Бид өнөө жилийн наадмын өнгөнд барилдана хэмээн таамаглаж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдоржийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
#1 Наадмын дэвжээнд арав тунасан арслан
Ц.Содномдорж Улсын наадамд гуравхан удаа амлуулж байсан. 2009 онд аймгийн арслан цолтой зодоглож, хоёр давахад түүнийг улсын начин Б.Баянмөнх амлаж байв. Харин үүнээс яг арван жилийн хойно улсын арслан цолтойдоо долоогийн даваанд аварга П.Бүрэнтөгсөд амлуулсан. Түүнчлэн 2023 онд мөн л долоогийн даваанд дархан аварга Н.Батсуурь түүнийг амлаж барилдсан төдийгүй хоёр бөхийн барилдаан удааширч, Н.Батсуурь идэвхийн дүрмээр давсан билээ.
Гэвч Ц.Содномдорж аманд гарсан барилдаанууддаа унаж байгаагүй. Үүний сацуу Улсын наадмын дэвжээнд 10 удаа тунаж барилдсан хүчтэн юм, тэр. Эдгээрт тав болон зургаа, долоо, найм гээд цолны төлөөх өндөр давааны барилдаанууд багтана. Тэрээр Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нартай тус бүр хоёр удаа, Ч.Санжаадамба, Н.Жаргалбаяр нартай тус бүртээ нэгэнтээ тунан барилджээ. Харамсалтай нь, тунасан барилдаануудынхаа ердөө эхнийхэд л давсан билээ.
#2 Арслан цолонд хүрсэн нь
Тэрээр 2017 оны Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, улсын арслан цолонд хүрсэн. Тэр жилийн наадамд харцага цолтой зодоглосон ч, өөрөөсөө өндөр цолтонтой таараагүй юм. Ц.Содномдорж эл наадмаар тувт амлаж барилдсаар түрүүлжээ.
"Түрүүлснийхээ дараа гэртээ хурдхан харьж, ээждээ үнсүүлэх юм сан гэж их яарсан. Ээж минь миний барилдааныг жил бүр зурагтаар үздэг юм. Нилээд хэдэн жилийн наадамд харцага цолоо ахиулж чадалгүй гэртээ харихад надаас дутахгүй шаналсан хүн бол миний ээж. “Цаг нь болоогүй юм байлгүй. Битгий шантраарай. Миний хүү өнөөдөр биш юм аа гэхэд маргааш чадна аа. Ээж нь итгэж байна” гэж урам хайрладаг байлаа. 2017 онд түрүүлж, сэтгэлийг нь тэнийлгэсэн. Ижийгээ баярлуулж, жаргалтай байлгахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Түрүүлсэн амжилтыг маань “Toyota”-гийнхан мялааж, шагнасан машинд ээжийгээ суулган явахад сэтгэл их хөдөлсөн шүү. Аав минь намайг арслан болохын өмнөх жил өвчний улмаас бурхан болсон. Орон зай, нөмөр нөөлөг нь их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа. Аавыгаа амьд сэрүүн үед нь Төрийн наадамд түрүүлж чадаагүй ч ээжийгээ баярлуулж чадсан гэж бодохоор сэтгэл минь жаахан тайтгарч байна" гэж Ц.Содномдорж тэр наадмын дараа ярьсан байдаг.

#3 Улсын наадамд хүргэн ахтайгаа барилдсан нь
Ц.Содномдорж Улсын наадмын дөрвийн даваанд хоёр ч удаа хүргэн ахтайгаа оноолтоор тааран барилджээ. Түүний хүргэн ах Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн арслан Оюуны Гантулга билээ. Заалны барилдаанд олон жил сайн барилдсан биеэр багадахгүй арсланг Улсын цолонд хүрнэ гэж олон хүн хардаг. Гэхдээ Ц.Содномдорж эл барилдаануудад хоёуланд нь давсан. Эхлээд 2015 онд таарч, Ц.Содномдорж тэр жилээ улсын зааны даваанд хоёр дахиа тулж, Э.Оюунболдод унасан юм.
Мөн 2017 онд Улсын наадамд түрүүлсэн жилээ хүргэн ахаараа дөрөв давсан байдаг. Тэрээр "Төрийн наадамд хүргэн ахтайгаа таарч барилдах л хамгийн хэцүү зүйл. Бүр өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй яаж барилдах вэ гэж бодохоос ч хэцүү. Бид хоёрыг 2017 оны наадмаар дөрвийн даваанд оноолтоор таарахад зарим хүн “2015 онд унагаасан юм чинь, энэ жил хүргэн ахаа дэмжих байх” гэж таамаглаж байсан гэнэ лээ. Гэхдээ би олныг хуурч, ахдаа боломж олгохыг хүсээгүй. Ах маань хөдөлмөрч, шударга, гүндүүгүй сайхан бөх. Хэзээ нэгэн цагт монгол бөхийн хийморь, олны буян хишиг ивээж, улсын цолтны эгнээнд багтана гэдэгт итгэдэг" хэмээн хожмоо дурсан ярьжээ.

#4 Наадмын амжилт
Ц.Содномдорж улсын наадамд зодоглосон хоёр дахь жилдээ улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдаад давсан, бороотой наадмын аз түшсэн начин билээ. Тэр жил зургаагийн даваанд Ө.Бат-Оршихтой мөн л тунаж барилдаад унасан. Хожим 2012 оны наадмаар тавын даваанд тунахдаа ахин унасан боловч Улсын наадамд түрүүлэхдээ үзүүрт өнөөх Ө.Бат-Оршихыг хаяж байв. Ц.Содномдорж улсын наадамд нийтдээ найман удаа шөвгөрөөд байна.

#5 Онцлох барилдаан: Аймгийн заанд гурав дараалж унасан нь
Улсын арслан Ц.Содномдорж 2021 оны 12-р сар, 2022 оны 1, 2-р сард зодоглосон гурван барилдаандаа нэг бөхөд дараалан өвдөг шороодож шуугиан дэгдээсэн юм. Тухайн үед арслангийн тэсрэлт эрс багассан нь анзаарагдаж байсан ч барилдааны ур, ухаан нь хаачих вэ гэтэл гурав уначихав. Хүчит арслантай гурав дараалан оноолт таарахдаа гурвантаа давж, шуугиан дэгдээсэн бөх бол тухайн үед аймгийн заан цолтой байсан улсын арслан Ц.Бямба-Отгон билээ.
Арслан харин тэр үед уналаа гээд дараагийн барилдааны гурвын даваанд амлаж аваад, эсвэл залуу бөхийн зоригийг нь мохоох жудаггүй зан гаргасангүй. Харин ч хорьж зогсолгүй, барьцаар баглаж, ухарч гишгэлгүй залуу бөхөд өөрийнхөөрөө зоригтой барилдах боломжийг олгож буйг гурвантаа харсан юм. Арслангийн ухаан энд л тодорч байна. Нэг барилдаанд унах, давах бол түр зуурынх, харин нэг бөхийг хурцлах, урам өгөх нь далавч зүүж өгсөнтэй л адил буяны үйл билээ.

#6 Б.Орхонбаярыг гар амар давуулсан нь
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаярыг амлан авсан нь олныг гайхшруулсан. Гэвч тэрбээр барьцыг элбэг өгч, мэхийг нь хорьж зогсохгүйгээр Б.Орхонбаярт өвдөглөсөн юм. Үүнээс өмнө Ц.Содномдорж арслан Б.Орхонбаяртай хоёр удаа таарч, төвөггүй давж байв. Тухайлбал, 2019 оны наадмаар түүнийг улсын начин цол хүртээд байхад нь зургаагийн даваанд амлаж давсан байдаг. Ц.Содномдорж наадмын маргааш "Б.Орхонбаярын ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Би арсланг дэмжээд сайн сэтгэлээр гар амар давуулсан. Дүү маань сайхан барилдаж ахынхаа цолонд хүрлээ" хэмээн ярьсан юм. Ц.Содномдорж тухайн намраа Б.Орхонбаярын Арслан цолны мялаалга наадамд түрүүлсэн билээ.

#7 Аваргын энтэй арслан
2019 оны наадмаар П.Бүрэнтөгсийг давж, аварга цолонд ойртсон ч тэрээр Их шөвөгт Э.Оюунболдтой тунаж, өвдөглөсөн билээ. Гэвч тухайн наадмын дараахан Э.Оюунболдоос допинг илэрч, аварга цолоо хураалгасан юм. Хожим Ц.Содномдоржид "Үлэмж бадрах" чимэг нөхөн олгосон ч допингийн нөлөөгөөр хамгийн том хохирч үлдсэн нь Ц.Содномдорж юм.
"Олныг хууралгүй, шударгаар хөдөлмөрлөж л амжилтад хүрнэ” гэж би өөртөө амласан. Би өдий хүртэлх хугацаанд ганц ч удаа худлаа унаж, хэн нэгнийг найраагаар давж ард түмнээ хуураагүйгээрээ бахархдаг...".
