Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс онцлох 5 баримт


Сүхбаатарын талбайд үргэлжилж буй залуусын эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж, Төрийн ордонд улс төрийн үйл явдал арвин байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гармагцаа сэтгүүлчидтэй уулзсан Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл анхаарлын төвд байлаа. “Нүүрсний хэрэг зөвхөн Засгийн газрын биш, олон нийтийн асуудал болсныг би залуучуудын жагсаалаас харж, Ерөнхий сайдын хувьд маш их итгэл авлаа” хэмээн мэдэгдсэн эл хэвлэлийн хурал 96 минут үргэлжилж нэлээд сунжирсан юм. Эндээс олон нийтийн анхаарч мэдвэл зохих чухал мэдэгдлүүдийг тоймлон онцолж байна. 

1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хооронд зөрчил үүссэн тухайд:

-Намайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй таарамж муутай болсон, МАН-ын генсекийн суудлаас болж зөрчилдсөн гэх яриа тархаж байна. Бид ийм ярианаас болж муудалцаад сүртэй юм болохгүй. Ерөнхийлөгч Удирдах зөвлөлд нүүрсний хэргийн асуудлаар УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах байр суурь хэлээгүй. УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах тухайд би ҮАБЗ хуралдахад Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өөрийн байр сууриа хэлсэн. Юу гэвэл, манай Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, хулгай луйвар, шударга бус байдлыг цэгцлэхээр эхлүүлсэн алхмуудыг Монголын ард түмэн дэмжиж байгаа бол энэ бодлогыг дэмждэг УИХ байгуулах, хэрэв дэмжихгүй байгаа бол өөр сонголт хийх эрхийн тухай асуудал юм. Японд Засгийн газар иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарвал Ерөнхий сайд нь парламентаа тараагаад дахин сонгууль зарлана. Өнөөдөр Ерөнхий сайд миний хувьд Үндсэн хуулиар олгогдсон ийм боломж байхгүй. Тиймээс би ч бас ард иргэдээсээ ингэж асуухыг хүсэж байна. Бид цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар сонгодог парламенттай, хүчтэй Ерөнхий сайдтай байх замаар явах ёстой. Эс бөгөөс засаглалын хэлбэр өөрчлөгдөх вий гэдэгт санаа зовох боллоо. Би заавал 2024 оныг хүлээхгүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх нээгдэх шинэ сонгуульд бэлэн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас надад энэ реформыг хийх, үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцох улс төрийн эрх мэдэл өгсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудлыг УИХ, Засгийн газрын шийдэх асуудал гээд, ард түмний дэмжлэгийг хүлээвэл дэмжихээ илэрхийлсэн. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллууд, жагсагчдын төлөөлөлтэй хийх уулзалтаа өнөөдрөөс эхэлж байна.   

2. Нүүрсний хулгайн тухайд:

-Монгол Улсын экспортын орлогын 93 хувийг нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр бүрдүүлдэг бөгөөд энд ноёрхлоо тогтоогсдоос төр, улс төрийг худалдан авах эрсдэл үүссээр ирсэн. Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацсан, хэдэн компани, хэдэн машин нүүрс зөөж байгаа, тэдний хэд нь монгол, хэд нь Хятадын Баяннуурын эзэнтэй юм, тэдний ард хэдэн улстөрч байна, тэд бүгд нийлэхээрээ хэдий хэрийн хөрөнгө, хүчтэй болсон юм бэ гэдэг асуудал юм. Нүүрсний хулгай гэж юу вэ гэвэл, нэгдүгээрт, нүүрсний, тээврийн гэрээний сонгон шалгаруулалт хэр шударга болсон, хоёрдугаарт, уурхайн ам ба хилийн үнэ гэсэн багц хэргүүд болоод байна. Энэ дотор 378 мянган тонн нүүрс хилээр бүртгэлгүй гарсан, 178 гэрээ, 219 аж ахуйн нэгжид олгосон нүүрс тээврийн С зөвшөөрлийн асуудал яригдаж байна. ЭТТ компанид онцгой дэглэм тогтоон шалгаж байгаа бөгөөд off take гэрээнүүдийг тун удахгүй нууцын зэрэглэлээс гаргана. Хилийн цэрэг, гааль, орон нутгийн удирдлагуудыг мөн шалгах ажиллагаа эхэлсэн. Орон нутгийн өмчит Тавантойлгой компанийн хэсэг хүн газрын доорх баялгийг эзэмшиж, мөргөцөг алга болгосон хэрэг нь прокурорт хаагдсан гэдэг ч нүүрсний хэрэг мөн. Засгийн газар Оюутолгой, Эрдэнэт, Хөтөл, Бор-Өндөр, Дарханы төмөрлөг, Хөгжлийн банкны гэсэн том хэргийг олон нийтийн дэмжлэгтэйгээр шийдэж чадсан шиг одоо нүүрсний хулгайн хэргийг эцэслэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Компанийн ард хувь эзэмшигчид, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдсон мөрдөн шалгалтын явцуудтай би танилцсан, мэдээллүүдийг энд зарлах нь тохиромжгүй юм. 

3. Шүүх прокурор нүүрсний хэргийг яагаад удаан шийдэж буй тухайд:

-Жагсагч залуус, иргэний нийгмийн 14 байгууллагаас ирсэн шаардлагуудыг нэгтгэн 20 орчим шаардлага би авлаа. Тэнд “Юугаа хүлээгээд байгаа юм бэ” гэсэн бичиг бий. Нүүрсний хэрэг болон С.Зоригийг хөнөөсөн гэх мэт бусад дуулиант хэргийн асуудлаар өмнө нь хууль шүүхийн байгууллагын удирдлагуудтай уулзахдаа би ч бас ингэж асуусан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эрх зүйн орчинтой холбон тэд тайлбарладаг. Хэрэг хуулийн байгууллагад ингэж уддаггүй байх талаар хуулийн холбогдох долоон заалтад өөрчлөлт оруулъя гэж үзэж байгаа. Засгийн газар хууль хяналтын байгууллагуудыг чадах хэрээрээ дэмжин ажиллаж байна. АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан том хэмжээний ажлын хэсэг нүүрсний хэрэгт Хятадын талтай хамтран ажиллаж байна. Үр дүн нь ч том байх ёстой. Эрх зүйт төр, ард түмэн байгаа цагт нүүрсний хэрэг хугацааны хувьд илүү хурдан шийднэ, өөр зам байхгүй. 

4. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл, инфляцын нөхцөл байдлын тухайд:

-Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл 136 сая ам.долларын гүйлгээг хийхэд бэлэн болсон, 2023 онд төлж барагдуулах хуваарьтай иенийн Самурай бондыг төлж барагдуулах 30 тэрбум иенийг Монголбанкинд бэлэн байршуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдэлгүй болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 805 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байгаа бөгөөд энэ дүн энэ оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгт хүрнэ.  

Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнөөдрийн байдлаар 3.7 хувь, инфляцын түвшин 14.5 хувьтай байна. Энэ оны сүүл гэхэд эдийн засгаа 4 хувьд хүргэнэ. Энэ нь цар тахлын хөл хорио тогтоосон, Замын-Үүдийн гаалиа хааж экспортоо зогсоож байсан нэг жил гаруйн өмнөх -4.7 хувийн үзүүлэлттэй харьцуулахад Ковидын өмнөх энгийн үед шилжиж байгаа хэрэг боловч иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх хүртэл тодорхой хугацаа шаардагдана. 2023 оны дунд үе гэхэд өсөлт 5 хувьд, инфляц нэг оронтой тоонд шилжсэнээр эдийн засаг тогтворжино.   

5. Цаашид хэрхэх тухайд:

-Бид мөсөн уулын цухуйж буй оройг хараад, далд байгаа гуравны хоёрыг ярихгүй бол буруутдаг. Ийм алдаа 30 жил гаргасан. Эрчим хүч, түгжрэл, хот хөдөөгийн ялгаа, тэгш бус боловсрол, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн заагаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурал, бухимдал, тэгээд 1.5 жилийн настай туниа муутай гүйцэтгэх засаглал, ордон дотроо барьцаалагдсан, хүн аргадсан Засгийн газар, УИХ-ын гишүүн тойрсон хөгжлийн бодлого, сонгуулийн тойргуудад хуваадаг төсөв, хийсэн ажлынхаа автор нь болох гэсэн уралдаанд бид хугацаа маш их алдсан. Бид одоо дараагийн 30 жилд зөв трэндээр хөгжих ёстой.

Монгол Улс өнөөдөр хойноо дайнтай Орос, урдаа ковидын хаалттай Хятадын дунд, нэг төвт байх уу, олон төвт байх уу гэдгээ шийдэж буй дэлхийд амьдрах болсон. Дэлхий дээр хэн эдийн засгаараа номер нэг улс болох, хэн батлан хамгаалах хүч чадлаараа жанжлах вэ гэдэг шинэ хүйтэн дайныг угтан авч байна. Монголд амаргүй сонголт тулгарч байна. Нийгмийнхээ амьдрал, уур амьсгалын толь байх парламент руу явж байж бид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангаж, эдийн засгийн том төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж улсаа хөгжүүлж чадна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mongol 2022.12.09 23.250.93.81

arai2

0 Хариулах


hitad 2022.12.09 192.241.91.164

sunu2

0 Хариулах