UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Манипуляц хийдэг ээж аавтай өссөн хүмүүсийн л ойлгох 9 зүйл

Алисагийн тэмдэглэл: Манипуляц хийдэг ээж аавтай өссөн хүмүүсийн л ойлгох 9 зүйл

Бидний бага нас бусад хүүхдүүдийнх шиг байгаагүй. Бид бусад шиг хүмүүжиж өсөөгүй. Бидэнд өөртөө итгэх итгэл бага бас ямар нэгэн зүйлийг сөрөн зогсох хүч чадал дутагддаг. Үргэлж бусдыг таатай байлгах дээр л анхаарч өөрийгөө мартана. Гэхдээ хэцүү бүхнийг даван туулаад нэг л өдөр энэ бүх зүйлээс авсан шархаа ардаа гээж, өөрөөр байж чадах болов уу? Тэгнэ гэж найдна.

1. Өөрийн биш бусдын мэдрэмжийг л анхаарч өссөн

Тэр хүн уурлах болов уу, таалагдахгүй болов уу, ийм байна эсвэл тийм байна гэх болов уу, одоо яаж байгаа бол... Толгой дотор өөрийн мэдрэмжээ ойлгож авъя, би яаж байна, надад одоо таатай байна уу муухай байна уу гэх ямар ч бодол төрөхгүй зөвхөн бусдыг л ажиглана. Тэр хүнд таагүй сэтгэгдэл төрүүлчих вий дээ, уурлах вий, гомдох вий л гэж бодохоос өөрийгөө тэгж анхаарах нь ховор. Бусдыг таатай байлгахын төлөө өөрийгөө ч мартаж чадах хүмүүс болсон байдаг. 

2. Өөртөө итгэх итгэлгүй болдог

Үнэхээр чадах зүйл байлаа ч дотроос ямар нэг зүйл "Чи чадахгүй" гэх шиг болно. Жишээ нь зориглоод ямар нэг тэмцээнд орлоо ч "Би тэнцээгүй ээ, би сонгогдохгүй" гэх бодлууд төрдөг. Тэнцсэн байгаасай, ялах юмсан гэх итгэлээс илүүтэй айдас, урам хугарал мэдрэгдэж, байнга өөрийгөө үгүйсгэнэ.

3. Ямар нэг буруу зүйлээс таашаал, тайтгарал авах нь их

Үүнд хорт зуршлыг нэмж ойлгож болно. Магадгүй согтууруулах ундаа, тамхи эсвэл өөрийгөө өвтгөх ч байж болно. Хөлөө цус шүүртэл нь маажаад урчихдаг, хумсаа алганд шигдтэл атгадаг, цус гартал уруулаа хаздаг, эсвэл бүр түүнээс ч ноцтой байж мэднэ. 

4. Онцгүй таагүй зүйл болоход "Би үүнийг хүртэх эрхтэй" гэж бодогдоно

Гунигтай байх, уйлах, урам хугарах, ямар нэг байдлаар таагүй үйл явдалтай орооцолдох зэрэгт гайхшрахаа болино. "Аан угаасаа л ийм байдаг юм чинь дээ" гэх бодол орж ирэх нь их бөгөөд тэмцэх, засахыг оролдох, өөрчлөхийг хичээх хүсэл ихэвчлэн төрдөггүй.

5. Хэлээгүй үг, хийгээгүй үйлдэл дэндүү их

Хоолойндоо залгиад хоцорсон үг, хийх гээд чадаагүй үйлдлүүд маш их байдаг. Үүнийгээ дагаад харамсал ч их байдаг. Ямар нэг байдлаар өөрийн дуу хоолой, үзэл бодлыг хориулж ирсэн хүмүүст энэ нь хамгийн түгээмэл ажиглагддаг бөгөөд хэлэх гэсэн үгээ хэлэлгүй өнгөрөх нь маш их. Мөн мессенжерийн "Unsend" буюу чатаа устгах нь тэдний хувьд ихээхэн тохиолддог зүйл. 

6. Хүчээр аливааг хийж сурсан

Ямар нэг зүйлийг үргэлж шаардаж, хэрэв эсэргүүцвэл ямар нэг байдлаар хааж боож, сүрдүүлнэ. Үргэлж ямар нэгэн зүйлээр барьцаалах аргыг хэрэглэдэг. Ингэхгүй бол тэгнэ, тэгэхгүй бол ингэнэ гэх зүйлүүдээр хорьж боох нь их. Тиймээс ч хүсээгүй хэрнээ ямар нэгэн зүйлийг хийх нь зүгээр мэт сэтгэгдэл төрүүлж орхидог. 

7. Үргэлж ямар нэг зүйлд харамсахад хүргэнэ

Хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсахад хүрсэн удаа маш их. Өөрт чинь хэрэгтэй, сайхан мөчүүд байсан ч дараа нь тэр бүхэн буруу байж, хэрэггүй байж гэж бодоход хүргэнэ. Зүгээр л энгийн зүйл дээр ч энэ анзаарагддаг. Энэ нь өөрийнхөө төлөө, хүссэн ямар нэг зүйлээ хийж чадахгүйд хүргэдэг.

8. Зөв байсан ч өөрийн чинь буруу мэт мэдрэмж төрнө 

Эргэлзээгээр дүүрэн хүн болно гэсэн үг. Ямар нэг шийдвэр бие даан гаргах нь хэцүү болно. Ажил дээр энэ ихээхэн анзаарагдана. Ямар нэгэн ажлын холбоотой шийдвэрийг бие дааж биш заавал хэлэлцэж хийх ёстой болж, бусдаас зөв буруу гэдэг үг сонсож байж хийхийг хүсдэг. Удирдуулах нь амар санагддаг болно гэсэн үг юм.

9. Хайр ямагт хэцүү сэдэв

Романтик харилцаа танд үргэлж төвөгтэй, бэрх санагдана. Хэн нэгэн өөр манипуляц хийдэг хүнтэй гэрлэх нь ч элбэг тохиолддог. Үүнээс сэрэмжлэхийн тулд бид өөрсдийгөө анагааж, бүхнийг бага багаар ардаа орхиж, ямар нэг сэтгэлзүйн тусламж авах шаардлагатай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.