Швейцар улсын Базель хот
Тогооч- 10 сарын 19-28 Швейцар улсын Луцерн хот
Гагнуур- 10 сарын 13-22, Америкийн нэгдсэн улс, Кливленд хот
Өрөг угсралт - 11 сарын 20-28, Австри улсын Зальцбург хот
Цахилгаан угсралт -11 сарын 20-28, Австри улсын Зальцбург хот
Сантехник- 10 сарын 29- 11 сарын 6, ХБНГУ-ын Лар
#5 Дараагийн Дэлхийн ур чадварын тэмцээн танд ч нээлттэй!
2021 оны тэмцээн коронавирусийн цар тахлын улмаас хойшлон энэ онд зохиогдсон бол 2023 оны тэмцээний нээлт тус оны арванхоёрдугаар сарын 12-17-нд Франц Улсын Лион хотноо зохион байгуулагдах юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох оролцогчдыг Монгол ур чадвар тэмцээнээр шалгаруулдаг тул та дараагийн тэмцээнд оролцож яагаад болохгүй гэж?
Дэлхийн ур чадварын тэмцээний талаар илүү их мэдээллийг энд дарж аваарай.
Монгол Улсын хүүхэд залуусыг Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоход “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслөөс дэмжин ажиллаж байна. Тус төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.