
Амралтын өдөр хүүхэдтэйгээ 10,000 төгрөгөөр хийж болох 10 хөөрхөн зүйл
Намрын дулаахан амралтын өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөхөөр төлөвлөж байна уу? Хүүхдүүддээ чанартай цаг гарган, тэдэнд ч танд ч таалагдах дурсамжтай хөөрхөн санаанууд бидэнд байна. Ихэнх санааг нь 10 мянган төгрөгт багтаан хийж болох учраас мөнгөнд санаа чилээх хэрэггүй ээ. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдний дуртай зүйлийг хийн хөгжилдөж, чанартай цаг хугацааг өнгөрөөх хэрэгтэй юм шүү.
#1 Хүслээ сугалах
Гэр бүлийн гишүүд нэг нэгээрээ амралтын өдөр хийхийг хүссэн зүйлээ бичин цаасаа нугалаад шилэн хоргонд хийнэ. Хэн нэг нь нүдээ анин хоргоноос сугалаад гарч ирсэн хүний хүслийг хамгийн эхэнд хийх болно. Хөгжилтэй биз?
#2 "Mobile Legends:Bang Bang" тоглоомын аваргын төлөөх тэмцээнийг үзэх
Хүүхдүүдтэйгээ хамт тэдний сонирхдог, тоглох дуртай тоглоомын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг үзвэл ямар вэ?
Электрон спорт сонирхогчдын ESN платформ "Mobile Legends:Bang Bang" тоглоомын хөгжүүлэгч Moonton компанитай хамтран 35 сая төгрөгийн шагналын сан бүхий үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Гар утсаараа 5v5 тоглодог MOBA төрлийн онлайн тоглоом бөгөөд аваргын төлөөх "гал ассан" тэмцээн ирэх ням гарагт UG-Arena-д зохиогдох юм.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Нэг хүний тасалбар ердөө 5000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг Shoppy.mn болон Toki app-аас аваад гэр бүлээрэй үзээрэй.
#3 Амьтны хүрээлэн үзэх
UG-Arena ороод буцах замдаа ойрхон байрлаж буй "Улаанбаатар амьтны хүрээлэн"-ээр орон өхөөрдөм амьтадтай танилцаарай. Хүүхдийн тасалбарын үнэ 8000 төгрөг.
#4 Ойрхон агаарт гарч салхилах
Амралтын өдрөөр агаар салхинд гарах ч сайхан даа. Гадаа хүйтрэхээс өмнө өглөө эртлэн босоод ууланд гараарай. Намрын модод шаргалтаад өнгө өнгөөр алаглан тун сайхан болсон байгаа даа...
#5 Гэрийн үдэшлэг зохион хөгжилдөх
Амралтын өдөр гэрээсээ ч гармааргүй байна уу? Бүгдээрээ өглөө босоод унтлагын хувцсаа ч тайлалгүй гэртээ өдрийг өнгөрөөцгөөе. Амттай хоол хийж, дуртай хүүхэлдэйн киногоо халуун ам бүлээрээ тэврэлдэн үзэх ч сайхан шүү.
#6 Гэр бүлийн тэмцээн зохиох
Гэр бүлээрээ заал авч тоглох, хөлөгт тоглоом тоглох, гэртээ шатрын тэмцээн зохиох, цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа гүйх, хамтдаа байрны үүдэн дэх сагсан бөмбөгийн талбайд тоглох, хамт дугуй унах гээд л хамтдаа хийсэн бүх зүйл хөгжилтэй байх болно.
#7 Кино театрын эхний үзвэрийг үзэх
Жишээ нь, Тэнгис кино театрын өдөр бүрийн эхний үзвэрийн хүүхдийн тасалбар 6000 төгрөг байна шүү. Яг одоо дэлгэцнээ гарч буй "Suzume" анимэ, "Elemental" хүүхэлдэйн кино хүүхдүүдэд таалагдах нь гарцаагүй.
#8 Гэртээ кино үдэшлэг зохиох
Ням гараг бүрийн үдэш хамтдаа кино үдэшлэг зохиодог уламжлалтай болбол ямар вэ? Хүүхдүүд тань том болоод энэ л цаг хугацааг хайрлан дурсана гээд төсөөлөхөд л сайхан биш гэж үү? Кино театраас мөнгөндөө тааруулан ууттай попкорн аваад л гэрээ кино театр болгон хувиргаарай.
#9 Гэр бүлийн жүжгийн үдэш
Нэг нь зохиолыг нь бичээд, нэг нь найруулан хамтдаа гэртээ бяцхан театр амилуулбал ямар вэ? Дуу хөгжмийг нь нэг нь тоглосон ч гоё. Дүр дүрээ хуваарилаад л хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үнэхээр дурсамжтай өдөр өнгөрөх болно.
#10 Гэр бүлийн хоолны цаг
Ганцаараа хоол хийх уйтгартай байдаггүй гэж үү? Хүн бүр өөрийн үүргийг гүйцэтгэн амралтын өдрөөр амттай хоол хийн идээрэй. Бууз чимхэх, хуушуур хайрах гээд л олон хүний оролцоотой хоол бүр ч гоё болох болно.