
Эмилиано Мартинес ДАШТ-ий шигшээд өмссөн бээлийгээ зарж, хорт хавдартай хүүхдүүдэд хандивлалаа
Аргентиний шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес 2022 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод өмссөн бээлийгээ дуудлага худалдаагаар зарж, хорт хавдартай хүүхдүүдэд хандивласан байна. Түүний бээлий 42 мянган еврогийн үнэд хүрчээ. Энэ мөнгийг Хуан Гаррахан эмнэлгийн хүүхдийн хавдар судлалын тасагт хандивлах юм.
Тэрээр "Би ДАШТ-ий шигшээд өдөр бүр тоглох боломжгүй учраас энэ бол онцгой дурсгал. Аргентиний Хүүхдийн сан надаас бээлийгээ хандивлах боломжтой эсэхийг лавлахад огтхон ч эргэлзээгүй. Бээлийгээ гэртээ хайрцагт хадгалснаас хүүхдэд туслах нь хамаагүй чухал" хэмээн хэлсэн байна.
Мартинес 2022 оны дэлхийн шилдэг хаалгачаар шалгарсан билээ.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Мартинесийг ДАШТ-д түрүүлсний дараагаар төрөлх Мар дель Плата хотын Лас Тоскас амралтын газарт угтан авсан бөгөөд уг үйл ажиллагаанд нутгийн иргэд болон жуулчид гээд 150 000 гаруй хүн оролцсон байна.