Өчигдөр буюу 11 дүгээр сарын 26-нд монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийн баяраа тэмдэглэсэн билээ. ОХУ-ын Чита хотын захиргаанаас "Забайкалье” зочид буудлын барилгыг Монголын Төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж, монголчуудад баярын мэнд хүргэлээ.
Забайкалье хязгаарын Тэргүүн дэд сайд Марат Мирхайдаров “Өнөөдөр манай хөршүүд Үндэсний баяраа тэмдэглэж байна. Анд нөхдөдөө хүндэтгэл үзүүлж, бид энэхүү бэлгийг барьж байна. Монголчууд бол бидний хөршөөс гадна түнш, найз нөхөд юм. Ойрын үед Монгол Улс, манай хязгаарын хооронд соёл урлаг, спорт, эрүүлийг хамгаалахын салбарт улам хөгжих болно. Төлөвлөсөн арга хэмжээ их байна” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.