12-р сарын 7-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө Ургацын баярт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөсөн билээ.
Эл барилдааны хоёрын даваанд оноолт таарсан улсын заан Б.Серик, сумын заан А.Тодмагнай нарын барилдаан багагүй шүүмжлэлд өртөөд байсан билээ.
Учир нь Б.Серик өрсөлдөгч бөхөө хаясныхаа дараагаар хүзүү шанаан дээр нь хүчтэй тулж боссон нь үзэгчдийг бухимдуулсан.
Харин Б.Серик өөрийн цахим хуудаснаа "Өнөөдрийн барилдааны үеэр үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна, зүй бус үйлдэлдээ. Бөхийн холбооноос гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" хэмээн бичсэн билээ.
Өнөөдөр "Алтан цом"-д зодоглохоор ирсэн Б.Серикийг Үндэсний бөхийн холбооны нэг жил барилдуулахгүй гэсэн хатуу шийдвэр угтсан юм.
Харин эл шийтгэлийг улсын аварга О.Хангай шүүмжилж "Арай хатуудсан шийдвэр" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ. "Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн Ж.Нурбек мөн уг шийтгэлийг үндэслэлгүй хэмээн үзэж, үүний эсрэг гомдол гаргана гэж мэдэгдээд байна.