Сүүлийн үед "Toxic" хүмүүсийн тухай ихээхэн сонсогдох боллоо. Хайр дурлал, гэр бүл, найз нөхөд, ажил гээд бүх төрлийн харилцаан дээр ийм төрлийн хүмүүс ажиглагддаг бөгөөд тэдний голлох шинж тэмдгүүдээс хамтдаа сонирхоцгооё.
1. Бусдад шүүмжлэлтэй хандаж, үргэлж өөг нь харах
Хувцаслалт, үс засалт, гадаад төрх байдлаас авхуулаад хийсэн бүх зүйл, хийсэн үйлдэл, үг бүрд шахуу шүүмлэлтэй хандаж, өөлөх болно. Тэр үедээ тэд өөрсдийгөө магтах, биеэ тоох үйлдлийг давхар гаргадаг. Бусдыг доош нь хийж, өөрийгөө илүүд үздэг байдал нь илт мэдрэгдэнэ. Хаа ч орсон хүмүүстэй харилцаж, ярьж байгаа байдлаас нь та үүнийг анзаарч болно.
2. Маш их хов жив ярьдаг
Тэд бусдын тухай сайн муу бүх л мэдээллийн сонсох, түгээх дуртай. Хэрэв тэр танд бусдын тухай хов ярьж, муулж байгаа бол таны тухай ч бас тэгж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн өөрт чинь эелдэг сайхан харьцаж байгаа юм шиг хэрнээ бусдын тухай хаа хамаагүй ярьдаг.
3. "Gaslighting" хийх
Манипуляцын энэхүү арга нь маш аюултай. Gaslight гэдэг нь аливааг өөрийн чинь буруу мэт санагдуулах гэсэн утгатай. Бас шууд бусаар өөрийн чинь үйлдлүүдийг удирдаж, шийдвэр гаргуулах. Хүмүүс харахад та өөрөө тэр бүхнийг хийсэн мэт харагдах ч шалтгаан нь нөгөө хүн байх жишээтэй. Хэрэв тэр хүн таны өөртөө итгэх итгэлийг нурааж, аливаа үйлдэл хийх сэдэл, шалтгаан болж, хөшигний араас удирдах, шийдвэр гаргуулах гэж нөлөөлж байвал зайгаа барих хэрэгтэй.

4. Шударга байж чаддаггүй, үнэнч биш
Үнэн эсвэл худлаа яриад байгаа нь мэдэгдэхгүй. Тэд аливаа зүйлд шударгаар хариулдаггүй бөгөөд худал хариулт өгч, худал сэтгэгдэл үлдээхдээ гаргуун. Зарим хүний хажууд өөр, таны хажууд өөр, бусад хүний дэргэд бас нэг өөр байх нь элбэг.
5. Уур бухимдал ихтэй
Тэд уураа барьж чаддаггүй. Анх хамгийн сайхан ааштай хүмүүсийн нэг юм шиг мөртлөө удаад ирэх тусам та тэр хүний дотор өөр араншин байгааг мэдрэх болно. Тэд уураа хүчтэй байдлаар илэрхийлж, бусад руу цацаж гаргадаг. Ямар нэг байдлаар уучлал гуйх ёстой мэт, тавгүй сэтгэгдэл төрүүлдэг. Ааш занд нь тааруулж, аргыг нь олж харилцах шаардлагатай тулах болдог.
6. Бусдын төлөө жинхэнээсээ баярлаж чаддаггүй
Танд жаргалтай явдал тохиолдлоо гэхэд тэд баярлан хүлээж авахаас илүүтэйгээр дараа нь ингэнэ дээ, тэгэх вий дээ, одоо нэг их баярлаад хэрэггүй байх гэх мэтээр унтраадаг. Эсвэл ямар нэгэн өрсөлдөөнд оролцож байгаа мэт л тантай уралдах гэж оролдоно. Та тушаал ахих үед баяр хүргэх биш дотроо бухимдаж, хэзээ өөрийнх нь ээлж ирэхийг бухимдангуй илэрхийлж, яваандаа энэ нь даамжирвал бусад руу давшлах, өөрийг чинь доош хийх гэх мэт үйлдэл гаргаж мэднэ. Ямар нэг зүйлд баяр хүргэхдээ тэд ихэнхдээ худал инээмсэглэх бөгөөд тэр дороо царай нь хувьсан өөрчлөгддөг. Атаархал, өрсөлдөөн, хонзон мэдрэгдэх нь их.

7. Тэдэнтэй байсныхаа дараа ядарсан мэдрэмж авдаг
Ийм төрлийн харилцаатай хүмүүс таны энергийг ихээр сордог. Та ядарч, явмаар санагдаж, маш их туйлдсанаа мэдэрдэг. Токсик биш хүмүүс эсрэгээрээ танд эрч хүч өгдөг, эсвэл таны ядарсан байгааг ойлгож, амрахыг зөвлөдөг бол энэ хүмүүс таны эрч хүчийг сорж, ядрах шалтгаан болж, ядарсныг тань ойлгохыг ч хүсэхгүй.
8. Харамсал, гэмшил мэдрүүлэх гэж оролдоно
Та ямар нэг зүйл хийснийхээ төлөө гэмшиж, тэр хүний өмнө буруутай мэт санагдана. Гол нь шалтгаан нь харамсахаар, гэмшихээр зүйл биш байх. Жишээ нь та нэг найзтайгаа уулзаж, хамтдаа юм ярилцах хэрэг гарсан байхад дараа нь өөрийг нь үргэлж орхидог, найзаа гэж боддоггүй гэх мэтээр гомдоллох эсвэл ямар нэг зүйлийг тэдэнд мэдэгдээгүйнхээ төлөө маш их буруутай мэт байх.
9. Тэд үнэхээр сөрөг
Ямар нэг зүйл хэлэхэд сөргөөр хүлээн авах, муу ёрлох, болохгүй бүтэхгүй талаас харах гэх мэт. Эсвэл бусдад муухай аашлах, инээд өнгөрөх зүйл дээр жинхэнээсээ бухимдах, хошигнол нь хүртэл хэт бараан байх гэх мэт. Ямар нэг зүйлийг тэд бусдаас илүүү бараан, сөргөөр хүлээн авч хардаг.
