UBLife Logo
Боловсрол

А.Бүжинлхам: АНУ-д жилийн хугацаатай амьдарч, сурах боломж хүүхэд болгонд нээлттэй байна

А.Бүжинлхам: АНУ-д жилийн хугацаатай амьдарч, сурах боломж хүүхэд болгонд нээлттэй байна

"FLEX" хөтөлбөрийн 2022 оны төгсөгч, Төгсөгчдийн төлөөллөөр ажиллаж буй А.Бүжинлхамтай ярилцсан яриаг хүргэж байна. 9, 10, 11 дүгээр ангийн сурагчид маань АНУ-д сурч, амьдрах боломжтой "FLEX" хөтөлбөрийн тухай мэдээллийг эндээс аваарай.


-Анх яаж энэ хөтөлбөрийн тухай олж мэдсэн бэ?

-Манай анх "American Corner" дээр болдог үйл ажиллагаануудад их оролцдог байсан бөгөөд тэр үедээ надад энэхүү хөтөлбөрийн танилцуулгыг авчирч өгч байсан юм. Ийм хөтөлбөр байдгийг мэдэж авсан ч өргөдөл өгөхөөр зориглож чадахгүй байж байгаад үзээд алдахаар шийдсэн юм. Гэхдээ би нэг өдөр шалаа угааж байхдаа гэнэт өгөх ёстой хугацаа нь бараг дуусчихсан юм биш үү гэдгийг гэнэт санаж байсан юм. Гэтэл аз болж АНУ-ын цагаар өргөдлийг хүлээж авч байсан болохоор амжиж явуулж чадсан. 

-Америк руу явахаар сонгогдох хүртлээ маш олон байдлаар өөрийгөө бэлдэж байсан байх. Өөрийн чинь ямар чанар эсвэл давуу тал сонгогдоход нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Нэг жилийн хугацаанд би АНУ-д амьдарч чадна, энэ хөтөлбөр намайг ирээдүйд хэн болоход маш том нөлөө үзүүлнэ, хариуцлагатай байж чадна гэдгээ харуулахаар их зорьж байсан. Хөтөлбөрийн төгс оролцогч байж чадна гэдгээ харуулахад маш ихээр анхаарч байсан. Өөрийн чадварыг харуулж, хариуцлагатай байхаа мэдрүүлэх нь их чухал байсан.

-Англи хэлийг анх яаж сурсан бэ?

-Багаасаа сурахыг маш их хүсдэг байсан. Гэхдээ яг тавдугаар ангиасаа л үзэж байсан. Дараа нь манай сургууль англи хэлний сонгоны ангитай болох үед нь ээж ааваасаа зөрсөөр байгаад тэр ангид орж суугаад, англи хэлийг илүү эрчимтэй сурч байсан.

-Сонгогдсоноо мэдээд яаж хүлээж авч байсан бэ?

-Бүр итгэж чадахгүй байсан. Манай аав ээж, эмээ маш их баярлаад, бүр уйлж байсан. АНУ-д очих хүртлээ л итгээгүй гэж хэлж болно. Дараа нь Нью-Йорк хотод очоод л "Би нээрэнгээсээ хүрээд ирлээ шүү дээ" гээд бүрэн итгэж байсан даа.

-Америкт очиход чамайг хамгийн ихээр гайхшируулж байсан зүйл юу вэ?

-Хүн болгон маш нээлттэй, бас хүн болгонд боломж байдаг нь надад гоё санагдаж байсан. Хэнийг ч боловсролоор нь эсвэл өмсөж зүүсэн хувцсаар нь, гадаад төрхөөр нь ялгаж харьцдаггүй нь гоё байсан. Бас миний нэг жил амьдарсан "host" айл маань их аялах дуртай хүмүүс байсан болохоор хамтдаа олон удаа аялж байсан.

-Энэ хөтөлбөрийн хамгийн гоё зүйл нь юу вэ? Яагаад хүүхдүүд зориглоод, материалаа явуулах ёстой вэ?

-Нэг жилийн хугацаанд АНУ-ын ахлах сургуульд сурах үедээ маш олон зүйлийг харж, ойлгож, мэдэж авдаг. Бас шинэ улс орныг үзэх боломжтойгоос гадна аливааг өөр өнцгөөс харах боломж олгодог. Бас Америк болон Монголын аль алиных нь төлөөлөгч болгож өгдөг. Энэ нь өөрөө маш том давуу тал.

-Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулна уу.

-Анх 1993 онд эхэлсэн бөгөөд одоо 30 жилийн ой тохиож байна. Монгол улсад 2017 онд анх 10 сурагчийг сонгон авч явснаар эхэлж байсан бол Монголын хүүхдүүд маш мундаг байсан болохоор одоо жилд 20 орчим хүүхэд сонгон авч явж байгаа. Дээрээс нь АНУ-д очоод Монгол улсаа төлөөлөх, Монголдоо эргэж ирээд АНУ-д сурсан зүйлээ бусадтай хуваалцах гэх мэтээр хоёр улсын хоорондын харилцаанд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн төгсөгчид дундаас маань АНУ-д суралцахаар болсон хүүхдүүд их байдгаас гадна байнгын холбоотой байж, хамтдаа олон зүйлийг хийж болдог. Энэ жилийн хувьд 9 сарын 19 хүртэл "FLEX 2024-2025" хөтөлбөрийн өргөдлийг цахимаар авч байна.

-Шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаа хүүхдүүдийн хувьд ямар шалгуур тавьж байгаа вэ?

  • 2007 оны 1 сараас 1-нээс 2009 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх

  • Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх (2023 оны 9 дүгээр сарын байдлаар)

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

  • Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх

  • Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх

  • Америкт зорчих визийн шалгуур хангасан байх

  • АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй

  • Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 2006 оны 1 сарын 1-ээс 2009 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх

-Ямар үе шаттайгаар явагддаг вэ?

1-р шат 9-р сарын 19-ний хооронд явагдах бөгөөд энэ жилийн үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрт нээлттэй. Цахим өргөдлөө бөглөж, 3 эсээ асуултад хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай. Жишээ нь 8 сарын 14-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 8 сарын 24 гэх мэтчилэн.2-р шатны хувьд эхний шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд оролцоно. Өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор хоёрдугаар шатны урилга имэйлээр очих бөгөөд оролцогч илгээсэн холбоосоор орж англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна.3-р шатны шалгаруулалт 2023 оны 10 сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эсээ, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос имэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Бас хэрэв та бүхэнд мэдээ мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол ЭНД дарж манай фэйсбүүк хаягийг дагах, эсвэл миний инстаграмаар холбогдох боломжтой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Маш их баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.