Алисагийн тэмдэглэлийн удаан хугацааны дараах шинэхэн бичвэрийг та бүхэнд хүргэж байна. Хүлээн авна уу. Бас сэтгэгдлээ, өөрийн түүхийг та надтай ЭНД дарж холбогдон харамгүй хуваалцах боломжтой юм шүү.
Сүүлийн үед миний амьдралд гарч болох бүхий л асуудал, хүнд хэцүү бүхэн тохиолдож байх шиг санагдаж, амьдралын эрч хүч, гал цогоо гээчихсэн мэт мэдрэгдэх болов. Нэг алхам урагшлах гэхэд тэнд үргэлж ямар нэг зүйл намайг отоод байж байх шиг. Ганцаараа л ингэж мэдрээд байгаа юм шиг санагддаг байсан ч үнэндээ хүн бүр ямар хүнд хэцүү зүйл туулж байгааг сүүлийн үед улам л анзаарах болов. Зөвхөн өөртөө анхаарахгүй, бусдыг ажиглахад мөн амьдрал нэг л өөр харагдах аж. Тэд яаж тэр бэрхшээлээ нууж, далдалж, даван гарч байгааг хараад урам авсан ч юм уу, сүүлийн хэдэн сар хэцүү байгаагаа хэнд ч мэдэгдүүлэхгүйг, нулимс унагаахгүйг хичээх болсон. Сайн найзууддаа ч энэ тухайгаа ярихаа болив. Саяхан би нэг удаа бүр явган суугаад, ажлынхаа найзын хүрмээс зуураад унахгүйг хичээж, хамаг чадлаараа уйлсан. Бүх гомдол, хэцүү бүхэн гадагшилж байгаа юм шиг, тэр хүрэмнийх нь хормой намайг тогтоон барьж байгаа ганц зүйл шиг, хамаг чадлаараа уйлж байгаа жаахан хүүхэд шиг л… Би тийм хүчгүй, өрөвдмөөр мэдрэмжийг аваагүй удсан мэт санагдсан. Яагаад би өндийгөөд, нулимсаа арчиж чадахгүй байна, яагаад би анхнаасаа уйлахгүй тэсчхэж болоогүй юм бол, ер нь яагаад би амьдралдаа тэмцэх биш, цохилт бүрийг нь зодуур дааж сурсан нэгэн шиг хүлээж аваад байгаа юм бол гэж бодсон. Бичихэд ч хэцүү өдрүүд, заримдаа амьсгалахад ч бэрх мөчүүд надад байлаа. Гэхдээ нулимсаа арчиж аваад л, улаан хамартай, бүлцийсэн нүдтэй чигээрээ инээгээд, найзуудтайгаа юм ярьж суухад амьдралд байгаа бусад сайхан зүйлсээ анзаарч эхэлсэн.

Миний ажлын ширээн дээр ганц л гэрэл зураг жаазтай хэвээр хэдэн жилийг ардаа үдсэн нь, өвөөгийнхөө өвөр дээр тэврүүлэн суухдаа уйлж байгаа бага балчир миний дүр. Тоглоомоо булаалгачхаад өвөө дээрээ очоод уйлчихсан суугаа нь тэр. Харин өвөө хэн нэгэн рүү юм хэлж байгаа харагдана. Намайг өмөөрч, хатуу үгс унагааж байгаа нь тэр. Хайрлагдах ямар байдгийг би энэ зургаас мэдэрдэг. Очир бөгжтэй баруун гар нь намайг яаж хамгаалан тэвэрч байгааг нь харахаар, би яаж эрхэлж уйлж байгаагаа харахаар, огтхон ч санадаггүй энэ үеэ нандигнадаг юм. Үсээ харахад, ээж маань загасан сүлжээгээр сүлжиж өгсөн байсан. Орчныг нь харахаар, бид талийгаач болсон том ахындаа цугласан байж. Зургийн цаана нь эмээтэйгээ байгаа жаахан хүүхэд, наана нь хүүхдээ тэвэрсэн бүсгүйн гар харагдана. Наана нь миний уйлахыг хараад, тавагтай тортоо идэж байгаа хүүхэд хальт орсон үзэгдэнэ. Энэ зураг надад бүхэлдээ хайр мэдрүүлдэг. Ямар ч нөхцөлгүй хайрлагдах, зүгээр л байгаагаараа хайрлагдах мэдрэмж. Хэчнээн тэнэг зүйлээс болж уйлсан байлаа ч намайг тэврээд, өмөөрөөд суух хайр. Гэтэл би багаасаа л хайр дутуу өссөн хүүхэд мэт аашилдаг байснаа бодохоор өөртөө уур хүрч байна. Эгэл бүхэн надад яагаад хангалтгүй санагддаг байсан юм бол оо?
Өмнө нь тэр болгон нандигнаж, үнэхээр талархаж байгаагүй мөчүүд, дэргэд байсан хүмүүсээ бодоод өөртөө хэчнээн уур хүрч байгаагаа үгээр илэрхийлэх тун бэрх. Тэр дундаас хамгийн том орон зайг эзэлж байгаа нь, миний ээж. Би алдсан болгоныхоо араас гашуудаж, харамсаж, санагалзаж байсан хэрнээ дэргэд байгаа нандин зүйлсээ бүрэн хайрлаж чадахгүй л байж. Миний хэцүү байгааг хараад мэдэрдэг, дагаад уйлчихдаг, юугаа ч хэлэхгүй байгаад минь бухимдаад над руу уурлачихдаг ээжийгээ сүүлийн үед бодох болгонд улам бүр зүрх шархирч, нулимс цийлэлзэх болов. Бүх зүйлд орь ганцаараа юм шиг санаж, өөрийгөө өрөвдөн хэвтэж байхад тэнд ээж минь намайг өндийгөөд ирнэ, чадна гэдэгт итгээд сууж байсан. Заримдаа уур бухимдал бүрээ ээж рүүгээ гаргачхаад, харамсаж суухад маргааш нь юу ч болоогүй мэт инээгээд л ирдэг. Бид хайр мэдрэх тусмаа улам харалган болдог юм болов уу? Бидний анхаарал хүртэх гэсэн, халамжлуулж, хайрлуулах гэсэн хүсэл шуналд хязгаар байна уу? Бас бидний мунхаглалд төгсгөл гэж байна уу?

Сөхөрч унах гээд, юу юугүй элгээ тэвэрч шалан дээр өнхрөх гэхэд намайг татаад босгоод ирдэг энэ хүмүүсийн төлөө би улам хичээх ёстойгоо одоо л ойлгож байгаа мэт санагдана. Миний гэр бүл, найз нөхөд, миний дэргэд байж, хор болгоныг минь гадагшлуулж буй тэр хүн. Бүгд нэг л зүйлийг хүсэж, тэнэг миний дэргэд байсаар байсан нь, миний сайн сайхны л төлөө. Хатуу үг хэлэхэд нь би хорсож, улам хатуу үгийг яаж олж хэлэх вэ л гэж боддог байж. Надад урам хугарахад нь, нээрээ л би чинь тийм хүн, угаасаа бүх зүйл миний буруу, би чадахгүй, би болдоггүй гэж улам бүр унагаадаг байж. Эцэстээ намайг л жаргалтай, өөрийнхөөрөө байгаасай гэж хүссэн хүмүүсийн үйлдэл бүрийг би няцааж, худал инээмсэглэл тодруулан, өрөвдөж суугаа хүмүүст илүү наалддаг байж. Газар унаад өгөхөд тэд өрөвдөж, харамсан халаглах ч намайг хайрладаг хүмүүс харин үсдээд ч хамаагүй босгохыг оролддог байж. Хайр үргэлж ганган чамин, гял цал, зөөлөн байдаггүй юм байна. Заримдаа хайр хатуу байх ёстой, заримдаа өвтгөдөг, гэхдээ л эцэстээ чамайг өөрөө бүх зүйлийг ойлгоно гэдгийг мөн хүлээж, харж байдаг. Миний төлөө энэ олон жил өөрийгөө золиослон, байдаг бүхнээ шавхсан ээжийнхээ төлөө би үүнийг ухаарах ёстой байсан. Ухаарал удаанаар биш харин хатгаж, бүр цохиж орж ирсэн. Цаг хугацаа биднийг хүлээхгүй үргэлжилсээр байгааг, өдөр ирэх тусам миний хичээх хугацаа багасаж байгааг би ингэж л ойлгож, мэдэх ёстой байж.

Өнөөдөр би ээж рүүгээ залгаад, уйлж байхдаа үнэхээр ээжтэйгээ байгаа би ямар азтай вэ гэдгээ бүрэн мэдэрсэн юм. Загнуулах, аргадуулах, очоод тэврүүлж үнсүүлэх ээжтэй байх, заримдаа тэнэгээрээ дуудуулж, хамт инээлдэж, хийж бүтээх найзуудтай байх, өөрөө асар их асуудал дунд байгаа хэрнээ намайг хайрлаж, илүү сайнаараа байхад минь түлхэж өгдөг, хамт хичээдэг хүнтэй байх ямар их аз вэ. Өнөөдөр би мөнгө, өр зээлтэй холбоотойгоор уйлж, шантарч байсан. Гэхдээ энэ үүрд биш. Энэ асуудал үрд үргэлжлэхгүй, би үүрд иймээрээ байхгүй. Учир нь миний дэргэд хайраар дүүрэн хүмүүс байгаа болохоор би алзахгүй гэдгээ ухаарлаа. Хэдхэн цагийн дотор бид энэ бүхнийг ойлгож, мэдэрч болдог гэхээр, амьдрал ямар хачирхалтай, гайхалтай вэ? Үүн шиг хэдхэн цагийн дотор амьдрал мөн туйлдаа хүртэл дордож болох учраас бид ямар болгоомжтой байх ёстой юм бэ. Өдөр бүрийн үнэ цэнийг мэдрүүлж, амьдрал ганцхан зүйлээр дуусчихдаггүй, үргэлжилсээр байдгийг ойлгуулж, цааш алхах хүч өгсөн хүмүүст бүгдэд нь баярлалаа. Цаашид би өөрөө урам зориг, хүч өгдөг хүн байхын төлөө л илүү хичээх ёстойгоо мэдэрч байна. Алисагийн тэмдэглэл цааш алдалгүй хөтлөгдөж, бичигдэх ёстойг ч бүрэн ойлгов. Уншиж, хамт мэдэрдэг та бүхэнд ч баярлалаа.
