Японы Засгийн газар хотын хэт төвлөрөлтэй тэмцэн, орон нутаг дахь хөгжлийг хангахын тулд Токио хотоос нүүж буй гэр бүлүүдэд хүүхдийнх нь тоогоор 1 сая иен олгохоор шийдвэрлэжээ. Өмнө нь Токиогоос нүүх гэр бүлд хүүхдийнх нь тоогоор 300 мянган иен олгодог байсан бол ийнхүү нэмэгдүүлсэн байна.
Өнгөрсөн онд цар тахлын улмаас Токио, Осака зэрэг томоохон хотод шилжин ирэх хүмүүсийн тоо түүхэнд анх удаа буурсан ч 2022 оны төгсгөлөөс эхлэн ахин хүчтэй нэмэгджээ. Гэр бүлүүд Токиогоос гадагш нүүх ёстой ч Токиогийн зэргэлдээх уулархаг бүсүүдэд ч нүүн мөнгөн урамшууллыг авах боломжтой аж. Нүүж буй гэр бүлүүд тогтсон байршилд дор хаяж 5 жил амьдарч, гэр бүлийн нэг гишүүн тогтмол ажилтай байх ёстой бөгөөд шаардлагыг хангаагүй тохиолдолд мөнгөө буцаан төлөх юм.

Дэлхийн хамгийн их хүнтэй хот гэгддэг Токио хотын хүн ам одоогоор 35 саяд хүрээд байна.
Эх сурвалж: The Guardian