Дэлхийн температур дээд цэгтээ хүрч, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд дэлхийн өнцөг булан бүр дэх хүн амьтдад халтай нөлөө үзүүлсээр байна. Засгийн газрууд, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэн уур амьсгалын өөрчлөлтөд бодитой шийдэл гаргах зорилготой COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 28 дугаар Бага Хурал яг одоо Дубай хотод үргэлжилж буй. Энэ жилийн бага хурлаас онцлон юуг мэдэх хэрэгтэй вэ?
#1 COP28 бодит үйл хэрэг, шийдэл боловсруулан хэрэгжүүлэх зорилготой
Сүүлийн таван жилийн хугацаанд 1.59 тэрбум хүн цаг агаарын эрс тэс уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Цаг уурын өөрчлөлт та бидний өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг боловч хүн өөрийн биед онц ноцтой аюул мэдрэгдэхээс наана хайхрамжгүй ханддаг хэвээр. Манай улсад л гэхэд сүүлийн 80 гаруй жилд цаг агаар 2.4 градусаар дулаарч, хур тунадасны давтамж, хэмжээ багасчээ.
Тэгвэл COP28-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд бодит шийдэл гарган, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн бодит алхам хийх нь чухал юм.
#2 COP28-аар дараах гол асуудлуудыг хэлэлцэн шийдэл боловсруулна.
Агаарын температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл барих
2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын шингээлтийн зөрүүг тэг болгох
Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй ард иргэдийн дасан зохицоход тусламж үзүүлэх
2030 он гэхэд салхи, нар, ус, газрын гүний дулааны зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 3 дахин нэмэгдүүлэх
Уур амьсгалын өөрчлөлтөд шууд, хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйлсийг авч хэлэлцэх зэрэг юм.
#3 Дэлхийн газрын тос, байгалийн хийн хамгийн том экспортлогч орон Дубайд зохион байгуулагдаж байна
Жил бүр уг хэлэлцүүлгийг өндөр ач холбогдолтой газарт зохион байгуулахын эрмэлздэг бөгөөд энэ жил газрын тос, байгалийн хийн хамгийн том экспортлогч олборлогч, хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их хувь нэмэр оруулдаг Ойрхи Дорнодын бүс нутагт буюу Дубайд зохион байгуулж байна.
#4 COP28-т 196 орны 70 мянга гаруй төлөөлөл оролцож байна
НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн суурь конвенцод нэгдсэн гишүүн улс орнуудын төлөөлөл, бизнесийн удирдагч, цаг уурын судлаач эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, залуусын төлөөлөл зэрэг 70 мянга гаруй хүн нэг дор цуглан, дэлхийгээ аврахаар шийдэл боловсруулж байна.
#5 Монгол судлаач уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгч байна
Оксфордын их сургуулийн докторант Б.Маралаар ахлуулсан баг "Digital Twin 4 Tailing Dams" шинэлэг төслөөрөө COP28-ийн хүрээнд Дубайн гүнж Sheikha Latifa-гийн нэрэмжит шагналыг хүртлээ. Уг төсөл нь уул уурхайн хаягдлын далан гэх мэт томоохон дэд бүтэц сансраас хянах систем бие болгож буй өндөр ач холбогдолтой юм.
Мөн "НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран, "Уур амьсгалын залуу хэлэлцээрч" олон улсын хөтөлбөрийн оролцогч Б.Энхүүн, Б.Наранзаяа нар Монгол Улсаас шалгаран уг уур амьсгалын хэлэлцээрт оролцон, дуу хоолойгоо нэгтгэж байна.