Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Энэ жил, эцэст нь би чамайг тавьж явуулж чадах нь


Миний дотор хаашаа ч холдохгүй мэт оршсоор байдаг нэг айдас бий. Хөгширч, бүх зүйл одоогийнх шигээ биш болно гэх айдас. Нэг л өдөр би гүйлдэх залуу хүүхдүүдийг харахдаа зах ирмэгээсээ гандаж эхэлсэн дурсамжаа нэхэн санаж, яаж ч хүссэн тэр үедээ эргэж очиж чадахгүй гэх айдас. Би 23 нас хүрснээсээ хойш төрсөн өдрөө тэмдэглэх дургүй болсон. Би фэйсбүүк дээр гарч ирэх хуучин дурсамжуудаа харахаас зүрх үхэх болсон. Хэн нэгэн өнгөрснийг ярихад би уйлмаар санагддаг болсон.

16 нас. Ахлах сургуулийн шалгалт. Их сургуулийн анхны урт удаан лекц. Анхны болзоо. Хийх зүйл олдохгүй зүгээр л гудмаар алхаж явсан өдрүүд. Мөнгө цуглуулаад авч иддэг байсан контик. Хүнгүй зам дээр хэвтэн үүл ширтэж, жолооч нарт загнуулаад л. Анхны хайрын захиа. Анхны худал үгс. Хайраас айсандаа худал хэлээд явуулчихсан тэр сайн залуу. Үүрээр нуурын ус руу гүйн орж, утсаа норгоод л. Хайртай хамтлагаа сонсон уйлж зогссон бороотой үдэш. Найзуудындаа очин түлэгдсэн хоолыг нь идэж, инээдмийн кино үзээд л... 

Анхны ажил. Хамт олонтой болж, нэгэн бүхэл зүйлийн хэсэг болоод л. Ээждээ анхныхаа цалингаар цамц авч өгсөн. Ээж минь ч эмээд анхныхаа цалингаар цамц авч өгч байсан... Өдөр хоног бүр өвөрмөц бас өөр. Би нэг өдөр Анхзаяа байж, нэг өдөр Алиса болж, дараа өдөр нь бас л өөрчлөгдсөн байдаг байв. Би мөнхийн эргэлдэх хөдөлгүүр шиг, намайг юуг ч зогсоож чадахгүй мэт, би өөрийнхөө төгс ертөнцөд, өчүүхэн төдий өөгүй, дэндүү гэмээр бардам төгс охин байлаа. 

20 нас хүрэв. Би ажилтай, зорилготой, хүссэн бүхэн минь надад байна хэмээн бодож явсан. Дарсанд учиргүй дуртай, гудмаар ганц л алхахад таньдаг өчнөөн хүн минь гар даллан мэндэлдэг, энэ ертөнцөд муу хүн, дайсан гэж нэгээхэн ч үгүй мэт санагддаг байлаа. Бүгд найз нөхөд, бүгд эелдэг... Утас минь зогсоо зайгүй дуугарсаар, би оксфорд гутлынхаа улыг элэгдтэл гүйсээр, үсэндээ тууз зүүдэг хэвээрээ... Амьдрал боломж, алдаа оноо, инээд хөөрөөр дүүрэн... Би маргаашаа боддоггүй байлаа. Надад мянга мянган маргааш олдох учир би "одоо" гэх цагт л дурлаж, бусад бүхэн хамаагүй байсан юм. 

Түүнээс хойш цаг хугацаа бага багаар нэмэгдсээр, хөл хорионы үед нэг л мэдэхэд амьдралын минь хоёр жил өнгөрчихсөн байсан. Эргээд хартал би өөрчлөгдсөн байлаа. Илүү дуугүй, тайван... Би яг л бүх онцгой зүйлээ алдчихсан юм шиг санагдаж, гунигласан, зөндөө уйлсан. Уйлаад л байсан ч намайг өмнө нь аргадаж сонсдог байсан хүмүүс байхгүй болж, би ганцаараа л уйлж байв. Өмнө нь найз байсан хүмүүс танихгүй хүмүүс болов. Ордог байсан газар, хийдэг байсан зүйлээ нэхэн санаж, үгүйлж, бүгдийг нь эргүүлээд авчирмаар байвч чадахгүй гэдгээ мэдэрсэн. Дахиад даашинз өмсөж, тууз зүүж, борооноор гүйж, үүр цайхыг хармаар байсан. Би өнгөрсөн бүхэндээ шунан тэмүүлж, одоогоо бүр хаяж орхиод байлаа. Эргэж ирэхгүй цаг хугацааг нэхэн санаж, одоогоо үл тоосон хоосон өдөр хоногууд олон.

Гэтэл тэр намайг үгүй хийж байсан юм. Би яг одоо мэдэрч болох тэр бүх зүйлийг ардаа гээж, үл тоож, цаг хугацаагаа дурсамжаа нэхэн санахад үрж байлаа. Би оюун бодлоороо хөгширч, хэдийнээ эмгэн болсон мэт. Энэ жил би тэр бүхнийг илүү их ойлгосон юм. Хайрладаг хүмүүс минь дэргэд бий. Цөөхөн, цомхон болсон ч хайр нь илүү хүчтэй... Би тараад яарах шалтгаантай болов. Ажлаа хичээн хийх зорилготой, хайртай хүнтэйгээ хамт нэг зүйлийн төлөө тэмцэх болов. Миний амьдралын хэмнэл бүхэлдээ өөрчлөгдсөн ч, илүү сайхан болсон юм. Надад зорилго, хамтран зүтгэгч, өрөөг гэрэлтүүлэн бусниулагч бяцхан хөл, хонхон инээдтэй жаал нэмэгдэв. Гэр бүлийн амьдрал намайг илүү томоожсон, бодолтой, арай илүү, чүд илүү ухаантай болгов уу даа. 

Алдсан гэж бодсон бүхэн минь үнэндээ илүү ихээр төгөлдөржсөн байлаа. Өнгөрснөө л харж амьдардаг азгүй амьтан болохын даваан дээрээ л би энэ бүхнийг ухаарсан юм. Илүү нам гүм, гэхдээ амар амгалан амьдрал намайг тосон авсан. Би энд амарч, бясалгаж, бүхнийг бодох, тунгаах боломжтой болов. 

Энэ жил, эцэст нь би чамайг тавьж явуулж чадах нь... Хуучин өөрийгөө. 

Хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж ирсэн үнэн ил гарч, би одоо илүү жаргалтай байна. Та ч бас сайхан цагийг дурсан сууна уу? Түүндээ битгий живээрэй. Одоо цагийн сайн сайхныг үрэн таран хийж орхино. Байгаа зүйлдээ талархахыг мартана. Нэг л мэдэхэд дэргэд байгаа хүмүүсээ гомдоож, сэвтүүлж орхино. Харин өөрийгөө хайрла. Ганц хоёр буурал үстэй нь, арай жаахан томоожсонтой нь, бага зэрэг харвинтай нь... Нас ахина гэдэг харуусал биш, амьдралын баяр баясал байх ёстой. Бид бүгд энд өөрийн байх хугацаатайгаа ирж буй. Тэр мөч бүрээ хайрла. Хэзээ дуусахыг нь мэдэхгүй шүү дээ. Би жаргалтай байгаа. Тэр жаахан охин энэ хүртэл явж, ийм хүн болж өссөнд... би өөрөөрөө бахархаж байгаа. Дотор орших хүүхэд насаа гээхгүй ч түүндээ зууралдахгүйгээр явах хүч чадлыг олж авсандаа баяртай байна. Та ч бас өөрийгөө хайрлаж, алдаа, өнгөрсөн бүхнээ уучилж, тавьж явуулаарай гэж хүсье. Бид өнгөрсөн дурсамжийн сүүдэрт амьдрахад хэтэрхий хайран цаг үеийг туулж байна. Өнөөдөр дахин олдохгүй. Хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийн тунг тааруулж, өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдрах нь ямар их эрх чөлөө вэ. 

Beautiful illustrations by: rakoshirako

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
2023.01.26
Алисагийн тэмдэглэл: Нулимстай, ганцаардалтай өдрүүдэд намайг "тэврэн авдаг" 10 зүйл
2
2023.01.20
Алисагийн тэмдэглэл: "Нэгдүгээр сарын блюз" буюу жилийн хамгийн гунигтай сарын тухай
3
2023.01.01
Алисагийн тэмдэглэл: Шинэ он гарсан шөнийн гайхамшиг буюу биднийг хүлээж буй 21 зүйл
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.