Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ажилгүй, ажлаасаа залхсан хятад залуус бүтэн цагийн "хүүхэд" байх сонголт хийх болжээ


Бээжинд тоглоом хөгжүүлэгчээр ажилладаг 29 настай Жули өнгөрсөн дөрөвдүгээр сард бүтэн цагийн ажлаасаа гарч, аав ээж дээрээ нүүн очжээ. Одоо тэр аяга таваг угаан гэрээ цэвэрлэж, хоол бэлдэн өдрийг өнгөрөөж байна. Эцэг эх нь түүнд сарын 2000 юань (280 доллар)-ын цалин санал болгосон ч Жули авахаас татгалзан зөвхөн өдөр тутмын хэрэглээний мөнгөө тэднээс авч байхаар болжээ. 

Тэрбээр ажлаасаа гарахаас өмнө дараагийн ажлаа олохоор 14 хоногийн дотор ажилд зуучлагчдад 40 гаруй удаа CV-гээ илгээсэн боловч ердөө хоёр нь л түүнийг ярилцлагад дуудсан ба ажлаасаа гарсны дараа шинэ ажил олох бүр л хэцүү болсон гэж BBC-д ярьжээ.

Жули бол хэт их ажлын ачаалал, ядаргаанаас эсвэл ажилд орж чадахгүйн улмаас эцэг эхтэйгээ амьдарч, бүтэн цагийн "хүүхэд" байхыг илүүд үзэх болсон олон хятад залуусын төлөөлөл юм. 

Хятадын засгийн газраас гаргадаг албан ёсны мэдээллээс үзвэл 16-24 насны залуучуудын 21.3 хувь нь ажилгүй байгааг бөгөөд энэ нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн энэ статистикт орон нутагт амьдарч буй залуучуудыг багтаагаагүй гэжээ. 

Ажилгүй байх хэцүү, ажиллах ч хэцүү үеийнхэн

Өмнөд хөршид "996" гэгдэх долоо хоногийн зургаан өдөр, 09:00-21:00 цаг хүртэл ажиллах зарчим давамгайлдаг нь залуучууд ажлаа хаях гол хүчин зүйлүүдийн нэг болдог байна. 

Чен Дуду

27 настай Чен Дуду ажлаасаа халширч, үнэлэгдэхээ больсон мэт санагдсан тул саяхан үл хөдлөх хөрөнгийн салбарын ажлаа орхижээ. Үүнээс гадна цалингаа авч сар бүрийн хэрэглээний зардлуудаа төлсний дараа гар дээр нь бараг юу ч үлддэггүй хэмээн ярьсан байна. Ажлаасаа гарсны дараа тэр Хятадын өмнөд хэсэгт амьдардаг эцэг эх дээрээ очин нэг хэсэг тэтгэвэрт гарсан хүний амьдралаар амьдарсан гэв. "Толгойд эсрэг тэсрэг хоёр өөр бодол эргэлддэг байсан. Нэг нь ийм амралт ховор юм чинь, сайхан амарч авах хэрэгтэй гэж хэлдэг бол нөгөө нь дараа нь юу хийхээ бодохыг сануулдаг байсан. Хэрэв энэ чигээрээ удаан явбал эцэг эхээ шимэгчлэгч болох байсан тул хувийн бизнес эхлүүлсэн" гэж Чен Дуду хуваалцсан байна. 

Жули, Чен Дуду нартай адил бүтэн цагийн ажлаасаа гарсан залуусын нэг бол 32 настай Жек Жэн юм. Тэр урд нь Хятадын технологийн том компани болох Tencent-д ажилладаг байсан ч үнэлгээгүй илүү цагийн ажлаасаа залхжээ. Жек ажлын бус цагаар өдөрт 7000 орчим ажлын холбогдолтой текст мессежид хариулдаг байсан бөгөөд байгууллагаас нь илүү цагийн хөлс огт олгодоггүй байсан гэнэ. Нэмээд тэр ажлаас үүдэлтэй стресс, үсний уутанцрын үрэвслийн улмаас ажлаасаа гарахдаа хэдийн арьсны өвчтэй болсон байжээ. 

Хэдийгээр Жек уян хатан нөхцөлтэй шинэ ажилд орж чадсан ч эргэн тойрны хүмүүс нь түүн шиг азтай байж чаддаггүй хэмээн ярьжээ. Хятадад "35-ны хараал" хэмээх ойлголт байдаг бөгөөд энэ нь ажил олгогчид 35-аас дээш насны хүмүүсийг ажилд авах сонирхолгүй байдагтай холбоотой юм. 

Наснаас үүдэлтэй уг ялгаварлан гадуурхалт нь ипотекийн зээлтэй, мөн гэр бүл зохиохоор төлөвлөж буй 30-аас дээш насныханд хамгийн их дарамт болдог байна. 

Ийнхүү залууст халтай хөдөлмөрийн зах зээлээс үүдэн их сургуулийн оюутнууд төгсөлтөө хойшлуулах, үргэлжлүүлэн суралцах замаар бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийх болжээ. Нэгэн цагт их сургуульд суралцах нь элит бүлгийнхэнд л олддог боломж байсан бол 2012-2022 онд их сургуульд элсэгчдийн тоо огцом нэмэгджээ. Улмаар жил бүр 11.6 сая оюутан шинээр төгсөж, хөдөлмөрийн зах зээлд гарах болсноор залуучуудын ажилгүйдэл нэмэгджээ. Үүнээс гадна ковидын дараах Хятадын эдийн засгийн сэргэлт тооцоолсноос удаан байгаа нь ажилгүйдэл нэмэгдэх бас нэг том шалтгаан болсон гэж судлаачид үзжээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Энэ 7 хоногийн Онцлох 11 гэрэл зураг
2
Өчигдөр
Өнөөдрийн гэрэл зураг: В.Путин 2024 оны сонгуульд оролцохоо зарлалаа
3
4 өдрийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.