Аргентины дараагийн Ерөнхийлөгч Хавьер Милей бол орчин үеийн хамгийн өвөрмөц, хачирхалтай улстөрчид зүй ёсоор тооцогдож байна. Сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа бэлгэ тэмдгээр Милей цахилгаан хөрөө сонгосон. Тэрээр энэ хөрөөгөөрөө бүх татвар, улсын зарлага, авлигыг таслан хаяж, Төв банк, шүүхээ татан буулгана гэж амласан. Ингээд этгээд энэхүү улстөрчийн хачирхалтай эшлэлүүдтэй танилцъя.
“Улстөрчид та нарыг арчлан хамгаална гэж бодож байна уу? Үгүй шүү, энэ чинь жаахан хүүхдээ гаж донтны гарт өгөхтэй л ижил”
“Би бүх татварын эсрэг хүн. Татвар бол биднээс хүчээр авдаг, дээрэм юм”
“Аргентиныг долларжуулах нь их амархан зүйл. Ингэснээр бид Сахарын цөлд хайлж буй мөс мэт алга болж байгаа песогийн дарангуйллаас салах болно”
"Манай улс баян гэж бодохоо болих хэрэгтэй. Байгалийн баялаг биднийг баян болгодоггүй. Японыг хар. Чулуунаас өөр юмгүй байж Япон баян орон”

“Надаас өөр зах зээл мэддэг хүн гэж үгүй”
“Мафи, төр засаг хоёрын аль нэгийг сонго гэвэл би мафийг сонгоно. Учир нь мафид нэр төр гэж бий, мафиуд захирагддаг, тэд худлаа ярьдаггүй, мафиуд хоорондоо өрсөлдөөнтэй”
“Аргентины бүх улстөрч Микки Маус болохыг мөрөөддөг. Яагаад гэвэл Микки Маус бол хүн болгонд хайрлагдсан, хөгийн мэрэгч юм”
“Миний хувьд Улс бол дайсан, Улсын мөнгөөр хүүдгэнэдэг улстөрчид ч бас дайсан”
“Улстөрчдийн давуу эрхийг устгахаар улс төрд ирсэн миний бие улс төрийн логикийн хувьд алдаа байх”

“Өнөөдрөөс эхлээд ихэнх аргентинчууд зовж байхад хэдхэн хүнд ашиг авчирдаг Улс, засаг төгсгөл болж байна”
“Шинжлэх ухаан хувийн секторын гарт үлдэх ёстой. Ингэж байж л эрдэмтэд бусдад чанартай бараагаар үйлчилж, өөрсдөө ч орлоготой байх юм”
“Авлигачдаа айцгаа. Миний эдийн засгийн төлөвлөгөөний нэрийг “Цахилгаан хөрөө” гэдэг”
“Миний анхны хувийн өмч бол миний бие байлаа. Яагаад би өмчөө зарцуулж болохгүй гэж? 7500 хүн эрхтэн хүлээн зовж байна гэдэг асуудал байгаа гэсэн үг. Бид энэ асуудлыг зах зээлийн аргаар шийднэ. Эрхтэн худалдаалах нь жирийн нэг зах зээл юм”

“Аргентинд байдал хүнд байна. Маш хурц өөрчлөлт хийх шаардлагатай. Энд бага багаар, тайван амгалан, дулаан сайхан гэсэн үгс хэрэггүй”
“Улстөрчид бол нийгмийн паразитууд. Ард түмэн тэднийг сайн харж, хянаж байх хэрэгтэй”
“Улстөрчид сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалдаггүй. Харин ч тэднийхээ толгойд буу тулгаад өөрийн тансаг амьдралынхаа зардлыг төлүүлдэг”
“Дэлхийн дулаарал бол шинэ марксистуудын сурталчилдаг социалист мэх заль юм”
“Дэлхийн төв банкнууд 4 хуваагддаг. Нэгт, АНУ-ын Холбооны нөөцийн систем шиг муу банк. Хоёрдугаарт, Латин Америкийн ихэнх банк шиг маш муу банк. Гуравдугаарт, хэт муу банк. Дөрөвт нь, Аргентины Төв банк”
“Би гадаад бодлогодоо социализмын эсрэг тэмцдэг АНУ, Израил шиг улсуудтай л харилцах бодлого барих болно”