Монголд ирж буй олон улсын уран бүтээлчид, гэрэл зурагчид, туршлагатай аялагчид голдуу хөдөөгийн үзэсгэлэнт нутгаар аялж, байгалийн сайхныг мэдрэн гэрэл зурагт буулгахыг илүүд үздэг бол АНУ-ын гэрэл зурагчин Крис Арнаде Улаанбаатарын гудамж талбай, захын гэр хорооллоор ганцаараа алхахын тулд Монголд ирсэн гэвэл та итгэх үү?
Жонс Хопкинсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, хүссэн хүн бүрийн орж чаддаггүй алдарт Wall Street-д өндөр цалинтай бондын арилжаачин ажилтай байсан ч тэр 2011 онд ажлаасаа гарч, Америкийн алдлагдсан захын муж дүүргүүдээр ганцаараа алхан, таарсан хүмүүстэйгээ гадаад үзэмж, баян ядуу, арьс өнгө үл хамааран ярилцаж үгийг нь дэлхийд сонсгохоор тэмдэглэл хөтлөх болжээ. Улмаар Америкаас гарч олон улсын хотуудаар алхан, хүмүүстэй яг л найз шиг нь ярилцан, “Chris Arnade Walks the World” цуврал нийтлэл бичсээр өнөөг хүртэл 60-аад хотоор ганцаараа алхаж, тоолж барамгүй хэдэн мянган хүнтэй нүүр тулан ярилцаад байна. (Түүний блогийг 14 мянга гаруй хүн төлбөртэй дагадаг) Крисийн 2019 онд хэвлүүлсэн “Dignity” нэрт ном тухайн жилдээ бестселлер болон америкчуудын нуугдмал хэсэг болох ядуусын “дуу хоолой” хэмээгдэж байв.
Улаанбаатарчуудын хувьд харж дадсан байдаг л нэг хашаа гудамжнууд, Нарантуул захын үүдэнд эгнүүлэн шахсан өнгө өнгийн граашууд Крисийн анхаарлыг татна. Крис Арнадетай Улаанбаатар хотоор алхах үед нь бид таарч, гэр хороолол, хүмүүстэй ярилцах мэдрэмж, өөр олон сэдвийн талаар яриа өрнүүллээ.
Юун түрүүнд, та чухам яагаад Монголд ирэхээр шийдэв? Ирэхээс өмнөх төсөөлөл ба бодит байдал хэр ялгаатай байв?
Би үнэхээр ямар ч төсөөлөлгүй байжээ. Америкт байхад Монголын тухай кинонуудаас их өөр дүр зураг авдаг байв. Минийх хувьд дундаж америк хүнээс харьцангуй илүү мэдээлэлтэй байсан ч тэр. Бронкс ч юм уу Америкийн захын дүүргүүдээр та алхаж яваад хэн нэгнээс Монголыг асуухад мэдэхгүй эсвэл “Чингис хаан” гэж хэлэх байх. Гэр хороолол хотын чухал бөгөөд асар том хэсэг гэдгийг төсөөлөө ч үгүй.
Монголын түүх соёл асар баялаг, Орос ба Хятад хоёр улсын дунд байрладаг нь сонирхол татсан. Олон зууны түүхээрээ алдартай улс орчин үежиж өнөөгийн дүр төрх бүрэлдсэн нь тун сонин.
@Chris Arnade, Ulaanbaatar, 2023
Та өөрийн “Dignity” номондоо эхлээд ажлаа тараад стрессээ тайлахын тулд захын дүүргүүдээр алхаж, McDonald’s дотор таардаг олон янзын хүмүүстэй ярилцдаг болсон тухайгаа өгүүлсэн. Өнөөг хүртэл хэчнээн хотоор алхаж, хэдэн хүнтэй ярилцсан бол?
Гучаад улсын тавь, жараад хотоор алхаж, 2000, 3000, 4000, магадгүй 5000 хүнтэй ярилцсан ч байж мэднэ шүү.
Монгол дахь таны McDonald’s хаана байх бол?
Магадгүй CU байх шүү. Залуучууд их цугладаг, боломжийн үнэтэй, байнгын интернэт цахилгаантай гээд их олон ижил талыг анзаарсан. Гэр хорооллын хувьд худгуудын эргэн тойрон хүмүүс их цуглаж ярилцдаг юм байна.
Таны “Dignity” номын нүүр зурагт орсон Такеша, Стив хоёрын тухай асуумаар байна. Тэдэнд юу тохиолдсон бол? (Түүний “Dignity” номонд биеэ үнэлэгч Такеша, мансууруулах бодисын хамааралтай Стив нарын тухай өгүүлдэг) Та нийтлэл бичвэрүүддээ хүмүүсийн түүхийг буй байгаагаар нь бичиж, шүүмжлэх, магтан гоёчлох, эсвэл муулахаас татгалздаг. Энэ харах өнцөг тань өөрчлөгдөж байв уу?
Холбоотой байгаа. Такеша хийдэг зүйлээ хийсээр, харин Стив шоронд орсон. Түүх бүхэн аз жаргалтай төгсөхгүй юм даа. Жишээ нь, гэр бүлийн хэн нэг гишүүн архины хамааралтай бол амьдрал үнэхээр хэцүү болдог. Миний анзаарснаар Америкт мансууруулах бодис хурц асуудал болсон шиг Монголд архины хамаарал хурцаджээ. Архины хамааралтай хүн харгис хэрцгий байдаг даа? Тэдэнд байнга тусалж, эсвэл дээрэлхүүлээд байж чадахгүйгээс хойш ойлгоод хүлээн зөвшөөрчих нь амар санагддаг. Шүүх, дорд үзэх, өрөвдөхөөс илүү ойлгох нь бидний хийж чадах зүйл юм даа.
Монголын аль хэсэг таны анхаарлыг хамгийн их татав?
Дархан хот бүхэлдээ их таалагдсан шүү. Ирэх хавар ахин ирж Дархан хотоор алхахаар шийдсэн. Би уужим цэлгэр орон зайд дуртай. Дархан хотод хэдий Улаанбаатар шиг том том ресторан, үйлчилгээний төвүүд, шилэн оффисууд байдаггүй ч хүмүүс нь хамаагүй илүү аз жаргалтай амьдардаг санагдсан. Дархан шиг хот дэлхийн өөр хаана ч байхгүй. Үнэхээр онцгой хот.
@Chris Arnade, Darkhan, 2023
Та гэр хорооллоор алхахдаа хүнтэй ярилцаж чадсан уу?
Ярилцсан. Монгол залуучууд төсөөлснөөс илүү сайн англи хэлтэй юм байна. Их эелдэг найрсаг, өгөөмөр зантай бөгөөд зарим таарсан залуус гэртээ орж сүүтэй цай уухыг хүртэл урьсан шүү. Улаанбаатарын гэр хорооллоор уул өөд өгсөж явах хэцүү атал тав зургаахан настай жаахан хүүхдүүд гэр хорооллын гудамжаар орой шөнө болсон ч хамаагүй ганцаараа явж байгаа нь намайг гайхшируулсан. Америкт тийм балчир хүүхэд ганцаараа барагтай л ингэж явахгүй, явж ч чадахгүй. Хүүхдүүд өвөл ч гэсэн ганцаараа явдаг уу?
Харамсалтай нь тийм ээ. Өвөл гэр хороололд утаа ихтэй, замын гэрэлтүүлэг муу, харанхуй, согтуу хүн хаа сайгүй ч гэсэн хүүхдүүд хичээлдээ ганцаараа явахаас өөр аргагүйд хүрэх тохиолдол их.
Гэр хороолол шороон замтай, усаа худгаас буюу зайнаас авдаг, усны нэгдсэн сүлжээгүй. Гэтэл гэр хорооллын монгол гэрээс маш цэвэрхэн, маш царайлаг залуу хөвгүүд, их догь үс засалт нүүр будалттай охид гарч ирж байгаа нь надад биширмээр санагдсан шүү. Монгол залуусын загварын мэдрэмж нь ч үнэхээр гайхалтай! Нью-Йорк хотоос ч хайгаад арайхийж олмоор залуус олон байсан. Гэр хорооллын худгийн үүдэнд догь хувцасласан найман жаахан охин хамтлагаараа к-поп бүжиглэж, ТикТок бичлэг хийж байсан. Зургийг нь дармаар санагдсан ч тэднийг эвгүй байдалд оруулмааргүй санагдаад больсон ч надад онцгой хөөрхөн санагдсан.
Таарсан хүн бүртэйгээ англиар ярьж чадаагүй ч тэд мэдэх, хүнтэй ярилцах их хүсэлтэй нь мэдрэгдсэн. Америкчуудын хувьд хүнд хэцүүд тооцогддог олон зүйлийг монгол хүүхдүүд багаасаа түүртэлгүй хийчихдэг. Дарханд л гэхэд 15 орчим настай залуу охин автобусанд суугаад харанхуй шөнө тал газарт зүгээр л буугаад алхчихсан. Надад хүмүүс хэрхэн өөр өөр замаар амьдарч буй нь үргэлж гайхширалтай, сонирхмоор сэдэл төрүүлдэг.
Та гэрэл зургийг нь дарж буй хүмүүсээсээ “Та өөрийгөө хэрхэн тодорхойлуулмаар байна” гэж асуудаг. Би танаас үүнийг асуумаар байна?
Яг л муур шиг хэтэрхий сониуч нэгэн. Сайн талтай ч заримдаа үүнээсээ болоод хэрэгт орчихдог сониуч муур. Харин та?
“Явж буй”, “Бүтээгдэж буй” гэе.
Сонирхолтой хариулт байна.
Ихэнх хүн тан шиг "Wall Street" дэх өндөр цалинтай ажлаа хаяад мөрөөдлийнхөө ажлыг хийх зориггүй байдаг. Та тэдэнд хэрхэн зөвлөх вэ?
Дуртай зүйлээ хийж эхлэхэд зориг шаарддаг ч хийсээр байвал яаж ийгээд мөнгө олддог гэдэгт итгээрэй. Мөнгө олдох ч мөрөөдөл амархан олдохгүй. Заримдаа дургүй зүйлээ хийх шаардлагатай ч болно. Улс орноор хэрэн тэнэж ажиллах нь бяцхан хүслээс эхэлсэн ч миний хувьд мөрөөдлийн ажил болон хувирсан. Жишээ нь, та том корпорацид ажилладаг ч шүлэг зохиол бичих, зурах мөрөөдөлтэй байж болно. Тийм бол өдөр бүр бага багаар урагшилж, өөртөө цаг гаргаж байгаарай гэж би зөвлөе. Цаг гаргаагүй мөрөөдөл тоосонд дарагдан үлдэнэ. Бид 60,70 л наслах атал юуг хүлээж дургүй ажлаа хийсээр байх вэ. Мөрөөдлөө бүү үхүүлээрэй. Машинаар хурдан явахад мэдрэх боломжгүй зүйлсийг олж чаддаг болохоор би алхаж явах дуртай.
Та хэзээ болих талаараа бодож байсан уу?
Уйдахаараа л болих байх даа. Гэвч уйдахааргүй олон хот орон дэлхийд байна шүү. Монголд л гэхэд би ирээд хэзээ ч төсөөлж чадахааргүй олон зүйлийг мэдэрсэндээ талархаж байна.
Монгол залууст хэлэхийг хүссэн үг танд байна уу?
Танай сайтыг голцуу залуус уншдагийг би дуулсан. Таарч ярилцсан ихэнх монгол залуус Монголоос явах хүсэлтэйгээ надад илэрхийлж байсан. Би ямар ч залуу хүнд дэлхийгээр битгий яв, газар бүү үз гэж зөвлөхгүй ч Монгол өөрөө дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц үзэсгэлэнтэй газар болохыг битгий мартаасай гэж хүсэж байна. Улс, соёл, уламжлал, байгаа хотоороо бахархаарай. Улаанбаатарын гэр хорооллын энгийн нэг хашаанууд нь ч урлагийн бүтээл мэт их гоо зүйтэй, өвөрмөц өнгөтэй, Улаанбаатарын гоо үзэсгэлэн нь гэр хороолол, граашууддаа оршдог мэт надад санагдсан.
Өнөөдөр л гэхэд тантай Нарантуул захаар явахад энэ граашуудын өнгө их таалагдлаа. Би хачин зүйлд татагдаж байна уу? Юмс хэрхэн бүтэж, өнөөгийн хэлбэр дүрсээ олсон нь сонирхолтой биш гэж үү?
Та одоо хаачих гэж байна?
Би маргааш Япон явна. Тэгээд хэсэг гэртээ харьж, аяллаа боловсруулна даа.
Ярилцсанд баярлалаа. Сайн яваарай.