UBLife Logo
Нийгэм

Беларусь мэргэжилтэн Монголын талаар

Беларусь мэргэжилтэн Монголын талаар

Беларусын Первомайская хэмээх хотын газар тариалангийн мэргэжилтэн Григорий Лаврусик Польш, Украин, Танзани, Монголд ажиллаж байсан хүн. Саяхан тэрээр Монголд очиж, ургацаа хураахад нь туслаад ирсэн юм. Монгол гэж ямар орон болох, тэнд ямар ажил хийсэн, юунд гайхсан зэргээ Григорий бидэнд ярьсан юм.

Першы Пінскі

Ажлын байр

-Хүн болгон намайг ажлын байрандаа яаж очсон бэ гэж гайхдаг. Эхлээд Москвад очно. Тэндээсээ онгоцоор Улаан-Үд ороод, автобусаар ажлын байрандаа хүрдэг. Энэ удаа харин ажил олгогчид маань Улаанбаатарт хүлээж байсан болохоор Улаан-Үдээс онгоцоор Монголд очлоо. Намайг урьдаг компани бол улсаас газар түрээсээр аваад хөдөө аж ахуй эрхэлж байгаа компани. 2013-2014 онд хов хоосон талд бид бүхэл бүтэн тэжээлийн үйлдвэр байгуулсан. Тус бүр 2,5 мянган тонн үр тариа хадгалах 4 цистерн, 1000 тонны нэг, 800 тонны нэг, нийт 6 цистернтэй. 

Ажилтнуудад зориулсан 4 давхар зочид буудал, дарга, вип зочдын 2 давхар буудалтай. Сауна, гал тогоо, хүлэмж бий. Манай бригад 20 хүнтэй байлаа. Явж, ирээд л хүмүүс солигдоод байна. Бүх машин, техник нь Хятадад үйлдвэрлэсэн. Манай комплексийн эргэн тойронд талбай. Хүчтэй салхитай тул анжсаар ухаж болохгүй, хөрс эвдэрнэ. Энэ жил манай компани улаан буудай, овъёос, арвай, рапс тариалсан. Цаг агаарын өөрчлөлт Монголд ч нөлөөлж байна. Өвөл нь цасгүй, -50 хэм хүйтэрдэг болсон. Тиймээс монголчууд шинэ сортын улаан буудай гаргахаар ажиллаж байна. 

Ажил

-Энэ жил намайг үйлдвэрийн тоног төхөөрөмж тавих ажлаар дуудсан. Цар тахлын улмаас хил хаагдаж, Хятадад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болоод байсан бол энэ жил хил нээгдээд бүгд хөдөлгөөнд орсон хэрэг. Надтай хамт Витебск хотын цахилгаанчин явсан. Бид хоёр ганц сарын дотор бүх техникийг шалгаж, тослоод ажилд бэлэн болгосон. Ургац хураалт эхлээд намайг үлдэж ажиллаач гэхээр нь шууд зөвшөөрсөн. Энэ жил гантай байсан тул ургац хураалт оройтсон. Би үр тариа хүлээн авч, хатааж цэвэрлээд, машинд ачуулах ажил хийж байлаа. Өндөрсгөсөн ачаатай машин 80 тонныг ачна. Гурилын үйлдвэрт чанартай тариа хэрэгтэй тул хэд хэдэн удаа сайтар шигшинэ. Ер нь үндсэн ажил маань компьютерийн ард өнгөрдөг ч надад нэг туслагч оноож өгсөн. 

Өглөө наймд эхлээд орой 18 цагт дуусна. Цаг агаар сайхан үед шөнийн 00 цаг хүртэл, тариа их үед өглөөний 03 хүртэл ажиллах үе байсан. Манай дэргэд өөр аж ахуй бий ч, манайх шиг том биш тул тэдэнд заримдаа тусална. Би захиралдаа тариагаа хавар хүртэл хадгалаад илүү үнэтэй зарахыг санал болгосон ч тарихаасаа өмнө зарчихсан гэж тэр хэлж байлаа. Ирэх жилээс манай компани Хятадад нийлүүлэх эмийн ургамал тариалах гэж байгаа. Коронагаас өмнө тарьж байсан юм.  

   

Цалин

Мэргэжлээсээ шалтгаалаад 1-3 мянган ам.долларын цалинтай. Мөн ажилласан цагаас хамаарна. Мэргэжилтэн нарт нэмэлттэй, заримдаа 4000 ам.доллар ч хүрнэ. Ирэх жил надад урамшуулал гэж цалинг 25 хувь нэмнэ гэсэн. 

Ан агнуурын диваажин

Энэ жил миний гайхлыг төрүүлсэн нэг зүйл ан амьтан хэт ихэссэн явдал байлаа. Энэ нь маш том асуудал. Галууны сүрэг суугаад нисэхэд л талбай тэр чигээрээ хар болдог. Галууг салют буудуулаад хөөнө. Энэ жил тогоруу ч маш их байна. Зээр бол тоогоо алдсан. 2016 онд би зээрийг алсаас л харж байсан бол энэ жил хэдэн мянгаараа ороод ирсэн. Ой хээрийн түймэр их байсан болохоор сүргээрээ нүүдэллээд энд ирээд үлдчихсэн. Талбайгаа төмөр тороор хашихгүй бол ургацаа алдана. 

Би анд явж, захирлынхаа буугаар нэг зээр агнасан. Газар дээр нь өвчиж, махыг нь авсан. Эврийг нь авах гэтэл хил гаргадаггүй гэнэ лээ. Чоно агнаад бас л махыг нь идэж байна лээ. Тиймээ, монголчууд чоно иддэг. Чонын мах идэхээр их хүчтэй болдог гэж итгэдэг юм. Би чонын мах идэхээс татгалзсан. Харин чонын соёо их үнэлэгддэг, Хятадад зардаг гэж байсан. Мөнгөөр өнгөлөөд хүзүүндээ зүүнэ. 

Өдрийн хоолонд тарвага

-Манайх хоёр тогоочтой. Бүх хоолоо тэндээ хийнэ, гаднаас ганцхан будаа л авдаг. Гурилаа өөрсдөө зуурна. Барьсан талх нь их амттай, яг Беларусын талх шиг. Монголчууд хонь, үхрийн мах голчлон хэрэглэнэ. Өвөл нь адууны мах иддэг, их илчлэг мах гэсэн. Монголчуудад нэгэн хачирхалтай заншил байдаг нь идсэн үхэрнийхээ ясыг цохиж хугалан өрсөлддөг. Ямар утгатайг нь би огт ойлгоогүй. 

Тарваганы мах идэж үзсэн. Улаан номонд орсон ховор амьтан ч агначихсан байлаа, магадгүй санамсаргүй тракторт дайруулсан байж ч мэднэ. Хаяж болохгүй, махыг нь иднэ. Гайгүй амттай ч  хүн болгонд тохирохгүй. Өнгөрсөн жил Ургацын баяраар гол дээр очиж, боодог, хорхог хийсэн. Яагаад халуун чулуу нэмж хийгээд байгааг би бас л ойлгоогүй. Энэ жил харин эрт харьсан болохоор Ургацын баярт оролцож амжаагүй.

Ундаа

-Давстай, сүүтэй цай. Надад бол таарахгүй ундаа байлаа. Монгол цагаан архи амссан, ер нь манай водкатай ижил. 18 градустай нэрмэл архи бас бий. Сулхан ч ямар нэг юмтай, шар айрагтай холиод уусан ч аюултай, тасална. Намайг нутаг буцахад архи бэлэглэсэн.

Монголчуудын сэтгэлгээ

-Монголчууд маш эелдэг, зочломтгой ард түмэн. Би гар утасны гүүгл орчуулгаар харьцдаг байлаа. Харин манай захирал оросоор сайн ярина. Яаманд ажиллаж байсан, Минскт ирж байсан хүн. Хүү нь ч бас орос хэлтэй. Монголд гадаад хэл гэж дунд сургуульд ихэнхдээ хятад хэл үздэг. Монголд Буддын шашинтай. Христын шашинтан байдаг ч цөөхөн. Монгол гэхээр мэдээж гэр. Гэрийн голд зуухтай, ихэвчлэн шороон шалтай. Гэрт малчид амьдарна. Монголчууд тоосгон байшинд дуртай. Гэхдээ хотод ч гэр бий. Тэд бясалгал хийх гэж гэртээ ордог байж болох юм.

Ажлын хариуцлага

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч монголчууд ажиллах дургүй. Надад 2-3 туслагч өгсөн. Би ажлаа яаж хийхийг биечлэн зааж өгдөг. Хүнд ажил биш, цэвэрлэх, шүүрдэх. Ганц цаг хийгээд дуусчих ажлыг тэд бүтэн өдөр хийнэ. Ямар ч хариуцлага байхгүй. Трактороор явж байтал эвдэрчихлээ гэж бодьё. Би тэр дороо буугаад л яаж засах вэ гээд санаа зовж эхэлнэ. Харин монголчуудад эвдрэх, зогсох ямар ч ялгаа байхгүй. Манай гараашт арван трактор байгаа. 

Гаднаас нь харахад шинэ ч нэг нь ч явдаггүй. Зарим нь дугуйгүй, зарим нь хаалгагүй. Энэ арваас ажилладаг нэг трактор босгож болно. Харин тэд эвдрэхээр нь тэр чигээр нь мартаж орхидог. Беларусьт ийм хандлага хэзээ ч байхгүй.

Машин, зам

-Монголд хятад, япон машин унадаг. Хотод гибрид машин олон ч сүүлийн үед цахилгаан машин хэрэглэх хандлагатай болсон. Хөдөө ланд машинууд 100 км/цагийн хурдтай давхиж харагддаг. Ер нь тэнд жийп хамгийн тохирсон унаа. Манай аймагт Хятадын газрын тосны олон компани үйл ажиллагаа явуулдаг тул засмал замтай. Нэг удаа Чойбалсан хот явж үзсэн. 300 км замаас 120 нь засмал, үлдсэн нь шороон зам. Харин Чойбалсангаас Улаанбаатар хүртэл засмал замтай. Шинэ юм шиг боловч зам нь аль хэдийнэ эвдэрсэн. Манай Беларусьт ядаж нөхөж тордох ч Монголд хэн ч тоохгүй. 

Хятадын зах зээл

-Монголчууд тэр чигээрээ айфон хэрэглэнэ. Баян болохоороо биш шинэ загвар гарахаар хуучнаа тушаагаад бага зэрэг мөнгө нэмээд шинийг авдаг. Улаанбаатарын зах дээр бүх бараа нь хятад, маш хямд. Хятадад цаасан мөнгө, банкны карт хэрэглэхээ больсон. Бүх худалдаа цахимаар явагддаг. Энэ тал дээр бид Хятадаас хол хоцорчээ. 

Зугаа цэнгэл

-Манай үйлдвэр Халхын голоос 30 км зайд байдаг. Хөшөө дурсгал, музей гээд тун сонирхолтой үзмэрүүдтэй. Өнгөрсөн зун бид Монгол, Хятадын хил дээр орших нуурын эрэг дээр амарсан. Манай компани тэнд зочид буудалтай. 

Ярилцлагынхаа төгсгөлд би түүнээс “Монголд амьдрах уу” гэж асуулаа. Григорий хэсэг бодсоноо “Үгүй. Хэрэв хамаатан садангүй ганцаараа бол бас яах вэ. Ажиллаж, аялна гэдэг өөр шүү дээ. Би Африкт дахиж очиж үзмээр байна. Би Монголд маш сайн ажилласан. Намайг ирэх жил ч ирэхийг урьсан. Гэхдээ гэртээ амьдрах л хамгийн сайхан шүү дээ. Би Беларусиас бүр мөсөн хэзээ ч явахгүй" гэж хариулсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.