UBLife Logo
Спорт

П.Орхон ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй тул Азийн наадамд зодоглохгүй

У.Чинзориг
У.Чинзориг
П.Орхон ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй тул Азийн наадамд зодоглохгүй

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр "Ханжоу 2022" Азийн наадамд зодоглох бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн 62кг-ийн жинд дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт МУГТ Пүрэвдоржийн Орхоны оронд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг явуулахаар болжээ. П.Орхон хэдхэн хоногийн өмнө явагдсан ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй тул дараагийн жагсаалтын тамирчинг явуулах болсон нь энэ юм. П.Орхон өнөө жил Улсын АШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн бол С.Цэрэнчимэд Улсын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

П.Орхон түрүүлснээсээ зургаан жилийн дараа ДАШТ-д ахин зодоглосон ч эхний тойрогт гоц мөргөж, Хятадын Жиа Лүнийг 8:5-аар, 23 хүртэлх насны дэлхийн аварга Ана Паула Годинесийг 13:6 оноогоор ялж, шөвгийн наймд Германы Луиза Нимешийг 3:0-ээр илүүрхэж яваад барилдааны төгсгөлд оноо алдан 3:4 оноогоор ялагдсан билээ. Тэд өмнө нь "Рио-2016" олимпын наадмын дагах барилдаанд таарахад П.Орхон цэвэр ялж байсан юм.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм.

"Ханжоу 2022" Азийн наадмын бүрэлдэхүүнийг танилцуулбал, 50кг-ийн жинд Ц.Намуунцэцэг (ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргал бэртэл авсан), 53кг-д Б.Болортуяа, 57кг-д Э.Даваачимэг, 62кг-д С.Цэрэнчимэд, 68кг-д Э.Дэлгэрмаа, 76кг-д Г.Ариунжаргал нар зодоглоно.

Харин эрэгтэйчүүдээс 57кг-д Н.Насанбуян, 65кг-д Т.Тулга, 74кг-д З.Сумъяабазар, 86кг-д Б.Бат-Эрдэнэ, 97кг-д Г.Ганхуяг, 125кг-д М.Лхагвагэрэл нарыг явуулахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.